Дэлхийд “довтой” жүдоч ДОРЖСҮРЭНГИЙН СУМЪЯА

Олимпийн мөнгөн медаль хүртэж монгол түмнээ баярлуулсан Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяагийн тухай өнгөрсөн зургадугаар сард бичсэн нийтлэлээ толилуулж байна. 

Саяхан жүдогийн бөхийн “Мастерс” тэмцээн болсон билээ. Жин жинд Дэлхийн чансааны эхний 16-д бичигдсэн бөхчүүд хүч үздэг тус тэмцээнээс манайхан хоёр алт, хоёр хүрэл медаль авсан. “Мастерс”-т түрүүлсэн хоёр аваргын нэг нь Доржсүрэнгийн Сумъяа. Эмэгтэйчүүдийн 57 кг-д барилддаг энэ бүсгүй “Мастерс”-т хоёр дахиа аваргалсан юм. Өмнө нь манай бөх 2013 онд дэлхийн шилдэгүүдийг “нураан” “Мастерс”-т анх удаа түрүүлж байлаа.

Д.СУМЪЯА БӨХӨД ИНГЭЖ “ДУРЛАСАН”

Д.Сумъяа таван дүүтэй бөгөөд тэдний дөрөв нь эрэгтэй. Дүү нартайгаа ноцолдож өссөн учраас түүнд бөх болох хүсэл бүр эртнээс төрсөн гэдэг. Түүний аав залуудаа чөлөөт бөхөөр шаггүй барилддаг эр байжээ. Бөхөд хайртай аав нь түүнийг дагуулж, “Монгол охид” клубт очсон цагаас Базарсүрэн, С.Эрдэнэбат багш нараараа самбо, жүдогийн “А” үсэг заалгасан Сумъяа өдгөө дэлхийн шилдэг хүчтэнүүдийн тоонд зүй ёсоор багтаж явна.

ГАВЬЯАТЫН ХАЛААГ АВСАН ЖҮДОЧ

Олон улс, тив, дэлхийн дэвжээнд эмэгтэйчүүдийн 57 кг-д Х.Эрдэнэт-Од эх орныхоо нэрийг мандуулж явсан билээ. Гавьяат тамирчин зодог тайлсны дараа түүнийг халааг хэн авах вэ гэдэг асуулт олны дунд хөвөрч байв. Тухайн үед дөнгөж гарч ирж буй залуу жүдоч Д.Сумъяагийн ур чадвар өдрөөс өдөрт сайжирч байсан бөгөөд олон хүн түүнийг л Х.Эрдэнэт-Од гавьяатыг залгах тамирчин хэмээн бодож суусан. Увс аймгийн Баруунтуруун сумаас гаралтай охин энэ үеэс эхлэн жүдогийн татамид амжилтаа “цэцэглүүлж” эхэлсэн юм. Тэрбээр 2009 онд “Чингис хаан” дэлхийн цомоос мөнгөн медаль зүүж, ОУ-ын тэмцээний анхны амжилтаа үзүүллээ. Жиндээ биеэр жижигдэггүй Сумъяа бяраар хэнээс дутахгүй. Манай бөхчүүд хэвтээ барилдаанд тааруу хэмээн шүүмжлүүлэх нь олон. Тэгвэл Д.Сумъяа хэвтээгээс тун сайн барилддаг. 2012 оны УАШТ-д түрүүлэхдээ бүх өрсөлдөгчөө дарах мэхээр цэвэр ялсан нь үүнийг нотлоно. Сумъяа Х.Эрдэнэт-Од багшийнхаа хүрээгүй оргилд хүрч, мөрөөдлийг нь биелүүлэх хүсэлдээ хөтлөгдөж яваа нэгэн.

ОЛИМПИЙН НААДАМД ХҮЧ ҮЗЭВ

2012 оны Лондонгийн олимпод Д.Сумъяа эх орноо төлөөлөн 57 кг-д хүч үзэхээр мордлоо. Сумъяа 2012 он гарсаар дэлхийн татамид сайхан амжилт үзүүлсэн бөгөөд оны эхэнд болсон Софигийн дэлхийн цомоос хүрэл медаль авсан юм. Дараа нь Дюселдорфын гранприд өнгөтэйхэн барилдаан гаргаж, их шөвөгт үлдсэн ч олимп, дэлхийн аварга Японы алдарт бөх Каори Мацүмотод ганцхан юүкогоор ялагдав. Гэхдээ манай бөх хүрлийн төлөөх барилдаанд Германы жүдочийг хожин медалийн тавцанд зогссон юм. Тус тэмцээний араас залган болсон Варшавын дэлхийн цомоор Б.Сумъяа “шимтэйхэн” барилдаан үзүүлж, финалд хүрсэн бөгөөд шувтаргын барилдаан Германы Ф.Вьолаг хараахан баралгүй мөнгөн медаль авлаа. Олимпийн өмнөхөн болсон Азийн АШТ-д мэргэжилтнүүд Д.Сумъяаг аль хэдийнэ жиндээ аваргалах хүмүүсийн тоонд оруулж байв. Гэвч манай бөх Анзү Ямамотод дийлдэж улмаар хүрэл медаль өвөртөлсөн юм. Олимпийн наадам ч эхэлж Д.Сумъяа эхний тойрогт БНСУ-ын Ким Жан-дитэй оноолт таарлаа. Хоёр бөхийн барилдаан үндсэн цагт шийдэгдээгүй бөгөөд “golden score” сунган барилдсан бөхчүүд бие биенээсээ үнэлгээ салгаж чадсангүй. Тиймээс барилдаан шүүгчдийн саналаар шийдэгдэхэд БНСУ-ын бөх цааш барилдах эрхтэй болж, Сумъяа маань олимпийн наадмыг орхисон юм. Энэ барилдаан манай бөхөд том сургамж хайрласан гэхэд хилсдэхгүй. Манай бөх тус барилдаанаас өрсөлдөгчөө нэмэлт цагт илт илүүрхэх ёстой гэдгийг ухаарсан юм.

ШИГШМЭЛ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААНЫ ШИЛДЭГ НЬ

Д.Сумъяа 2013 онд Мастерс тэмцээнд зодоглож, Оросын И.Заблудина, Бразилийн Р.Сильва, Японы А.Ямамото, Францын А.Павиа гэсэн бөхчүүдийг дараалан нурааж, Мастерсын аварга жүдочдын тоог нэгээр нэмсэн. Ялангуяа шигшээд энэ жингийн манлай бөх А.Павиаг хожсон нь түүнийг жингийнхээ шилдэг болсоныг илтгэх буй за. 2013 онд Д.Сумъяа “Чингис хаан” гранпригээр олимпийн наадмаар 10 минут барилдаад “дийлээгүй” БНСУ-ын Ким Жан-диг нутаг дээрээ иппон буулган даагаа сайхан нэхсэн юм. Мөн онд Азербайжаны Баку хотод болсон их дуулгаас Д.Сумъяа хүрэл медаль зүүлээ.

ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙН ООСОРООС АТГААД АЛДЛАА

Д.Сумъяа дэлхийн аваргын медалийн үзүүрээс атгаад алдсан жүдоч. Өнгөрсөн жил хойд хөрш ОХУ-ын Челябинскт ДАШТ болоход манай эмэгтэйчүүд багаараа аман хүзүүдэж бахдам амжилт гаргасан. 2013 оны дэлхийн аварга М.Уранцэцэг азгүйтсэний дараа манайхан эмэгтэйчүүдээс харах ганц бөхтэй үлдсэн нь Д.Сумъяа байлаа. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, Израйлийн Камила Минакава, Унгарын Каракас нарыг ялснаар шөвгийн наймд шалгараад байсан. Хэсгийн аваргын төлөө дэлхийн аваргын алт (2013), хүрэл (2011) медальт Рафаэль Силваг ялж, мөнгөн медалийн төлөө Португалийн Телма Монтейрод цэвэр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө Голландын Санни Верхагентэй барилдаж, юүко үнэлгээгээр ялагдал хүлээж, ДАШТ-ий медаль амар ирдэггүйг биеэрээ мэдэрсэн юм. Гэхдээ 2015 оны Астанагийн дэлхийн аваргад түүнийг медаль авна хэмээн олон хүн хүлээж суугаа.

УАШТ-ИЙГ ЭЗЭГНЭСЭЭР

Д.Сумъяа улсын аваргад сүүлийн дөрвөн жил жиндээ “босоо” байгаа. Анх 2012 онд бүх өрсөлдөгчөө дарах мэхээр төвөггүйхэн хожсон тэрбээр 2013 онд бусад тамирчдаасаа ур чадвар, техник, мэхээр илт тасархай байсан юм. Тиймдээ ч Д.Сумъяа 2013 оны улсын аваргын шилдэг эмэгтэй жүдоч болсон. Өнгөрсөн жил учраануудаа ээлж дараалан орхисоор финалд доод жингээс өгсөн барилдсан М.Бундмааг буулган авснаар улсын аваргын гурав дахь алтаа авчээ. Энэ жил Д.Сумъяа жиндээ “дархан” гэдгээ дахин баталсан бөгөөд аваргын төлөө Т.Амаржаргалыг боох мэхээр цэвэр ялсан юм.

САМБОГИЙН ДАШТ-ИЙ ГУРВАН АЛТ ТҮҮНИЙХ

Самбо бөхийн сүүлийн гурван жилийн ДАШТ-д хэнд ч ялагдаагүй босоо аварга бол тэр. Д.Сумъяа 2012 онд дэлхийн аваргад анх удаа түрүүлэхдээ шилдэг хүчтэнүүдийг сөхрүүлсээр финалд болгарийн Калина Стефановаг өвдөг шороодуулан алтан медаль хүртсэн юм. Дараа жил нь мөн л болгар бүсгүйг хожиж дэлхийн хошой аварга болжээ. Өнгөрсөн онд манайхан Японы Нарита хотод болсон самбо бөхийн ДАШТ-д өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, гурван алтан медальтай ирсний нэг нь Сумъяагийнх байлаа. Тэрбээр аваргын төлөө Татьяна Зенченког орхиж, дэлхийн аваргад гурав дахь удаагаа түрүүлсэн юм.

ДУТУУГАА ГҮЙЦЭЭЖ, ДУНДУУРАА ДҮҮРГЭХ ЖИЛ

Д.Сумъяа одоо олимп, дэлхийн аваргын медаль л байхгүй. Их дуулга, гранпри, Мастерс гээд бүх томоохон тэмцээний медалиуд цөм түүнд бий. Энэ жилийн ДАШТ-д Сумъяаг өндөр амжилт үзүүлэн хэмээн үзэгчид таамаглаж байгаа. Мастерст хоёр түрүүлнэ гэдэг хэн дуртай жүдочийн чадах зүйл биш. Дэлхийн шилдгүүд өрсөлддөг энэ тэмцээн бага дэлхийн аварга л гэсэн үг. Тиймээс өнгөрсөн жилийн ДАШТ-ий азгүйтэлээ Д.Сумъяа Астанагийн татамид арилгах бүрэн боломжтой. Мөн цаана нь Риогийн олимп хүлээж байгаа Сумъяа минь. Элэг нэгт монгол түмэн чинь дээлнийхээ захыг “тасартал” мушгиж чамайг дэмжих болно оо.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)