Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “ХАЯГДАЛ УСНЫ МЕНЕЖМЕНТ” арга хэмжээг зохион байгуулна

1993 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий чуулганаас жил бүрийн гурав сарын 22-ны өдрийг Дэлхийн Усны Өдөр болгон тэмдэглэж байхаар тунхагласан. 2016 оны Дэлхийн усны өдрийг “Ус ба ажлын байр” сэдвийн хүрээнд тэмдэглэж байсан бол энэ жил “Хаягдал ус” сэдвийн дор тэмдэглэнэ.

Усны хомсдол нь улс орнуудад тулгамдаж буй асуудлын нэг юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ялангуяа хуурай болон хагас хуурай бүс нутагт усны хомсдол улам бүр ихсэж байна. Үүний зэрэгцээ дэлхий даяар хүн төрөлхтний суурин амьдрал, аж үйлдвэрээс гарч буй хаягдал усны 80-аас илүү хувь нь хэрэглэгдэхгүй хаягдаж байна. Бид үүнийг өөрчилж энэхүү үнэт нөөцийг үр ашигтайгаар зарцуулах, дахин хэрэглэх арга замаар 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн “Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах” тухай  6 дугаар зорилгыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах шаардлагатай юм.

Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-ийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Монголын үндэсний хороо, МУБИС-ийн Газарзүйн тэнхим хамтран “ХАЯГДАЛ УСНЫ МЕНЕЖМЕНТ” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал болон ЕБС-ийн сурагчдын өдөрлөг арга хэмжээ МУБИС-ын В байрны 123 тоот хурлын танхимд 13.30-18.00 цагийн хооронд болно.  Эдгээр арга хэмжээний хүрээнд ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Ирина Боковагийн Дэлхийн усны өдөрт зориулсан илгээлтийг оролцогчдод хүргэхээс гадна Дэлхийн усны хөгжлийн 2017 оны тайлангийн албан ёсны нээлтийг хийх бөгөөд тус тайланг БОАЖЯ болон их, дээд сургуулиудын төлөөлөгчдөд гардуулах ажиллагаа болно.

2000 оны НҮБ-ын Мянганы тунхаглалын үеэр Дэлхийн усны хөгжлийн тайланг гаргаж байхаар шийдвэрлэж түүнээс хойш н 3 жил тутам гаргадаг байсан тайланг 2012 оны эхээр явуулсан судалгааны үр дүнд жил болгон гаргах нь илүү өгөөжтэй хэмээх дүгнэлтэд хүрч уг тайланг жил бүр гаргаж нээлтийн ажиллагааг  Дэлхийн усны өдрийг тохиолдуулан хийдэг болсон.

Энэхүү тайланг бодлого боловсруулагчид, ус болон эрчим хүчний салбарынхан, дэлхийн эрдэмтэн судлаачдад хүргэх зорилготой гаргадаг бөгөөд ингэснээрээ дэлхий нийтээр усны нэгдсэн бодлогыг баримтлан хүн бүрт хүртээлтэй нэгдсэн шийдвэрийг гарган бидний өмнө тулгараад байгаа олон асуудлыг хамтран шийдвэрлэх зорилготой юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)