Дэлхийн хамгийн хамгийн...

“Рио-2016” олимпын наадамд 206 улс оролцов

Зуны олимпын XXXI наадам наймдугаар сарын 5-21-нд Бразил улсад боллоо. Энэ нь Өмнөд Америкт болсон анхны олимпын тоглолт юм. Тус наадмаар түүхэндээ хамгийн олон буюу 206 улс оролцож, 306 багц медаль гардуулсан бөгөөд Косово болон Өмнөд Судан улс анх удаа тамирчдаа илгээсэн билээ.

Шумуулаар дамждаг зика вирус тархаж, эдийн засгийн хямрал улам даамжран, төсвийн мөнгийг зориулалт бусаар ашигласан гэж Ерөнхийлөгч Дилма Руссеффыг огцруулах асуудал хөндөгдөж байсан хэдий ч Өмнөд Америкийн 200 сая гаруй хүн амтай Бразил улс олимпын наадмыг амжилттай зохион байгуулсан юм.

“Рио-2016” наадамд нийт 10.500 гаруй тамирчин оролцжээ. АНУ-ын баг тамирчид 121 медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол, БНХАУ 70 медалиар дэд, Их Британи 67 медалиар гутгаар байр эзэлсэн. Харин Орос, Герман, Франц, Япон, Австрали, Итали болон Өмнөд Солонгосын баг тамирчид медалийн тоогоор эхний аравт багтсан юм.

Төрөөс санхүүжүүлсэн сэргээшийн хөтөлбөрт тамирчид нь хамрагдсан гэсэн шалтгаанаар эрхийг нь хассан учир Оросын хөнгөн атлетикийн баг тамирчид олимпын наадамд оролцоогүй билээ.

Хагас зуун жил үргэлжилсэн иргэний дайн дууслаа

Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос болон “Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин-Ардын арми” (FARC-EP) босогчдын бүлэглэлийн удирдагч Тимолеонт Хименес нар есдүгээр сарын 26-нд Картегана хотод энхийн гэрээнд гарын үсэг зурснаар тус улсад 52 жил үргэлжилсэн иргэний дайн дуусав. Энэ нь дэлхийн бөмбөрцгийн баруун тал хагасын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн мөргөлдөөн байсан юм.

Сөргөлдөгч талууд Кубын нийслэл Гаванна хотод дөрвөн жил хэлэлцээ хийсний дүнд уг гэрээг байгуулав. Уг баримт бичигт орон нутгийн хөгжил, улс төр дэх “Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин-Ардын арми”-ийн оролцоо, зөрчил мөргөлдөөнийг эцэслэх, мансууруулах бодис хууль бусаар наймаалагчидтай тэмцэх болон хохирогчдод нөхөн төлбөр олгох гэсэн таван зүйл заалтыг тусгажээ.

1960-аад оны үед газар өмчлөх эрхийн маргаанаас үүдэн бослого гарч, Колумбын Засгийн газар болон “FARC-EP” бүлэглэлийн хооронд дэгдсэн зэвсэгт мөргөлдөөн 220 мянган хүний аминд хүрч, зургаан сая хүн орон гэрээсээ дүрвэхэд хүрсэн юм.

Иргэний дайнаа зогсоох талаар гаргасан хүчин зүтгэлийг нь үнэлэн, Колумбын Ерөнхийлөгчид энэ оны Нобелийн энх тайвны шагнал олгосныг тэрбээр саяхан гардаж авсан билээ. Шагналын найм сая крон буюу 925 мянган ам.долларыг иргэний дайнд хохирсон хүмүүст хандивлахаа Хуан Мануэль Сантос мэдэгджээ.

БНАСАУ-д хатуу хориг арга хэмжээ авчээ

БНАСАУ баллистик пуужин харваж, хиймэл дагуултай зөөгч пуужин амжилттай хөөргөснөө мэдэгдсээр байна. Харин есдүгээр сард цөмийн тав дахь туршилтаа хийснийх нь дараа өөр аль нэг улсад хамааруулан урьд өмнө нь гаргаж байгаагүй хатуу тогтоолыг тус улсад зориулж НҮБ-ын Аюулгүйн зөвлөл арваннэгдүгээр сарын 30-нд батлав.

Уг баримт бичигт НҮБ-ын гишүүн улсуудад БНАСАУ-аас жилд 7.5 сая тонн буюу 400 сая ам.доллароос давсан үнэтэй нүүрс авахыг хоригложээ. Энэ нь одоо тус улсаас импортолж байгаа нүүрсний тал хүрэхгүй хувь юм. Тэрчлэн мөнгө, зэс, никель зэрэг ашигт малтмал импортлохыг ч хориглосон байна. Ингэснээр тус улсын гадаад валютаас олдог орлогын хэмжээ жилд 800 сая ам.доллароор буюу бараг 25 хувиар буурна хэмээн тооцоолжээ.

АНУ-ын шинэ Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдов

АНУ-ын сонгуулийн түүхэн дэх хамгийн баян нэр дэвшигч, тэрбумтан Дональд Трамп тус улсын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдов.

Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Д.Трамп, түүний багийг Оросын Засгийн газартай холбоотой, сонгуулийн явцад нөлөөлсөн хэмээн сонгогчид эсэргүүцлийн жагсаал, цуглаан идэвхтэй өрнүүлсэн. Гэсэн ч тэрбээр Техас муж улсад болсон төлөөлөн сонгогчдын сүүлчийн санал хураалтад ялж, нийт 304 санал авсан үзүүлэлтээр маргаангүй ялагч болохоо нотолсон байна. Түүний өрсөлдөгч, Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон 227 санал авчээ.

Д.Трамп хууль бус цагаачдыг АНУ-аас хөөн гаргаж, терроризмоос сэргийлэх үүднээс исламын шашинтнуудыг улсдаа нэвтрүүлэхгүй байх, ажлын байрыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэрийдлээр гаргадаг асар их зардлыг танах, Номхон далай дамнасан түншлэлийн гэрээнээс улсаа гаргах зэрэг амлалт өгсөн юм. Тэрбээр ирэх оны нэгдүгээр сарын 20-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөнө.

Парисын хэлэлцээр хүчин төгөлдөр боллоо

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээр арваннэгдүгээр сарын 4-нд хүчин төгөлдөр боллоо. Энэ хэлэлцээр 2020 онд хугацаа нь дуусах Киотогийн протоколын халааг авах ёстой. Дэлхийн хүлэмжийн хийн 55-аас дээш хувь нь ногддог 55 улс баталснаар уг баримт бичиг хүчин төгөлдөр болсон юм.

Уг хэлэлцээрийг хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад чиглэсэн олон улсын хүчин чармайлтын хүрээнд өнгөрсөн онд Францын нийслэл Парис хотноо хуралдсан уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурлын үеэр 195 улс болон засаг захиргааны тусгай бүсийн оролцоотойгоор байгуулсан билээ. Тэд 2100 он гэхэд манай гаригийн агаарын дундаж температурын өсөлтийг Цельсийн хоёр хэмээс бага хэмд байлгах, үйлдвэржилтийн эриний өмнөх түвшинд байлгахаар тохиролцжээ.

“Исламын улс” олон халдлага үйлджээ

Хамгийн түрүүнд гуравдугаар сарын 22-нд Бельгийн нийслэл Брюссель хотын нисэх онгоцны буудал болон метроны өртөөнд “Исламын улс” бүлэглэлийн амиа золиослогчид халдлага үйлдэв. Эдгээр халдлагад 38 хүний амь эрсдэж, 340 гаруй хүн шархаджээ. Зургадугаар сарын 28- нд Туркийн Истанбул хотын Ататуркийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд террорист халдлага үйлдсэний улмаас 45 хүн амиа алдаж, 230 гаруй хүн шархадсанд дээрх бүлэглэлийг сэжиглэсэн.

Долдугаар сарын 24-нд Францад үндэсний баяр Бастилийн өдрийг тэмдэглэхээр цугласан хүмүүсийг тус бүлэглэлийн гишүүн ачааны машинаар дайрч, 86 хүнийг егүүтгэж, 308 хүнийг гэмтээсэн байна. Хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 19-нд Туркт суугаа ОХУ-ын Элчин сайд Андрей Карлов амь үрэгдэв.

Түүний аминд халдсан Туркийн тусгай албаны цагдаа “Исламын улс”-тай хамтран ажилладаг босогчдын бүлэглэлтэй холбоотой байсан гэсэн таамаг дэвшүүлжээ. Мөн Германы Берлин хотод Зул сарын баярт зориулан нээсэн зах дээр цугласан хүмүүс рүү том оврын ачааны машинаар дайран орж, 12 хүнийг бүрэлгэсэн этгээд “Исламын улс”- ын гишүүн байв.

Их Британи Европын холбооноос гарахаар шийдлээ

Их Британи Европын холбооноос гарах, эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга зургадугаар сарын 23-нд боллоо.

Санал асуулгад оролцогчдын 51.9 хувь нь гарахыг дэмжсэн бол 48.1 хувь нь Европын холбоонд үлдэх хүсэлтэй байсан юм. Ингэснээр тус улс Европын холбооноос гарахаар шийдсэн анхны улс болсон билээ. Тус холбооноос албан ёсоор гарах асуудлаарх хэлэлцээг хоёр жилийн дотор хийж дуусгах ёстой. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Европын холбооноос гарах асуудлаарх хэлэлцээг ирэх оны гуравдугаар сард хийснээр тус улс Европын холбооноос албан ёсоор гарна.

АНУ, Кубын харилцаа сэргэв

Хоёр орон хоорондоо дайсагнахад хүргэсэн 1959 оны Кубын хувьсгалаас хойш анх удаа тус улсад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама айлчлав. Түүнээс өмнө 1928 онд Америкийн Ерөнхийлөгч Калвин Кулиж Кубад айлчилж байжээ. Б.Обама Кубын Төрийн тэргүүн Рауль Кастротой уулзаж, тус улсад худалдаа, улс төрийн шинэчлэл хийх асуудлыг хэлэлцсэн юм. Кубатай харилцаагаа хэвийн болгохын тулд хүчин чармайлт гаргана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2014 оны арванхоёрдугаар сард мэдэгдсэнээс хойш хоёр орны харилцаанд дэвшил гарсаар байна.

АНУ-Кубын харилцааг сэргээн бэхжүүлэхэд хүний эрх болон ардчиллын талаарх санал зөрөлдөөн саад тотгор болсоор байна гэж Б.Обама мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Кубын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах боловч бүрмөсөн цуцлах, эсэх нь хоёр тал санал зөрөлдөөнөө хэр богино хугацаанд даван туулахаас шалтгаалах ажээ.

Төрийн тэргүүн нарт ээлгүй жил

Бразилын Ерөнхийлөгч Дилма Руссеффийг авлигын хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр дөрөвдүгээр сарын 17-нд парламентын доод танхимд санал хураалт явуулж, гишүүдийн гуравны хоёроос илүү хувь нь түүнд итгэл үл үзүүлсэн юм. Дараа нь дээд танхимын гишүүдийн 55 нь уг шийдвэрийг дэмжиж, 22 нь эсэргүүцсэн байна. Ингээд хуулийн дагуу түүнийг албан тушаалаас нь 180 хоногийн хугацаатай түдгэлзүүлсэн. Харин наймдугаар сарын 31-нд тус улсын парламентын дээд танхимын Тусгай комиссын шийдвэрийг үндэслэн Дилма Руссеффийг Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулсан билээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ дотнын найз нь холбогдсон авлигын дуулиант хэрэгт холбоотой хэмээн прокурорууд нь мэдэгдсэний дараа тус улсын парламент арванхоёрдугаар сарын 9-нд санал хураалт явуулж, түүнд итгэл үл үзүүлснээр албан тушаалаас нь түдгэлзүүлэв. Парламентын 300 гишүүний 234 нь Пак Гын Хэг албан тушаалаас нь түдгэлзүүлэх саналыг дэмжиж, 56 депутат эсэргүүцсэн бол хоёр гишүүн түдгэлзэж, саналын найман хуудсыг хүчингүйд тооцжээ. Одоо тус улсын Үндсэн хуулийн шүүх албан тушаалаас нь бүрмөсөн огцруулах, эсэх шийдвэрийг 180 хоногийн дотор гаргах юм.

Узбекистаны анхны Ерөнхийлөгч Руслан Каримов, Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро нар улиран одож буй онд таалал төгслөө.

Туркт өргөн хүрээг хамарсан “цэвэрлэгээ” хийлээ

Туркт долдугаар сарын 15-16-нд төрийн эргэлт хийх гэсэн оролдлого амжилтгүй болж, 294 хүн амиа алдаж, 1440 хүн шархадсан билээ. Үүний дараа төрийн албан хаагч, сэтгүүлч, шүүгч, цэрэг, цагдаа, багш нар гээд өргөн хүрээг хамарсан “цэвэрлэгээ” эхэлсэн. Нийт 76 мянга гаруй хүн ажилгүй болжээ.

Гэнэтийн эл үйл явдлыг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан “өнгөт хувьсгал” хэмээн америкчуудаар нэрлүүлээгүй төдийгүй ОХУ-ын талд ашигтайгаар эргүүлэх замаар тус улстай харилцаагаа сэргээж, улмаар Сирийн талаар харилцан буулт хийх боломж бий болгосон юм.

Тэрчлэн төрийн эргэлт хийх гэсэн бүтэлгүй оролдлогыг Эрдоан өөрийг нь тойрон хүрээлсэн, нийгмийн тодорхой давхарга үүсгэхэд ашиглан, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах, Ерөнхийлөгчийн засаглалтай болох зэрэг шинэчлэл хийх боломж бүрдэж байна. Улмаар улс орноо исламын бүгд найрамдах улс болгох нөхцөл бүрджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)