Дэлхийн дэвжээнд танигдсан бөх зодог тайллаа

Нэг хэсэгтээ л нам гүм байсан Спортын төв ордон ойрд үзэгчдийн хөл дараастай. Монголын чөлөөт бөхөөс Гавьяат цол хүртсэн хоёр тамирчин өөрийн нэрэмжит тэмцээнээ зохион байгуулсан нь тэр. Энэ намрын чөлөөт бөхийн барилдааны салхийг О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн хагалсан бол Ц.Энхжаргалынхаар үргэлжилсэн. Монголын эмэгтэй тамирчдаас улсын 10 удаагийн аварга болсон түүнд дэлхийн дэвжээнээс үнэ цэнтэй олдсон медаль цөөнгүй бий. Тухайлбал, “Будапешт-2005” ДАШТ-ээс анхны хүрэл медалийг эх орондоо авчирч бөхийн хорхойтнуудыг баярлуулсан билээ. Тэгвэл 2006 оны оюутны ДАШТ-ий алт, “Бусан-2002”, “Доха-2006” Азийн наадмын хүрэл, Ази тивийн хошой аварга, Ази тивийн АШТ-ий гурван мөнгө, хошой хүрэл, Азийн цомын мөнгөн медаль гээд шагналын буухиаг таслаагүй. Тэрбээр энэ удаа тамирчны замналаа өндөрлүүлж, өөрийн нэрэмжит эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн цомын тэмцээнийг 10 жингийн ангилалд Спортын төв ордонд өнгөрсөн мягмар гарагт зохион байгууллаа. Энэ спортод амжилтаараа эмэгтэйчүүдийн багийг өнгөлж ирсэн түүний нэрэмжит тэмцээний гол үйл явдал нь зодог тайлах ёслол байв. Нээлтийн ёслолын хамгийн хүндтэй зочин нь түүний аав, ээж, ах дүүс, гэр бүл, мөн алдар, амжилтын замд хөтөлсөн анхны багш, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, олимпын наадмаас медаль хүртсэн алдартнууд байсан юм. 

Тэрбээр ёслолын үеэр ДАШТ-ээс медаль хүртсэн эмэгтэй бөхчүүдэд болоод хөлийг нь дөрөөнд хүргэсэн ачит багш нартаа хүндэтгэл үзүүлсэн. Ц.Энхжаргал бөхийн дэвжээндээ мөргөж, албан ёсоор зодог тайлсан нь хамгийн сэтгэл хөдөлгөм агшин байв. Тэрбээр өөрийн жинд барилддаг дүү, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, ОУХМ Ц.Намуунцэцэгт борцовко (чөлөөт бөхийн тамирчдын гутал) гардуулан өгсөн. Түүний зодог тайлах ёслол 52 жилийн өмнө Мехикогийн олимпын наадмаас Монголын чөлөөт бөхийн дөрвөн тамирчин медаль хүртсэн түүхт өдөртэй давхацсан юм. Гавьяатын нэрэмжит тэмцээнд 17 багийн тамирчин хүч сорьж, аваргуудаа жин тус бүрт тодруулсан. Багийн дүнгээр Э.Цэвэгмэд дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооныхон тэргүүлсэн бол Г.Наранчимэг дасгалжуулагчтай “Хилчин”-ийнхэн удаалж, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клубийнхэн гуравдугаар байрт шалгарав. Тэмцээний шилдэг дасгалжуулагчаар С.Мөнхдуулдах, шүүгчээр олон улсын шүүгч Х.Чойжилжав, өсөх ирээдүйтэй тамирчнаар Азийн аварга Б.Марал нар тодорлоо. 

Тэмцээний дундуур түүнтэй хамт “Замчин” клубээс замналаа эхлүүлсэн тамирчид сэтгэгдлээ хуваалцсан юм. Э.Гантуяа “Түүний нэрэмжит тэмцээнд 62 кг-д хүч үзэж, аварга боллоо. Би тамирчин болох гараагаа “Замчин” спорт клубээс эхлүүлсэн. Намайг 2009 онд чөлөөт бөхөөр хичээллэж эхлэхэд Ц.Энхжаргал эгч дотоод, гадаадын тэмцээнүүдэд амжилт гаргасан байлаа. Түүний дайчин зан чанар, тууштай байдал, шийдэмгий барилдаанаар бахархдаг. Намайг УАШТ-д анх оролцох жил тэрбээр түрүүлж, аваргаар шалгарсан юм. Өрсөлдөгчөөсөө эмээлгүй шийдсэн мэх хийж, өөртөө итгэлтэй барилд” гэж бидэнд зөвлөдөг байлаа” хэмээсэн. Тэгвэл 65 кг-д мөнгөн медаль хүртсэн Ш.Түмэнцэцэг “Тэрбээр гаргасан амжилтаараа олон эмэгтэйг энэ спортод уруу татсан. Дэлхийн дэвжээнд монгол эмэгтэйчүүд амжилт гаргах боломжтойг барилдаанаараа батлан харуулсан. Түүнийг 2016 оны УАШТ-д өрсөлдөхийг хараад жинхэнэ бөх гэж ийм л тамирчныг хэлдэг байх” хэмээн бахархаж билээ. Тэр үед бөхийн спортоос хэсэгтээ завсарлаж, айлын эзэгтэй, ээж болчихсон байсан. Тэрбээр саад бэрхшээлийг сэтгэлийн тэнхээгээр даван туулж, амжилтаас атгасан. Бидэнд олон зүйлээр одоо ч үлгэр дуурайл болж яваа” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)