Дэлхийн хамгийн мөрөөдлийн 10 ажил

Ихэнх ажил олгогчид чадварлаг ажилтан, хамт олноос илүү олох орлогоо чухалчилдаг байж магадгүй. Гэвч тэд амжилтын нууцаас бага мэддэг бололтой. Бизнесийн амжилтын гол нууц нь ажилтнуудын ажилдаа сэтгэлээсээ хандах сэтгэлгээ. Үүнийг ойлгосон удирдлагуудын 10 жишээг танд хүргэе.

Чатри Ситиодтонг жил бүр 100 ажилтнаа Малдивт амраадаг

Холимог тулааны Азийн хамгийн том холбоо болох "One Championship"-ийг үүсгэн байгуулагч, "Evolve"-гийн гүйцэтгэх захирал, Тайланд, Японоос гаралтай Чатри Ситиодтонг жил бүр 100 ажилтнаа Малдивийн аралд амраасан юм. Үүний тулд 400 мянган евро зарцуулжээ. Гэхдээ Чатригийн ажилтнууд анх удаа ийн аялсан хэрэг биш бөгөөд тэд өмнө нь ч ийм аялалд явж байв. Гэхдээ ажилтнууд нь яг хаашаа явахаа мэддэггүй бөгөөд тэдний хувьд ганц мэдэх зүйл нь таван одтой тансаг зочид буудалд байрлах гэнэ.

Шотландын шар айраг үйлдвэрлэгч компанийн онцгой амралт

Шотландын шар айрагны компани ажилтнууддаа онцгой амралт өгдөг. Эхэндээ бүх ажилтнууд шинээр гэр бүлийн гишүүн нь болсон нохойндоо цаг гаргахын тулд ажил дээрээ авчрах зөвшөөрөлтэй байлаа. Харин одоо шинэ найзаа асрахын тулд цалинтай чөлөө олгодог аж.

Дан Прайсын талархал

"Gravity Payments"-ийг үүсгэн байгуулагч Дан Прайс ажилтнууддаа талархал болгож, өөрийн орлогоо бусадтай хуваалцсан түүхтэй. Түүний ачаар бүх ажилтнууд нь жилийн 70 мянган ам.долларын цалин авсан юм. 

Ажилчид нь ч түүнд хариуг нь барьсан билээ. Тэд зургаан сарын цалингаа хуримтлуулж, ажлын өдрөөр даргадаа электрон машин бэлэглэж байв.

Савжи Долакиагийн төлөвлөгөө

Харе Кришна Энэтхэгийн хэдэн зуун ажилтантай томоохон групп. Очир алмааз олборлодог тус группийн захирал Савжи Долакиа ч бас тун өгөөмөр нэгэн. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард энэ эр хамгийн итгэлтэй, туршлагатай ажилтнууддаа 1260 автомашин, 400 байр бэлэглэсэн билээ. Тэрбээр ирэх таван жилийн хугацаанд бүх ажилтнаа байртай, машинтай болгох төлөвлөгөөтэй. 

Ийм өгөөмөр саятны хүү байх харин хэцүү гэнэ. Тэрбээр хүүгээ туршлага суулгахын тулд жижиг хот руу хөөж, сард цалин хэмээн ердөө 7000 рупе буюу 108 доллар л өгдөг аж.

Стефан Сагмейстерийн халамж

График дизайнерийн мэргэжилтэй, "Sagmeister & Walsh" компанийг үүсгэн байгуулагч Стефан Сагмейстер хангалттай сайн амарч чадахгүй бол хүссэн хэмжээндээ ажиллахад хүндрэлтэй гэж үздэг. Стефан өөрийнхөө амралтыг ашиглаж, дэлхий даяар тойрч аялсан бөгөөд үүнийхээ дараа маш олон шинэ санаа, шинэлэг бүтээлтэй эргэн ажилдаа орсон аж. Тиймээс Стефан долоон жил ажиллаж буй ажилтнууддаа бүтэн жилийн цалинтай чөлөө олгох шинэ арга хэрэгжүүлэхээр шийдсэн юм.

Бөмбөлөгтэй оффис

Өглөө босоод ажилдаа ирэхэд оффис тань тэр чигтээ бөмбөлөгтэй болсон байвал ямар вэ? Английн Манчестер хотод байршилтай "Invasion" компанийн захирал Лий МакАтеер болон түүний туслахууд шөнийн гурван цагаас хойш өглөө найм хүртэл маш завгүй байж, 250 мянган бөмбөлөг оффис руу оруулж, ажилтнууддаа гэнэтийн бэлэг барьсан юм. 

Найз залуудаа хаягдсан бол...

"Hime & Co" компани эмэгтэйчүүдэд онцгой анхаардаг. Дөнгөж 20 орчим насны залуу бүсгүйчүүд найз залуудаа хаягдсан бол ганц л өдрийн чөлөө олгодог гэнэ. Хэрвээ 25-аас дээш насны бүсгүй бол хоёр, 30+ бол гурван өдрийн чөлөө өгдөг. 

Компанийн удирдлагууд ахимаг насны бүсгүйчүүд салалтыг ноцтойгоор хүлээн авдаг гэж үздэг. Гэхдээ энэ бол тус компанийн зүгээс ажилтнууддаа өгч буй цор ганц халамж бас биш. Улирлын хямдралын үе таарвал ажилтнууд нь хагас өдрийн чөлөө аваад дэлгүүр хэсэх давуу эрхтэй.

Тансаг өдрийн хоол

Програм хангамжийн "Asana" компани 240 ажилтантай. Тус компанийн удирдлагууд эрүүл хоол бол амжилтын үндэс гэж үздэг тул бүх ажилтнуудын өдрийн хоол тансаг зэрэглэлийн ресторанаас ч дутахгүй. Тэд өдөр бүр дээд зэрэглэлийн тогоочийн хийсэн хоол идэж, ажилтнууддаа үнэгүй шоколад өгдөг онцлогтой.

Ажлаасаа хоцорвол машинтай болно

Вероника Солис хэмээх бүсгүй хамгийн азтай хувийн тогооч, туслагч гэж хэлж болно. Хорт хавдрыг ялж, амьдралд бууж өгөөгүй энэ бүсгүй нэг өдөр даргаасаа өөрийнх нь оронд шинэ хүн ажилд авахыг санал болгосон гэдэг. Учир нь тэрбээр ажилдаа нийтийн тээврээр явдаг тул ажилдаа цагтаа ирэхэд хүндрэлтэй байгаа талаар ярьсан юм. Харин түүний дарга Алекс Риос асуудлыг хялбархан шийдчихсэн. Тэр шинэ ажилтан бус харин шинэ машин худалдаж авахаар шийдсэн аж.

Сэтгүүлч Стэси Томпсон бодибилдингийн тамирчин Флекс Льюсээс ярилцлага авч буй нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)