Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргахаа мэдэгдэв

БНХАУ-аас импортолж буй 16 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд АНУ нэмэлт татвар ногдуулсантай холбогдуулан Худалдааны хуулийн 301 дүгээр зүйл заалтын дагуу Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргана гэж Хятадын худалдааны яам мэдэгдэв. “БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд АНУ татвар ногдуулсан нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмыг зөрчсөн үйлдэл. Энэ арга хэмжээг БНХАУ эрс эсэргүүцэж байгаа бөгөөд шаардлагатай хариу арга хэмжээг авна” гэж уг мэдэгдэлд дурджээ.

Тус хоёр улс харилцан нийлүүлдэг 16 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах болсон билээ. Улмаар одоо татваргүй байгаа 50 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд харилцан татвар ногдуулахаар төлөвлөсөн байна. Дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болох Америк, Хятадын хооронд долдугаар сараас хойш үүсээд буй худалдааны дайны улмаас тус орнуудын олон компани болон бусад улс ихээхэн хохирол амсахад хүрчээ. БНХАУ-ын албаны хүмүүс энэ асуудлаар хэлэлцээ хийхээр Вашингтон хотод ирсэн энэ үед татвар ногдуулах арга хэмжээ хүчин төгөлдөр болсон байна.

БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнээс татвар авах шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд химийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, мотоцикл болон антенн зэрэг 280 гаруй бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулжээ. Үүний хариуд Хятад улс АНУ-аас импортолдог 16 тэрбум долларын нүүрс, эмнэлгийн хэрэгсэл, машин, автобус зэрэг бараа бүтээгдэхүүнд мөн 25 хувийн татвар ногдуулах болсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)