Дэлхийн багш нарын өдөрт: ГЭРЭЛТЭЙ ВАНТ УЛСЫН ДААМАЛ

 Би хүүхэд байхдаа болжморыг том болоод тагтаа болдог гэж боддог байсан юм. Нэг удаа ээжээсээ “Ээж, тагтаа жаахан байхдаа бор өнгөтэй байснаа том болохоороо цэнхэр болдог шиг хүмүүс хүүхэд байхдаа бор байдаг байж том болоод яагаад цэнхэр болдоггүй юм бэ?” гэж асуухад ээж минь нулимсаа гартал инээж билээ.Тэр үед би цэцэрлэгт байсан юм. Гэнэн, цагаахан дурсамж хөврүүлэх цэцэрлэгийн зүг би явж байхдаа энэ тухай бодож дахин нэг инээлээ. 

“Дэлхийн багш нарын өдөр”-т зориулж манай сайтын сурвалжлах баг Улаанбаатар хотоос дөрвөн өөр зүгт гарч багшийн гавьяа, нөр их хөдөлмөрийг сурвалжлахаар мордсон юм. Өмнөх нийтлэл маань Улаанбаатар хотын Налайх дүүргийн ахлах ангийн багшийг гол баатраа болгосон бол энэ удаа цэцэрлэгийн багшийн нэг өдөр хэрхэн өнгөрч буйтай танилцахаар Төв аймгийн төв Зуунмодын  "Ирээдүй" цогцолборын "Оюуны ундарга" цэцэрлэгийг зорилоо.

“ Багш нь тариачин,та нар туулай шүү. Туулайнууд үүрэндээ ороорой” гэхэд хүүхдүүд хоёр гараа эрүүн доороо барьж туулайн бүжин шиг үсэрсээр эгнүүлэн тавьсан өнгө өнгийн цаасан дээр очиж зогслоо.

Багш: Туулайнууд одоо унтаарай

Хүүхдүүд чив чимээгүй нүдээ аньцгаана

Багш: Туулайнууд сэрээрэй “Ямар сайхан өглөө вэ”

Хүүхдүүд: Ямар сайхан өглөө вэ хэмээн багшийгаа дуурайн хэлж суниаж байхтай нь зэрэгцэн бид ангид орлоо. 


Тэд одоо дөрвөн настай. Ид бужигнуулдаг насан дээрээ байгаа учраас ганц минут ч хөдлөхгүй зогсоно гэж байдаггүй. Тиймээс дасгал заахдаа хүртэл тоглохгүй бол анхаарал нь сарничихдаг гэнэ. Ээжийнхээ өврөөс гарч үзээгүй бяцхан жаалууд цэцэрлэгийн анхны өдөр уйлж дуулан, багшдаа хөтлүүлээд ангируугаа орсон бол  одоо тэд  ахлах бүлгийн мундгууд болчихсон байгаа нь энэ.

Энэ анги гучин найман хүүхэдтэй. Манай улсад цэцэрлэгийн нэг багшид ногдох хүүхдийн тоог 12-13 байхаар тогтоосон ч цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас гэртээ цоожтой үлдэх хүүхдийн тоог багасгах зорилгоор боломж бололцоогоороо авдаг нь нууц биш. Хотын цэцэрлэгийн нэг ангид сурдаг хүүхдийн тоотой харицуулахад эндхийн багш нар арай бага ачаалалтай ажилладаг ч амаргүй л санагдсан.

Ингээд тоглуулж дасгалыг нь хийлгэсний дараа 11.00-11.30 цагт  бага үдийн хоолны цаг нь боллоо. Харин хоол идэхийн өмнө Ш.Чимэгсайхан багш хүүхдүүдээ баг болгон хувааж гарыг нь угаалган ширээнд суулгаад “Өнөөдрийн жижүүр багшдаа тусалж аяга таваг тараагаарай” гэхэд памбагар хацартай жаахан хүү, сөөсгөр охин уралдаж босоод хормогчоо зүүж ширээ бүрт хүүхдийн тоогоор аяга, халбага тарааж эхэллээ. Жижигхэн тогооч нарт найзууд нь “Би том халбага авъя, би цэцэгтэй аяга авна шүү” гээд л нэг хэсэгтээ хоолны шуугиан анги дүүргэв.

Энэ өдрийн бага үдийн хоол ногоотой шөл, мантуу байсан бөгөөд хүүхдүүд цэцэрлэг дээрээ өглөө, бага үд, их үд, оройн хоол иддэг аж.

Хооллосны дараа баг бүрт нарийн мэдрэмж хөгжүүлэх тоглоом буюу эвлүүлдэг, оньсон тоглоом зэргийг тарааж өгч тоглуулах зуур Ш.Чимэгсайхан багштай ярилцлаа. 

Тэрбээр, Монгол Улсын Багшийн их сургуулиийг дүүргэсэн бөгөөд Төв аймгийн Зуунмод хотын Зүүндэлгэр багт ажиллаж байгаад "Ирээдүй" цогцолборт долоон жилийн өмнөөс ажиллаж байгаа аж. “Ямар ч ажилд стресстэх үе бий. Гэхдээ хүүхдүүдтэй ажилладаг болохоор сайхан энерги, гэгээлэг бүхэн илүү давамгайлдаг юм. Миний мэргэжил сайхан шүү. Анх сургуулиа төгсөөд шинэ багш болж ирснийхээ дараа шантрах үе зөндөө л гардаг байлаа. Харин одоо бол ядарч байгаагаа ч мэдэхгүй өдрийг өнгөрөөж байна даа. Цэцэрлэгийн багш гэдэг хамгийн хариуцлагатай ажил. Олон хүүхдийн амь нас, эрүүл мэнд, цаашид ямар хүн болж төлөвших нь биднээс хамааралтай болохоор ганц минут ч сэрэмж алдах эрх байдаггүй юм” гэсээр тэр яриагаа үргэлжлүүллээ.

-Цурам ч хийх завгүй ажилтай таны хувьд хаанаас эрч хүч аваад байна вэ. Яг л өөрөө хүүхэд шиг үсэрч,  харайж, дуулж бүжиглэн хүүхдүүдтэй хамт тоглон өдрийг өнгөрөөж байгааг тань хараад асуухгүй өнгөрч чадахгүй нь.

-Хүүхдийн нас, насны онцлогт тохируулж сонирхол, авьяасыг нь нээн илрүүлээд дараа нь тэднийгээ заасан бүгдийг минь маш хурдан сурч, сайжирч байгааг харах хамгийн сайхан. Үүнээс л кайф авдаг юм. Мөн хайртай бяцхан үрсээ надад даатгаад үлдээдэг эцэг,  эхчүүдийн итгэлийг алдахгүйн тулд шавь нартаа бүх анхаарал халамжаа чин сэтгэлээсээ зориулдаг даа. Хүн ажилдаа чин сэтгэлээсээ дуртай байх шиг сайхан зүйл үгүй шүү дээ.

-Цэцэрлэгийн багш нарын ажлыг зарим хүмүүс тэр бүр ойлгодоггүй. Хүүхэд загналаа, зодлоо гээд л сүүлийн үед гомдол их ирэх болжээ?

-Тийм шүү. Болдог бол бүх эцэг эхчүүдийг нэг өдөр багш хийлгэж үзмээр санагддаг. Ямар нөхцөл байдалд ажилладаг гэдгийг ойлгохгүй эцэг, эх зөндөө л байдаг юм. Сүүлийн үед цэцэрлэгийн багш нарын талаар үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл нэлээд сонсогдох юм. “Нэг үхрийн эвэр доргивол  мянган үхрийн эвэр доргино” гэгчээр зарим нэг алдаа гаргасан багш нарын нэр дор бүх багшийг хамруулан ярьдаг нь харамсалтай.  Гэхдээ бидний ажлыг ойлгон урам өгдөг эцэг, эхчүүд ч гэсэн маш олон байдаг шүү. Анх удаа цэцэрлэгт явж байгаа хоёр настнууд буюу бага ангийн хүүхдүүд бол бүр их анхаарал шаардана. Зарим нь хэлд ороогүй болохоор биенийгээ базаж, цохиж санаагаа үйлдлээрээ илэрхийлдэг болохоор нэг ангид хоёр багш үнэхээр хүч мөхөсдөх үе олон бий.

“Багш аа би  эвлүүлчихлээ, багш аа минийх ямар болж” гэсээр хүүхдүүд бидний яриаг тасаллаа. Багшийг нь ч удаан хоргоох эрх бидэнд байгаагүй юм.

 

Аав ээжийнхээ хуруунаас зүүгддэг байсан бяцхан гарт нь анх удаа харандаа бариулж, арав хүртэл тоолуулж сургахаас эхлээд нөр их авьяас чадвар шаардсан мэргэжил бол зөвхөн цэцэрлэгийн багшийнх аж. Хүүхдийн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн, ирээдүйн замыг нээсэн үе үеийн багш нарын гавьяа их билээ.

Бяцхан үрсийн цангинасан инээд, шулганасан яриатай Төв аймгийн Зуунмод хотын "Ирээдүй" цогцолбор цэцэрлэгийн Ш.Чимэгсайхан багштай ахлах бүлгийн нэг өдөр ийн өнгөрч байна.

Цэцэрлэгийн багш гэдэг эрхэм мэргэжлийн эзэн нь болж бяцхан үрсийг нийгэмд бие хүн болж төлөвших хамгийн анхны шатыг тавьж өгдөг үе үеийн цэцэрлэгийн багш нартаа талархая.

Г.Оюунтогтох


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)