Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ ирэх сараас огцом хэлбэлзэх, өсөх төлөвтэй байгааг онцлов

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Бензин, шатахууны үнийн асуудал, цаашид авах арга хэмжээний талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонссон юм. Салбарын сайд мэдээллийнхээ эхэнд Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний талаар танилцуулав. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өөрчлөлт, Худалдааны гэрээний нөхцлөөс хамааран тухайн сарын дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийн хэлбэлзэл нь манай улсад 1 сарын дараагаар нөлөөлдөг. 2015 оны газрын тосны дундаж үнэ өмнөх онтой харьцуулахад 2 дахин буурсан ба 2016 онд сүүлийн 10 жилд байгаагүй доод цэгт /дундажаар 43.55 ам.долларт/баррель-т/ хүрч байсан. АНУ занарын олборлолтод Hydraulic fracturing буюу шингэн хагалбарын технологийг ашигласнаар олборлолтын зардал буурч, олборлолтын хэмжээ нэмэгдсэн. АНУ олборлолтын хэмжээг нэмэгдүүлэн дэлхийн зах зээлд эзлэх хүрээг тэлснээр нийлүүлэлт нь эрэлтийг давснаар дээрх газрын тосны үнийн бууралтыг тайлбарлаж болно. Мөн АНУ болон Иран улс хооронд цөмийн зэвсгийн эсрэг арга хэмжээний талаар тохиролцоонд хүрснээр Иран газрын тосны экспортоо нэмэгдүүлсэн, ОПЕК-ийн гишүүн улсууд газрын тосны олборлолтын хэмжээг хязгаар асуудал дээр тохиролцоонд хүрч чадахгүй байсан, ам.долларын ханш чанга байсан зэрэг олон талт хүчин зүйлс нөлөөлсөн. Энэ аравдугаар сарын дундаж үнэ 80-87 ам.доллар /баррель орчимд хэлбэлзэх төлөвтэй байгаа хэдий ч цаашид газрын тосны олборлолтын хязгаарлалт, үүнээс үүсэн эрэлтийн огцом өсөлт болон АНУ-аас Ираны цөмийн хөтөлбөрт тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээнээс хамааран дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 11 дүгээр сараас огцом хэлбэлзэх, өсөх төлөвтэй байгааг мэдээллийн үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар танилцуулсан.

УУХҮЯ-ны зүгээс газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг ханган ажиллах, олон талт эх үүсвэрээс бүтээгдэхүүн импортлох бодлогыг баримтлан ажиллаж байна. Цаашдаа ОХУ-ын Роснефть компанитай байгуулсан гэрээний зүйл, заалтыг дордуулахгүйгээр тогтвортой мөрдөх, экологийн ангилал өндөр буюу чанар сайтай шатахууны үнийн томъёололд худалдан авагч талд хөнгөлөлт үзүүлэх талаар яриа, хэлцэл хийх байр суурийг баримтлан ажиллаж байгаа гэв. Мөн БНХАУ-ын Чайна-Ойл компаниас шатахууны импортын тоо хэмжээг нэмэгдүүлэх, импортлох хилийн боомтын тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн онцгой албан татварын зохицуулалтын талаар танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлсэн.

Уг асуудалтай холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооноос холбогдох тогтоол шийдвэрийг гаргах бөгөөд дараагийн хуралдаанаар төслийг хэлэлцэхээр боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)