ДЭЛХИЙН БҮЖГИЙН ӨДӨР: Монголд бас Олон улсад

Хүн болоод амьтадын үггүй харилцаа, сэтгэл хөдлөл,

үзэл бодол, харуусал хийгээд хайр гунигийг махбодоор

илэрхийлэх үзэсгэлэнт урлаг.

Дэлхийн бүжгийн өдрийг 1982 оноос эхлэн ЮНЕСКО-гийн Театрын олон улсын хүрээлэнгийн дэргэдэх Олон улсын бүжгийн хорооны шийдвэр ёсоор тэмдэглэж эхлэв.  Энэ өдөр Францын балетмейстер, бүжгийн урлагийн онолч Жан Жорж Новер (1727-1810) төрсөн бөгөөд түүний төрсөн өдрөөр уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байхыг тааруулж. Дэлхийн бүжгийн өдөр нь бүжгийн бүх чиглэлийг хөгжүүлэх, энэ урлагт хүндэтгэл үзүүлэх зорилготой. Түүнчлэн энэ өдөр “Балетын Бенуа” шагнал гардуулах ёслол болдог бөгөөд 1991 онд  Бүжгийн зүтгэлтнүүдийн олон улсын холбоо уг шагналыг бий болгож байсан түүхтэй аж.

Бүжгийн урлагийн зах зээл жилээр бус өдрөөр хүрээгээ тэлж, уран бүтээлчид томоохон фестивалиудаар дамжуулан өөрсдийгөө таниулж, алдартай агентлагуудтай гэрээ хийн, улс үндэстэн харгалзахгүйгээр нэгдэн нийлсээр байна. Бүжиг бусад урлагийн адил үг хэлээр ойлголцох шаардлагагүй тул аль ч улсын иргэн өөрийн авьяас, үзэл бодлоо биеийн хэлэмжээр таниулах боломжтой билээ.

Энэ л боломжийг илүү өргөн хүрээнд нээж өгөхөөр Дэлхийн бүжгийн өдрийг дэлхийн өнцөг булан бүрт бүтээлчээр тэмдэглэж байна. WOPA-ийн Олон улсын театрын институтын “International-dance-day.org” албан ёсны цахим хуудаст тэмдэглэгдсэнээр энэ жил олон улсын бүжигчдэд зориулан 28 газар фестиваль болон ворк шоп зохион явуулж байна. Өнгөрсөн жил ч мөн эдгээр газруудад зохиож байв. Тухайлбал, БНХАУ-ын Хонг-Конг, АНУ-ын Нью-Йорк, Техас мужийн Ларедо, Энэтхэг улсын Манипур, Пюн, Австралийн Сидней, Мэйлбөрн, Дарвин, Их Британийн Лондон, Грекийн Афин, Бразилын Санта Катарина, Аргентиний Буэнос Айрис гэх мэт улс, хотууд багтаж.

Манай улс энэхүү программд одоогоор элсэн ороогүй байгаа ч хүссэн хүн бүр энэхүү хөтөлбөрт бүртгүүлэн, өөрийн санаагаа бичин www.iti-worldwide.org сайтад хандан илгээснээр өөрийн улсдаа уг хөтөлбөрийг нутагшуулах боломжтой. Гэхдээ Олон улсын театрын институтээс хэд хэдэн шаардлага тавьдаг. Тухайлбал, өөрийн хүсэлтийг эх хэлээрээ болон англи хэл дээр бичих, хүсэлт илгээгч нь хүсэлтээ уншиж Youtube сувагт байршуулах, сонин сэтгүүлд хэвлүүлэх, телевиз радиогийн ярилцлага өгсөн байх зэрэг нь давуу тал болдог. Мэдээж үүнд, уг өдрийг хэрхэн бүтээлч, шинэ санаагаар тэмдэглэн өнгөрүүлэх тухайгаа бичих нь хамгийн чухал бөгөөд шалгарч чадвал дээрх газрын зурагт манай улс тэмдэглэгдэж, өөрийн хүссэнээр, Олон улсын театрын институтын дэмжлэгтэйгээр уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж чадах юм.

Зөвхөн энэ өдрөөр зогсохгүй дэлхий дахинд болдог томоохон бүжгийн фестивалиудад ч Монголчууд оролцох боломжтой. Тухайлбал, энэ онд болох дараах томоохон фестивалиудыг санал болгож байна.  

  • Ocean dance festival – 2019.11.22-25
  • Melbourne festival /Австралид/ - 2019.10.02.-20
  • Australian dance festival – 2019.09.19-22
  • Edinburgh International Festival /Их Британи/-2019.08.02-26
  • ImPulsTanz – Vienna International Dance Festival /Австри/ - 2019.07.11 - 2019.08.11
  • 28th Full Moon Dance Festival /Финлянд/ - 2019.07.24-28
  • Vail Dance Festival /АНУ/- 2019.07.26-2019.08.10
  • Beijing Dance Festival /БНХАУ/ - 2019.07.23 - 2019.07.28
  • Singapore International Festival of Arts 2019 /Сингапур/ - 2019.05.17-2019.06.02
  • International Performance & Dance Festival /ХБНГУ/- 2019.04.26-2019.05.05

Үүнээс өмнө, Dance Massive Festival 2019, New York Dance Festival 2019, Perth International Arts Festival 2019, ICE HOT Nordic Dance Platform зэрэг томоохон фестивалиуд болж өнгөрсөн байна.

Дээрх фестивалиудад бүжигчид ихэвчлэн өөрсдийн зардлаар оролцдог хэдий ч сайтар судалбал, зарим хөнгөлөлтүүдийг авах боломжтой. Мөн зарим арга хэмжээний бүртгэл эрт дуусдаг учир дээрх фестивалийн нэрүүдийг ашиглан фэйсбүүк хуудас болон албан ёсны вэбсайтаар нь дамжуулан дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Тухайлбал, Дэлхийн бүжгийн холбооноос зохион байгуулдаг “Ocean dance festival” энэ жил Бангладешт 2019 оны 11 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд болно. 200 гаруй хоног үлдсэн хэдий ч уг фестивальд оролцох бүжигчдийн бүртгэл гуравдугаар сард дууссан байна. Хэрэв уг бүжгийн фестивалийг үзэхийг хүсвэл албан ёсны сайтаар нь орж, өдрийн тасалбар болох 100 ам.доллар /WDA-ийн гишүүн бол 75 ам.доллар/, бүх өдрүүдийн хөтөлбөрийг 350 ам.доллар /WDA-ийн гишүүн бол 300 ам.доллар/, уран бүтээлч бүжигчин бол бүх өдрүүдийн хөтөлбөрийг 170 ам.доллараар гэх мэт төлбөрөөр үзэх боломжтой бөгөөд очоод буудаллах зочид буудал, нислэгийн хуваарь, зам, заавар гээд бүх мэдээллийг авах боломжтой.

-МОНГОЛД БҮЖГИЙН ӨДРИЙГ УГТАЖ БОЛСОН БӨГӨӨД БОЛОХ ТОГЛОЛТЫН ТОЙМ-

Нэгэнт дэлхийн томоохон арга хэмжээнүүдэд оролцоогүй бол Дэлхийн бүжгийн өдрийг угтаж буй Монгол уран бүтээлчдийн ворк шоп, хөтөлбөр, тоглолтуудыг үзэж, хамрагдах боломжтой. Энэ өдрүүдэд:

-Улсын дуурь бүжгийн эрдмийн театр - Э.Чойдог "Шарилжин дундах цэцэг" нэг бүлэг гурван үзэгдэлт балет, Римский-Корсаков "Шехерезада" эхлэл төгсгөл бүхий гурван үзэгдэлт балет - 2019.04.27 /дууссан/

-Улсын дуурь бүжгийн эрдмийн театр – БНСУ-ийн “WISE” балет театртай  хамтран “HIGH FEELING” тоглолт энэ дөрөвдүгээр сард зохион байгуулав. Хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчид нь харилцан туршлага солилцох ач холбогдолтойгоор амжилттай зохион байгуулсан  “Wise” балет театр нь Солонгос улсад анх 2005 оноос тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд жилдээ гадаад болон дотоодын 80 гаруй балетын тоглолтуудыг явуулдаг байгууллага юм. Уг хөтөлбөрийн хүрээнд  Les Movement( Ким Юун Гёл-дэглэлт) буюу балет бүжгийн уран хөдөлгөөнүүдийг хөгжмийн аятай хослуулсан, бүжгийн хүнд элемэнтүүдийг нэмсэн тоглолт,  intermezzo (Жү Жэ Мэн) тоглолтоор хүн хоорондын харилцаа, сэтгэл хөдлөлөөс зугтаж хуурамч зүйлрүү тэмүүлж буй хүний дүр, 3. Utopia тоглолтоор дэглээч Ким Сун Мин хүн бүр өөрийн хүсэл зорилгыг гүйцэлдүүлэх, аз жаргалтай амьдрах төсөөллийн ертөнцийг бий болгож буй тухай,  “Диваажин энд байна” модерн балет (Хьюго Вера )-ыг Монголын үндэсний бүжгийн хөдөлгөөнөөр баяжуулж, монгол бүжгийн онцлог шинжийг тусгаж өгсөн.  Бүжигчдийн дотоод сэтгэлийг орчин үеийн  шийдэл бүхий хөдөлгөөнөөр илэрхийлж, тэднийг  чөлөөтэй сэтгэн  бүжиглэх боломжийг олгохыг чухалчилсан гэлээ. Дэглээч тус балетыг дэглэхдээ  “Хүмүүс хаана бүтээж, сэтгэж, амьдралаа хөгжүүлэх боломжтой байдаг тэр орон зайг илэрхийлэхийг зорьсон. Мөн Диваажинг та хаанаас олж харахыг  хүснэ,  чухам тэр л газарт, таны амьдралын орон зай, сэтгэл доторт  байдаг гэдгийг орчин үеийн бүжгээр илэрхийлсэн” хэмээв /дууссан/

-Улсын дуурь бүжгийн эрдмийн театр – П.И.Чайковскийн хөгжим, В.И.Бегпчев, В.Ф.Гельцерын цомнол, удирдаач: УГЗ Ж.Бүрэнбэх, УГЗ Н.Туулайхүү нарын хоршил  Балетмейстер: ХБ, ТШ, АЖ Б.Жамъяндагва, Ерөнхий зураач: АЗ Ч.Гунгаасүхийн бүтээл “Хунт нуур” гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт балет тоглогдоно. 120 минут үргэлжлэх уг балетын тасалбарын үнэ 10-30 мянган төгрөг байна – 2019.05.12 17.00 цагт

-Номадик Балет Продакшн - “Бие Үгүй” неоклассик баллетыг Corporate Convention Centre-д 2019.04.12-ны өдөр тавив. Неоклассик бүжгийн урсгалыг Монгол бүжгийн хэв маягтай уялдуулсан уг тоглолтоор мөнхөд үргэлжлэх хайр сэтгэл, түүний үнэ цэнийг үгээр биш хөгжим, бүжгийн төгс хослолоор илэрхийлжээ. Tоглолтын цомнол болон дэглэлтийг балетмейстер Э.Долгормаа найруулан Nomadic Ballet production ний уран бүтээлчид оролцон тоглов. /дууссан/

-Их эзэн хааны театр Д.Дашлхагвын найруулж, МУСТА Т.Гэрэлцэцэгийн удирдсан “Ромео Жулиет” балет Их эзэн хааны театр 2019.05.17 19:00 цагт, 5-р сарын 18-нд 17:00 цагт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа тоглогдоно. 140 минут үргэлжлэх уг балетын тасалбар 50-120 мянган төгрөгийн үнэтэй байна.

-Соёл урлагийн их сургууль, Монгол туургатан театр -  “Хөмөргөн гурвалжин” этно модерн бүжгэн жүжиг –Монгол Улсын ардын багш, доктор С.Дуламын цомнол, МУСТА Ц.Ариунболдын хөгжим, МУГЖ Д.Энхгэрэлийн дэглэлт "Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийг уран бүтээлчид бүтээсэн билээ. Энэ бүжгэн жүжиг хадны сүг зурагнаас сэдэвлэсэн бөгөөд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Дэл уул дахь дөрвөлжин булшны хадны зургаас энэ санаагаа баяжуулсан тухай доктор С.Дулам хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ - 2019.04.29 19:00

-Соёл урлагийн их сургууль, Монгол туургатан театр – Төв аймгийн Зуунмод сумын Мөнх-Алдрын талбайд СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль, Монгол тургатан театрын хамтарсан бүжгийн тоглолт – 2019.04.29 15.00, 17:00

-Түмэн эх чуулга – Тус чуулгын 30 жилийн ой энэ зургадугаар сард тохиох бөгөөд чуулгын тэгш ой тохиож буйтай холбогдуулан эднийх үндэсний бүжиг, хөгжим, уртын дуу тэргүүтэй нэгдсэн томоохон тоглолт хийх аж.

-НҮБ-ын Хүүхдийн сан – Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаас сэдэвлэсэн “Амьдралыг тэтгэгч О2” модерн балет - The Corporate Hotel and Convention Centre-ийн Концертын их танхимд – 2019.05.19 19:00

-Монголын урлагийн зөвлөл – “Берлиний Агаарын гүүрийн түүхээс” хүүхдийн бүжгийн тоглолт Нийслэлийн Улаанбаатар чуулгын танхимд  – 2019.05.18 17:00

-Монголын урлагийн зөвлөл - “Rhythm of silence” сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд бүжгийн урлагаар дамжуулан өөрсдийгөө илэрхийлэх, хэмнэлт эрх чөлөөт бүжгийн тоглолт Анкор төвд болов. Тоглолтод 29-р сургуулийн сурагчид оролцсон ганцхан удаа олон нийтэд нээлттэй болж өнгөрөв - 2019.04.25

-АГААРЫН ГҮҮРИЙН ТҮҮХЭЭС-

Дээрх мэдээллүүдээс бид энэ удаа ХБНГУ-ын уран сайхны удирдагч Волкер Айзенахын  дэглэсэн “Берлиний Агаарын Гүүрийн Түүхээс” хүүхдийн бүжгэн жүжгийг онцлон дэлгэрэнгүй мэдээлэл бэлдлээ.

Ирэх тавдугаар сарын 18-ны өдөр олон нийтэд тоглогдох уг бүжгэн жүжгийн төслөөр дамжуулан хүүхэд залуучуудад урлаг, гоо зүйн боловсрол олгох, дэлхийн түүхээс суралцах боломжийг олгох замаар Монгол, ХБНГУ-ын хэл, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой гэв. “Берлиний Агаарын Гүүрийн Түүхээс” бүжгэн жүжигт дэлхийн түүхийн нэгээхэн хэсэг болох 1948-49 оны хүйтэн дайны үед Барууны холбоотонууд Баруун Германы бүслэгдсэн ард иргэдэд агаарын замаар хоол, хүнсний тусламж үзүүлж, олон мянган иргэдийг аварсан найрамдалт, нөхөрсөг хамтын ажиллагааг орчин үеийн бүжгийн элемент, хөгжмийн хэмнэлээр хүүхдүүд тайзнаа илэрхийлэхээрээ онцлогтой гэлээ.

Төслийн хүрээнд ХБНГУ-ын “Faster-Than-Light-Dance” бүжгийн компаний уран сайхны удирдагч, бүжиг дэглээч, ХБНГУ-н төрийн соёрхолт Волкер Айзенахын удирдлаган дор ЕБС-ийн 35 сурагч 10 хоногийн орчин үеийн бүжгийн эрчимжүүлсэн сургалтанд хамрагдана. Сургалтын үр дүнд уран сайхны удирдагч Волкер Айзенахын дэглэсэн “Берлиний Агаарын Гүүрийн Түүхээс” бүжгэн жүжгийг 2019 оны 5-р сарын 18-ны өдөр “Улаанбаатар” чуулгын тайзнаа тоглож, олон нийтэд нээлттэй толилуулна.  

Монголын Урлагийн Зөвлөл өнгөрсөн жилийн мөн энэ өдрүүдэд Монгол улсад “Моушин Монголиа” нэртэй олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг анх удаа зохион байгуулсан бол өөрсдийн туршлага дээр тулгуурлан дараа жил буюу 2020 онд Дэлхийн бүжгийн өдрөөр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 2018 оны тавдугаар сарын 07-14-ний өдрүүдэд болж өнгөрсөн уг наадмын хүрээнд АНУ-ын “Ририй Вүүдбүри” бүжгийн компани, Канадын “Бил Колмэн

Дэнс”, ОХУ-ын “Туда-Сюда” орчин үеийн бүжгийн хос Монголд анх удаа өөрсдийн шилдэг бүтээлийг хүргэж байлаа. “Моушин Монголиа” орчин үеийн бүжгийн олон улсын наадмыг бүжиг дэглээч Б.Одбаяр, Э. Эрдэнэжаргал, зураач Ж.Мөнхцэцэгийн хамтарсан “Төрөл Авалт” орчин үеийн бүжгээр нээж, салбартаа шинэлэг, мэргэжлийн түвшний бөгөөд өвөрмөц нэгэн ертөнцийг нээж байв.

Гэрэл зургуудыг: Олон улсын бүжгийн өдрийн веб сайтаас авч ашиглав.

Б.Гэрэлмаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)