Дэлхийд ховор шувуудаа үзүүлэхэд л үндэсний брэндтэй болно

Цэлмэг тэнгэрт дүүлэн нисэж, усан мандалд дураараа сэлдэг учраас шувуудын амьдрал хүмүүст асар их сонирхолтой байдаг биз ээ. Тиймээс дэлхийн олон орны хүмүүс байгалийн үзэсгэлэнт газруудаар аялангаа шувуудын өнгө зүс, дуу хоолой, амьдралын онцлогийг судлах гэж хошуурдаг болсон гэх. Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээнд шувуу ажиглах сонирхолтой хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд огцом өсөж, тив дамжин аялах болсон байна. Шувуу сонирхогчдын аяллаас олдог дундаж орлого нь АНУ-ын хэмжээнд жилд 32 тэрбум ам.доллар бол Шотландын RSPB байгууллагын тооцоолсноор зөвхөн халзан бүргэд харах зорилгоор ирсэн шувуу сонирхогчдоос жилд 5-8 тэрбум фунт стерлингийн ашиг олжээ. 

Энэ төрлийн аяллыг хөгжүүлэх нь жигүүртнүүдийн амьдрах орчныг судалж, гэрэл зургаар нь тухайн шувууг бүртгэж, судлах боломж бүрддэг учраас тэднийг хамгаалах ач холбогдолтой аж. Түүнчлэн шувуу ажиглаж, гэрэл зургийг нь авах гэж буй хүн хол зайд алхдаг тул хөдөлгөөний дутагдалд орох, илүүдэл жинтэй болох, хараа муудах зэрэг өвчнөөс сэргийлэхэд тустай. Тиймээс энэ төрлийн аяллыг бусад оронд бодлогоор дэмжиж, иргэдийнхээ экологийн боловсролыг дээшлүүлэхэд анхаардаг болжээ. Ингэхдээ шувуудаа бүртгэж, хаана ямар жигүүртэн байдгийг тодорхойлон аяллын маршрут, түүнийг дагасан дээд зэрэглэлийн жуулчны бааз байгуулдаг аж.

Харин манайд энэ салбарыг хөгжүүлэхээр баримталж буй бодлого байхгүй гэхэд болно. БНХАУ-ын “Cun can xin” байгаль орчин хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Жан Цуншу Монголд анх удаа зохион байгуулсан шувуу ажиглах өдөрлөгийн үеэр “Ази болон Европт шувууны өдөрлөг их зохион байгуулдаг. Манай оронд шувуу ажиглах сонирхолтой нэг сая гаруй хүн бий. Тэдний олонх нь Монголд ирж шувуу харахыг хүсдэг. Монголд ямар шувуу байдаг, хэдэн зүйлийн жигүүртэн харж, ажиглах боломжтой талаар мэдэхийг хүссэн ч мэдээлэл хомс юм” хэмээн өгүүлсэн.

Шувуу ажиглах аялал зохион байгуулдаг компаниуд нэг жуулчинд харахыг хүссэн шувууг нь үзүүлээд л 1500-3500 ам.доллар авдаг гэнэ. Жуулчид харахыг хүссэн шувуудынхаа жагсаалтыг гаргачихаад ирдэг учраас тухайн төрөл, зүйл хаагуур нутагладаг, хэдэн цагт үүрнээсээ нисдэгийг нь урьдчилж судалсан байхад л хангалттай. Хөтөч тайлбарлагч нь ямар шувуу нисэж байгааг хараад шууд таньдаг, амьдрах орчин, онцлог шинж чанарыг нь мэддэг бол аялагч нарын “судсыг атгалаа” л гэсэн үг. Гэвч манай оронд ийм ур чадвартай мэргэжлийн хөтөч тайлбарлагч гарын 10 хуруунд багтахаар цөөн. Тайлбарлагчдын олонх нь судлаач учраас жуулчдад хөтөч хийхээс судалгааны ажлаа илүүд үздэг аж. Тиймээс аялагч нарт ихэнхдээ ур чадвар тааруу хөтөч үйлчилдэг нь жуулчдыг “үргээх” эрсдэлтэйг Монголын шувуу хамгаалах төвийн захирал П.Ганхуяг хэлсэн. Оновчтой маршрут болон түүнд бэлтгэгдсэн мэргэжлийн хөтөч тайлбарлагч нарыг сургах, боловсон хүчин бэлтгэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа аж.

Баруун бүсийн Увс, Хар ус, Хяргас, зүүн бүсэд Ганга, Буйр, Хөх нуур, төвийн бүс буюу Хангай, Хөвсгөл, Хэнтийн нуруунд дэлхийд ховор зүйлийн шувууд элбэг учраас тэнд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтойг судлаач нар хэлж байна. Гэвч эдгээр бүсэд гадаад, дотоодын жуулчдыг хүлээж авах тохилог бааз байхгүй, мөн дэд бүтэц муу учраас шувуу ажиглах аялал зохион байгуулахад хүндрэлтэй гэнэ.

Дэлхийд 10 мянга орчим төрөл зүйлийн шувуу байдгаас 509 нь манайд бий. Тэдний 80 гаруй хувь нь нүүдлийнх. Монгол орон дэлхийн шувуудын нүүдлийн (Зүүн Ази-Австрали, Төв Ази болон Баруун Ази) замд байрладаг нь бидний хувьд том боломж. Нийслэлийн нутаг дэвсгэрт 227 зүйл шувуу бүртгэгдсэнээс өвөлждөг 41, нэн ховор 42, ховор 69, элбэг 42, ердийн 71 зүйл шувуу байна. Манайд ирж буй шувуу сонирхдог жуулчид Төв Ази, тэр дундаа Монголын унаган зүйл гэж хэлж болохуйц 40 орчим шувууг харах хүсэлтэй байдаг гэнэ. Тэдгээр шувууны дийлэнх нь хээр болон говийн бүсэд тархжээ. Тухайлбал, хулан жороо, монгол ногтруу, цөлийн зэржгэнэ, чогчиго, загийн бор шувуу, Дорнын хиазат, монгол болжмор, монгол газрын боршувуу зэргийг дурдаж болно. Эдгээр зүйлээс гадна ховор таарах өндөр уулын өгөөлэй шулгана, Козловын хайруулдай, Алтайн хойлог зэрэг шувууг дээр дурдсан газруудаас харах боломжтой. Гэвч манай орны шувуудын дийлэнх зүйл нь олон улсын байгаль хамгаалах холбооны шалгуураар мэдээлэл дутмаг гэсэн ангилалд ордог учраас тэднийг ажиглах боломж хомс.

Мэдээлэл хомс хэдий ч судлаач нарын олон жил хийсэн ажлын дүнд манай орны шувууны аймагт арван зүйл шинээр бүртгэжээ. Тэдгээр нь дэлхийд ховор, байгаль, экологид тустай, Монголд анх удаа бүртгэсэн шинэ зүйл. Тодруулбал, бэсрэг дэглээ, зээрд хүүргэнэ, зээрд түнжгэр, халзан шүрсүүлт зэрэг юм. Зээрд түнжгэр нь Зүүн өмнөд Ази, Тайланд, Тайвань, Солонгост амьдардаг хэрнээ Монголд бүртгэгдсэн. Мөн өрвийт доронго, үнсэн доронго гэх шувуу олджээ. Эдгээр шувуу ихэвчлэн халуун оронд тархсан бөгөөд шинэ зүйл бүртгэж байгаа нь ажиглагч олширсонтой холбоотойг судлаачид онцлов. Тиймээс шувуудаа судалж, дэлгэрэнгүй мэдээлэлтэй болж чадвал ховор жигүүртнээ үрж зарах аргаар биш, үзүүлэхэд л үндэсний брэндтэй болох боломжтойг МУИС-ийн профессор, Монголын шувуу судлалын нийгэмлэгийн захирал С.Гомбобаатар өгүүлсэн.

Шувуутай холбоотой анхны гарын авлага “Шувуудын хөрш” нэртэй ном хойд Америкт гарч байжээ. Гарсан даруйдаа 250 мянган ширхэг борлогдсон гэдэг. Харин манай орны шувуудын тухай бүрэн хэмжээний гарын авлагыг залуу судлаач Г.Дорж Британийн хэвлэлийн компанитай хамтран өнгөрсөн сард гаргасан. Түүний ном гадаадын зах зээлд эрэлттэй байгаа нь манай орны шувуудын тухай мэдээлэл Монголд төдийгүй олон улсад хэрэгтэй байгаагийн илрэл гэж эрдэмтэд үзжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)