Дэлхийн аварга Ц.Раднаа “Алтан хараацай”-н эзэн боллоо

Монголын мастеруудын биеийн тамир, спорт хорооны ерөнхийлөгч, Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар ахмадын зөвлөлийн гишүүдийн хамт дэлхийн гурав, Азийн дөрвөн удаагийн аварга Ц.Раднааг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Тухайн жилд хамгийн өндөр амжилт гаргасан шилдгийн шилдэг тамирчинд олгодог тэргүүн дээд шагнал болох “Алтан хараацай”-г энэ үеэр гардууллаа. Өдгөө 85 настай тэрбээр Малайз улсын Кучинг хотод энэ сарын 1-7-нд болсон хөнгөн атлетикийн 21 дэх удаагийн Ази тивийн мастеруудын (ахмадын) аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, дөрвөн алтан медаль хүртэн, тив, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Ц.Раднаа шагнал гардахдаа “Намайг хүндэтгэн, хүлээн авч уулзан, тив, дэлхийн тэмцээнд гаргасан спортын амжилтыг минь үнэлж, энэ хүндтэй шагналаар шагнасанд баяртай байна. Монголынхоо ард түмний халуун сэтгэлийн хүчинд олон тэмцээнд оролцож, эх орныхоо нэрийг гаргалаа. Өмнө нь би дэлхийн аварга, дэлхийн дээд амжилтыг зөвхөн залуу тамирчид хүртэж, эзэмшдэг байх гэж боддог байв.

Гэтэл 250, 400 метрийн зайд гүйсэн амжилтаар дэлхийн аварга болж, дээд амжилтыг эвдэв. Монголын ахмад тамирчид спортын өөр төрөлд ч амжилт гаргасаар байна. Үүний нэг жишээ нь эмэгтэйчүүдээс 81 настай, Гавьяат тамирчин Т.Цэрэндолгорын амжилтыг зүй ёсоор дурдах нь зүйтэй. Өдгөө дэлхийн үзэгчид Монголын тамирчдыг амжилтаар нь мэддэг болжээ. Шагналын тавцанд зогсоод Төрийн дууллаа сонсох мөчид өөрийн эрхгүй самсаа шархирч, баярын нулимс унагаж байлаа. Гадаадын үзэгчид намайг харчихаад “Монголоос хурдан гүйдэг өвөө иржээ” гэж ярьж байв. Тэр үед Монгол гэдэг үгийг сонсоод эх орноороо бахархсан. Би Канадын Торонто хотод ирэх тавдугаар сард болох хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ, 2021 онд Японд зохион байгуулах дэлхийн мастеруудын олимпын наадамд хурд сорих бэлтгэлээ базааж байна” хэмээн өгүүлсэн юм. Мөн Польш улсад болсон Граунд гольфын Европын нээлттэй тэмцээнд Монголын зургаан тамирчин оролцсоноос З.Туяа мөнгө, П.Гантөмөр хүрэл медаль хүртсэн амжилтаар “Оны шилдэг тамирчин”-аар шалгарлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)