Дэлхийд өрсөлдөх Монгол ур чадварыг шалгаруулж байна

Мэргэжлийн ур чадварын хамгийн том уралдаан болох "WorldSkills" буюу "Дэлхийн ур чадвар" олон улсын тэмцээнд Монгол Улс 2017 онд 2 дахь удаагаа оролцоно. Энэ удаагийн  44 удаагийн "Дэлхийн ур чадвар" тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод болох бөгөөд тэмцээнд оролцох Монголын багийг шалгаруулах "Монгол ур чадвар" үндэсний хэмжээний тэмцээнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, мэргэжлийн холбоод, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг  (GIZ) хамтран 2016 оны арваннэгдүгээр сараас явуулж эхэлсэн. "Монгол ур чадвар" тэмцээний II шатны тэмцээн 2017 оны нэгдүгээр сарын 18-наас 20-ны хооронд мужаан, цахилгаан, гагнуур, барилгын өрөг угсралт, сантехникийн мэргэжлийн төрлөөр Улаанбаатар хот дахь Техник, технологийн дээд сургууль, Барилгын политехник коллеж, Герман Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Дархан хот дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн байранд тус тус зохион явагдаж байна. Тэмцээнд түрүүлсэн залуус ирэх жилд Абу Дабид эх орноо төлөөлөн оролцох болно.    

2015 оны 8 сард Бразил улсын Сан Пауло хотод болсон 43 дахь удаагийн "Дэлхийн ур чадвар" тэмцээнд Монгол улс анх удаагаа 9 мэргэжлийн төрлөөр оролцож байв.  Монгол улсыг тэмцээн анх удаа оролцоход бэлтгэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон "Германы олон улсын хамтийн ажиллагааны нийгэмлэг" (GIZ) Герман, Швейцарь, Австралийн Засгийн газрын санхүүжилтээр хамтран хэрэгжүүлж  буй "Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт" төсөл, "Солонгосын олон улсын хамтын ажиллагааны агентлаг“ (KOICA) дэмжлэг үзүүлж байжээ.

"Дэлхийн ур чадвар" тэмцээнд оролцох нь Монгол улсын хувьд манай орны мэргэжлийн боловсрол, сургалтын түвшинг дэлхийн бусад орнуудтай харьцуулах, олон улсын стандарт, сүүлийн үеийн шинэлэг технологоос суралцах  цаашлаад монголын мэргэжлийн боловсролын нэр хүндийг өргөхөд дөхөм болно хэмээн албаныхан үзэж буй аж.   


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)