Дэлхийд ганц эко чарга

Өвлийн спорт, жуулчлалыг дэмжигчид сүүлийн жилүүдэд нохой чаргаар аялаж, зугаалан хөгжүүлэж буй. Монгол Улсад сүүлийн зургаан жилийн турш эл аяллыг хөгжүүлж байгаа Б.Ананд хуванцар сав, гялгар уут ашиглан эко чарга бүтээжээ. Тэрбээр “Мод, төмөр, зэс гээд байгалийн шавхагдах баялгийг ашиглан өмнө нь олон удаа туршилт хийж чарга бүтээсэн бол энэ удаа хаягдал ашиглан хийлээ. Гялгар уут байгаль дээр задралгүй 100- 400 жил болдог. Үүнийг зөв ашиглавал мод, төмрөөс илүү бат бөх материал. Хуванцар чарга нь модоор хийснээс 100 гаруй жил удаан эдлэгдэх байх. Одоогоор дэлхий дээрх цорын ганц эко чарга” гэлээ. Чарга хийхэд багадаа 10 хоног зарцуулахдаа нэг “Портер” хуванцар сав, гялгар уут ашигладаг аж. Хайлуулах, хэвэнд оруулах явцад утаа их хэмжээгээр ялгардаг тул битүү орчинд бага градуст хийж байгаа гэнэ.

Манайд нохой чаргатай аяллыг ихэвчлэн Тэрэлжийн уулсын дунд хийдэг аж. Нэг чарганд хоёр хүн суух бөгөөд дунджаар 5-9 нохой аялагчдыг чирэн хурдалдаг. Чарганд ихэвчлэн хаски үүлдрийн нохой хөллөдөг. Ноход нэг удаад таван км зайд 30-40 минут хурдлах чадвартай ба өдрийн турш 35 км замыг туулах бөгөөд 50-60 км явсан ч ядардаггүй аж. Хаски үүлдрийн нохойг Сибирийн, Аляскийн гэж ангилдаг. Манайд аль алинаар нь чарга чирүүлдэг байна. Сибирийнх нь манай уур амьсгалд илүү тохиромжтой бөгөөд биеийн хэмжээгээр багахан ч илүү сэргэлэн, чийрэг, хатуужилтай гэнэ. Зургаан жилийн өмнөхтэй харьцуулахад эл аяллыг сонирхох иргэдийн тоо 60 гаруй хувиар өсжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)