Дэлхийн хөрөнгийн зах зээл таван их наяд ам.долларын алдагдал хүлээв

Дэлхийн хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт дахиад л “сандрав”. 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн “муу” долоо хоног өнгөрсөн учраас ийн хэлсэн хэрэг. “Reuters” агентлагийн мэдээлснээр энэ хугацаанд дэлхийн хөрөнгийн зах зээл таван их наяд ам.долларын алдагдал хүлээжээ. Үүний 3.18 их наяд нь АНУ-ын хөрөнгийн зах зээлд ногдсоныг CNBC уламжлав. Тухайлбал, АНУ-ын томоохон 500 компанийн хувьцааны ханшийг илтгэдэг S&P индекс баасан гарагт багагүй доошилж, үнэлгээ нь 203 тэрбум ам.доллароор буурчээ. Улмаар өнгөрсөн сарын 19-нөөс хойш нийт 3.58 их наяд “ногоон”-оор багассан байна. Мөн “Dow Jones” индекс баасан гарагт 1200 орчим нэгжээр доошилсон юм. Ингэснээр даваа гаргаас хойш бараг 3500 нэгжээр доошилсон үзүүлэлт гарснаар 2008 оноос хойш байгаагүйгээр буурлаа. Тэгвэл Японы “Nikkei” баасан гарагт 3.67, Хонконгийн “Hang Seng” 2.4, Хятадын “Shanghai composite” индекс 3.71 хувиар буурсныг forbes.com-д бичжээ. Түүнчлэн Английн “FTSE 100” индекс 3.3, Германы DAX 3.6 хувиар уруудлаа. Европын “Stoxx 600” индекс өмнөх долоо хоногт мөн л 2008 оны санхүүгийн хямралаас хойш байгаагүй өндөр хувиар доошлов. Иймээс ч зарим шинжээч “Маш тодорхойгүй цаг үе тохиож байна. Зах зээл “сандарч”, үүнийг хэрхэн шийдвэрлэхийг хэн ч мэдэхгүй байна” хэмээн тэмдэглэж буй биз. Коронавирус тархсан улс орнуудын тоо нэмэгдэж буйтай энэ нь холбоотой юм.

БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын PMI индекс өнгөрсөн хоёрдугаар сард 35.7 болж буурсныг бямба гарагт мэдээлснийг “Bloomberg” дамжуулав. Энэ нь таамагласнаас нь доогуур үзүүлэлт гэдгийг эдийн засагчид тодотгожээ. 2008 оны санхүүгийн хямралын үед дээрх тоо 38.8 байсан аж. Гэхдээ уг индекс энэ сард бага зэрэг өсөж магадгүй гэж зарим шинжээч таамаглаж буйг тэмдэглэх хэрэгтэй. Өнгөрсөн баасан гарагт Шанхай, Шэньжэний биржид бүртгэлтэй, Хятадын томоохон 300 фирмийн хувьцааны ханш тав гаруй хувиар уруудсан нь 2019 оны дөрөвдүгээр сараас хойш байгаагүй өндөр дүн болсон. “Macquarie securities” компанийн Судалгааны хэлтсийн дарга Ларри Ху “Хятадын эдийн засагт коронавирус үлэмж муугаар нөлөөлж, богино хугацаанд төлөв нь тун тааруу байхаар тооцсон” хэмээн өгүүлжээ. Зарим эдийн засагч урд хөршийн эдийн засгийг энэ улиралд 4.3 хувиар өснө гэж таамагласныг “Bloomberg” мөн дурдсан байв. Бас БНХАУ-ын эдийн засаг тогтворжиж эхэлж байгаа гэж үзэх шинжээч байгааг ч тэмдэглэжээ. Хөрөнгө оруулалтын менежментийн PIMCO компанийн менежер Никола Май, эдийн засагч Тиффани Вайлдинг нар “Хятадын эдийн засгийн “идэвх” сулрах нь маш олон орноос тус улсад нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээг шууд буурахад хүргэнэ” гэж бичсэн байв. Тэд АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 50 хүртэлх суурь нэгжээр бууруулах магадлалтай хэмээн үзэж буй. Бас Европын Төвбанк бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргаж магадгүй аж. Үнэхээр ч АНУ-ын Төвбанкны тэргүүн Жером Пауэлл өнгөрсөн баасан гарагт мэдэгдэл хийх үеэрээ хэрэв шаардлагатай бол бодлогын хүүг бууруулахаа илэрхийлсэн хэмээн “Wall street journal” уламжлав. Эдгээр нь дэлхийн

хамгийн том эдийн засагтай хоёр орон билээ. Ерөөс бөмбөрцгийн эдийн засаг энэ оны эхний хоёр улиралд агших нь тодорхой гэж “Goldman sachs”-ынхан үзэж байна. Цөөн жишээ дурдахад, “Италийг зорих жуулчдын тоо цөөрч байгаагаас шалтгаалж зочид буудал, ресторануудын, ер нь аялал жуулчлалын салбараас олох орлого нь буурч байна” хэмээн “Oxford economics” байгууллагын ахлах эдийн засагч Никола Нобиле тэмдэглэжээ. Түүнчлэн Францын Сангийн сайд CNBC-д ярилцлага өгөхдөө “Францын аялал жуулчлалын салбарт коронавирус хэдийн “сүүдрээ” тусгаж эхэлсэн” хэмээн дурдаад, тус улсыг зорих жуулчдын тоо 30 гаруй хувиар цөөрсөн гэж таамаглаж буйгаа тэмдэглэжээ. Олон улсын агаарын тээврийн байгууллагын урьдчилан тооцоолсноор Ази, Номхон далайн бүс нутаг руу нислэг үйлддэг компаниуд энэ онд 27.8 тэрбум ам.долларын (25 тэрбум евро) алдагдал хүлээж болзошгүй гэнэ. Макаод казинонуудыг 15 хоног хаасны дараа нээсэн ч үйлчлүүлэгч маш цөөн байгаа гэнэ. Тэндхийн казиногийн орлого хоёрдугаар сард өмнөх жилийн мөн үеийнхээс 87.8 хувиар багасаж, 386.5 сая ам.доллар болсныг “Bloomberg” өчигдөр мэдээллээ. Ташрамд дурдахад, ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулахаар болжээ.

Хөрөнгийн зах зээлийн хувьд ийн “хар” өдрүүд өнгөрч буй бол коронавирусийн тархалт тавааруудын ханшид мөн ихээхэн нөлөөлж байгааг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолсоор байна. Тухайлбал, унци алтны үнэ өнгөрсөн долоо хоногийн эхээр 1689 ам.доллар болж, сүүлийн долоон жилийнхээ дээд түвшинд хүрсэн юм. Дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал нэмэгдэхэд найдвартайд тооцогддог алтны эрэлт, үнэ өсдөг учраас тэр. “BullionVault” онлайн худалдааны платформын Судалгааны хэлтсийн захирал Адриан Аш “Улс орнуудад коронавирус тархсаар буй нь айдаст автуулж, хөрөнгө оруулагч, менежерүүдийн алт худалдан авах сонирхол нэмэгдэхэд нөлөөлж байгаа” хэмээн өгүүлснийг “Financial times” эш татжээ. Тэрбээр сүүлийн 12 долоо хоногийн 10-т нь шар металлын үнэ өссөн статистик гарсныг тэмдэглэсэн байна. Шинжээчдийн олонх нь алтны ханш богино хугацаанд үргэлжлэн өссөөр байна хэмээн таамаглаж буй аж. Харин суурь металлын нэг болох хөнгөн цагааны ханш сүүлийн нэг жил гаруйн доод түвшинд хүрснийг “Reuters” дамжуулав. Тодруулбал, Шанхайн фьючерсийн биржид тонн хөнгөн цагааны ханш 13 220 юаньтай (1885 ам.доллар) тэнцсэн нь 2019 оны хоёрдугаар сарын 15-наас хойших доод түвшинд тооцогдов. Уг таваарын хамгийн том хэрэглэгч нь БНХАУ бөгөөд эрэлт нь багасна гэсэн хүлээлт хэдийн бий болжээ. Дэлхийн зэсийн эрэлтийн бараг тал хувь урд хөршид ногддог тул ханш нь үргэлжлэн хямдарсаар байгаа юм.

Европын Холбооны эдийн засгийн төлөөлөгч Паоло Жентилони “Вирус үргэлжлэн тархвал дэлхийн эдийн засагт муугаар нөлөөлсөөр байх болно. Өдгөө дэлхийн эдийн засагт БНХАУ-ынх маш ихээр нөлөөлөх болж, томорсон. 2003 онд буюу SARS тархах үед дэлхийн эдийн засгийн дөрвөн хувь нь БНХАУ-д ногдож байсан бол өдгөө энэ тоо бараг 18-д хүрсэн” гэжээ. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай гэх тодотголтой БНХАУ болон бусад оронд коронавирус ийн нөлөөлсөөр байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)