Дэлхийн урлагт моодонд орж буй монгол сэдэв

Америк хэв маяг, солонгос өнгө төрх ханхалсан монгол кинонууд ар араасаа ундарсаар л… Хамгийн сүүлд “Дэв” нэртэй аймшгийн кино дуу хадаан мэндэлсэн бол түүний шилийг даран “03.30” нэртэй нэгэн бүтээл дуншиж байгаа. Харин энэ зуур барууны кино урлагт монгол сэдэв жинхэнэ тодорч, бүр тэсрэлт хийж байна.

Австрали жаалын өвчин хэрхэн илааршиж байгаа тухай өгүүлэх “Морьтон жаал” нэртэй баримтат кино 2009 онд дэлгэцнээ гарч, багагүй шуугиан тариад амжсан бол дөрвөн үндэстний жаалуудын амьдралыг харуулсан “Нялхас” нээлтээ хийхээс өмнө дэлхий дахины анхаарлын төвд орсон. Харин энэ удаад тавдугаар сарын 8-нд нээлтээ хийсэн “Монголын олгой хорхой” нэртэй кино барууныхны ярианы сэдэв болоод байгаагаар барахгүй оны шилдэг кино болно гэдгийг бүтээгчид нь амлаад байна.

Хачирхалтай нь манай найруулагчид дэлхийн кино бүтээгчдийн анхаарлыг соронзон мэт татах болсон монгол сэдвийг тойроод байх юм. Бодвол “алт сандайлсан гуйлгачид” гэх зүйрлэлдээ нийцүүлж байгаа биз. Баялаг түүх, байгалийн тогтоц, түүнийгээ дагаад нэг хэмнэлд орсон Холливудын ертөнцийн бүтээлээс залхсан үзэгчдийн сонирхлыг татахаар барагдашгүй сэдэвтэй монголчууд кино урлагаараа дэлхийн тавцанд өрсөлдөхгүй байгаа нь бүр ч харамсалтай.


 

Нялхас (2010)

Найруулагч: Томас Балмес
Төрөл: Баримтат
Нээлтээ хийсэн өдөр:2010 оны тав дугаар сарын 7
Үргэлжлэх хугацаа: 79 минут
Агуулга:Намиб, Монгол,Япон, Америк дөрвөн жаалын нэг жилийн амьдралаар дамжуулан улс үндэстний ахуй соёлын онцлог, соёл иргэншлийн ялгаа болон хүүхдийн хүмүүжил дэх орчны нөлөөг харуулжээ.


 

Морьтон жаал (2009)

Найруулагч: Мишел О.Скотт

Төрөл: Баримтат

Агуулга: Аутизмтай /төрөлхийн хэл ярианы согог/ хүүгийнхээ өвчнийг эдгээх эцсийн найдвар болсон бөөд үзүүлэхээр Исаакийн гэр бүл харийн нутгийг зорьж байгаа тухай энэ кинонд өгүүлдэг.

Монгол нутагт хүүгийнхээ өвчнийг эдгээхээр ирсэн австрали гэр бүл эндээс зөвхөн эрүүл энхийг бус аз жаргал, амьдралын үнэ цэнийг олж авч байгааг дүрсэлсэн байна.

Түүнчлэн Австралийн уран бүтээлчид киногоороо аутизм өвчин, бөөгийн шашин, монгол морь зэрэг үзэгчдийн тэр бүр мэдэхгүй ертөнцийг дэлгэсэн нь хүмүүсийн сонирхлыг ихэд татжээ.


 

Монголын олгой хорхой (2010)

Зохиогч: Стивен Р.Монро

Найруулагч: Нэйл Илман

Төрөл: Шинжлэх ухааны адал явдалт

Нээлтээ хийсэн өдөр: 2010 оны тавдугаар сарын 8

Агуулга: Америкийн газрын тосны компанийн ажилчид Монголын элсэн цөлд өрөмдлөг хийж байгаагаар киноны үйл явдал эхэлдэг.

Ажилчид нэг нэгээрээ алга болсоор эцэст нь ганцхан хүн үлдэх бөгөөд түүнд домогт л гардаг аварга олгой хорхой алах боломж олдох боловч эцсийн мөчид ирээдүйн амьдралынхаа төлөө хорхойг мөнгө олох хэрэгсэл болгох сонголт хийдэг.

Харин түүний сонголт аймшигтай үр дагавар авчирна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)