Дэлхийд сэтгэл гутралд орсон 322 сая хүн бий

Сэтгэл гутралын эмгэг нь хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хөгжлийн бэрхшээлтэй болгож байгаа гол хүчин зүйл болсныг өнөөдөр тэмдэглэж буй “Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийг тохиолдуулан ДЭМБ мэдэгдлээ. Энэ жил “Сэтгэл гутрал: Ярилцацгаая!” сэдвийн хүрээнд уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Өдгөө дэлхий даяар сэтгэл гутралд орсон 322 сая хүн байгаа тухай баримтыг тус байгууллага нийтэлжээ.

2005 оноос хойш сэтгэл гутралд орсон хүмүүүсийн тоо 18 гаруй хувиар өссөн байхад тэдэнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхийн оронд гутаан доромжлох явдал газар авсан нь тэд тайван амьдрахад саад болж байна. Ийм байдлыг залруулахын тулд ДЭМБ сэтгэцийн эрүүл мэндийн кампанит ажил өрнүүлж буй аж. “Итгэдэг хүнтэйгээ байнга ярилцах нь сэтгэл гутралаас гарч, эрүүл болох анхны алхам болно” гэж ДЭМБ-ын Сэтгэцийн эрүүл мэндийн газрын захирал Шекхар Саксена хэлжээ.

Сэтгэл гутралд орсноор хүн байнгын гунигтай, өдөр тутам идэвхгүй, ажиллах сонирхолгүй болж, улмаар сэтгэцийн эмгэгтэй болдог гэнэ. Энэ нь донтох, амиа хорлох үйлдэл хийх болон чихрийн шижин, зүрхний өвчтэй болох магадлалыг нэмэгдүүлдэг. ДЭМБ-ын мэдэгдсэнээр, Засгийн газрууд эрүүл мэндийн төсвийнхөө ердөө гуравхан хувийг сэтгэцийн эмгэгтэй иргэддээ зарцуулж байна. Ядуу буурай орнуудад энэ үзүүлэлт нэг хувьд хүрэхгүй байгаа бол хөгжингүй улсуудад тав орчим хувьтай байна


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)