Дэлхийн банк 30 сая ам.долларын зээл олгоно

Монгол Улсын мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлтийг сайжруулах төслийг санхүүжүүлэх 30 сая ам.долларын зээлийг Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл баталжээ. Энэ төсөл нь мах, сүүн бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой аж. 60 гаруй сая мал, өргөн уудам бэлчээр нутагтай манай улсад хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбар нь эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр олноор бий болгоход нөлөөтэй. Гэвч мал аж ахуйн салбарын бүтээмж доогуур, малын эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгийгөөс гадна цаг агаарын онц аюултай үзэгдлүүд дээрх боломжийг хязгаарлахад хүргэдэг. Малчдын 56 орчим хувь нь 200 буюу түүнээс доош тооны малтай бөгөөд тэд бүтээгдэхүүний орц, гарц, бүтээмж доогуур байх мөчлөгийн занганд оршдог байна. Мал, амьтны өвчлөл, хүнсний эрүүл ахуй, шим тэжээлийн хангалтгүй байдлаас шалтгаалж мах, сүүн бүтээгдэхүүний гарц, чанарыг “хязгаарлаж” иржээ. Хэдийгээр манай улс бүс нутгийнхаа мах импортлогч хамгийн том зах зээлүүдэд ойр ч дээрх шалтгаануудтай холбоотойгоор бүтээгдэхүүн экспортлох боломжийнхоо ердөө 10 хүрэхгүй хувийг ашиглаж буй гэнэ.

ХХААХҮЯ таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх дээрх төсөл нь улсын хэмжээнд мал эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, хилийн заагт буюу хил дамнасан малын өвчлөлгүй бүс байгуулахад дэмжлэг үзүүлэх юм байна. Үүний хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газарт малын өвчлөлийг үр дүнтэй хянах, нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг хөхиүлэн дэмжих, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, хүнсний аюулгүй байдлыг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулахад туслалцаа үзүүлэх гэнэ. Түүнчлэн бүтээгдэхүүн нийлүүлэгч болон боловсруулагч хоорондын түншлэлийг дэмжих замаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх, зах зээлийн шаардлагыг хангах, мал аж ахуйн бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх нь. Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтарсан судалгаа шинжилгээ хийхээр мөн төлөвлөжээ.

Бэлтгэсэн: Ц.Болор


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)