Дэлхийг үүрдэг цох

Энэ цох үнэхээр баастай “ноцолддог” ч байгальд зөгийнөөс дутахгүй чухал үүрэг гүйцэтгэдэг. Мал, амьтны ялгадсаар хийсэн бөмбөлгөө Африкийн экватор орчмын бүс нутгаар өнхөрүүлж явдаг уг шавьжийг эртний египетчүүд шүтдэг байжээ. Ийм цохтой Африкт төдийгүй Өмнөд Америкаас Их Британи, ӨАБНУ-аас Финланд, АНУ-аас ОХУ хүртэлх газар нутагт тааралдана. Байгальд баасны гэсэн тодотголтой 600 гаруй төрлийн цох бий. Тэдгээрийн олонх нь ашигтай ажил буюу хөрс бордон, шимэгч хорхойнуудыг устгаж, хүлэмжийн хийг багасгахад тодорхой үүрэг гүйцэтгэдэг.

Эртний Египетийн шарилын бичээс, гоёл чимэглэл, сүмийн хана, сахиус шүтээн зэрэг янз бүрийн эд зүйлс дээр энэ цохыг дүрсэлсэн байдаг. Баасаар хийсэн бөмбөлгийг өнхөрүүлж буй нь нар зүүнээс баруун руу эргэх хөдөлгөөнийг бэлгэддэг хэмээн египетчүүд үздэг аж.

Шведийн хөдөө аж ахуйн шинжлэх ухааны их сургуулийн экологич Томас Рослины тэмдэглэснээр, баасны цох байгаль дахь шувуудын адил олон төрөл зүйлтэй. Тэдгээр нь том, жижиг биетэй, хурц тод болон хар өнгөтэй, эвэртэй, бас эвэргүй, сэрүүн нугад болон халуун орны ойд ч амьдардаг. Тэр хэдэн мянган төрлийн нэг хэсэг нь л алдарт бөмбөлгөө өнхөрүүлж, дийлэнх нь тийм ажил огт хийдэггүй гэнэ. Зарим нь амттай өөр зүйл өнхөрүүлдэг болжээ.

Экваторын бүсэд баасны эрэлд явсан цох ширүүн тулаанд орох нь бий. Энэ төрлийн “бизнес” өрсөлдөөн ихтэй болсон аж. Тэдгээрийн нэг хэсэг нь бэлэн ялгадсыг түрүүлж авахын тулд сармагчинд ойр амьдрахыг илүүд үздэг байна. “Хэн амжсан нь л иднэ” гэсэн тогтсон зарчим тэдгээр цохонд үйлчилдэг. Халуун оронд нэг газарт л гэхэд идэшнийхээ төлөө тэмцэлддэг, 150 гаруй төрлийн баасны цохтой тааралдана гэж онгон байгалийг хамгаалах олон улсын “Rapid assessment” хөтөлбөрийн захирал, эрдэмтэн, экологич Тронд Ларсен тэмдэглэжээ. Өрсөлдөөн ихтэйн улмаас тэдгээр цохны нэг хэсгийн дадал хэвшил өөрчлөгдөж, уламжлалт идэшнээсээ өөр зүйл “ангуучилдаг” болсон гэнэ.

Хичээнгүй цэвэрлэгч, муудсан жимс, мөөг, өмхөрсөн сээр нуруугүй амьтдын үнэрийг цээрлэдэггүй цох хүний нүдэнд анзаарагдахгүй ч манай гаригийг цэвэрлэсээр байна. Тэдгээрийн зарим нь аварга том дунгийн нуруунд амьдарч, салсаар нь хооллохоос гадна үнэгүй тээвэрлүүлдэг аж.

Гэхдээ амьд амьтан ангуучилдаг болсон баасны цох эрдэмтдийн анхаарлыг их татаж байна. Эрдэм шинжилгээний бүтээлд тийм анчин цохын тухай аль хэдийнэ эш татсан байдаг гэнэ. Жишээ нь, Бразилд том шоргоолжны толгойг тасдаж, биеийг нь нүхэндээ авч орсон баасны цохын тухай тэмдэглэжээ.

Онцлог нь олон хөлтэй шавьж тийм цохны идэш болдог гэнэ. Олон хөлтэй, амьд шавьж ангуучилдаг баасны цохнуудын тухай цуглуулсан олон мэдээллээ.

Тронд Ларсен өөрөө нотлохоор шийджээ. Тэрбээр туршилтдаа Перугийн “Deltochilum valgum” цохыг ашиглажээ. “Би өөрийн нүдээр хараад үнэхээр гайхсан. Баасны цох маш нарийн “төлөвлөсөн” стратегиар олон хөлт рүү дайрсан” гэж эрдэмтэн сэтгэл нь ихэд хөдөлсөн байдалтай ярьжээ.

Баасны цохыг араатан биш болохоор байгаль амандаа, эсвэл толгойдоо хурц ямар нэг юмтай болгож зэвсэглээгүй. Мэргэжлээ сольсон цох ангаа аажим мөчилж иддэг гэнэ. Олон хөлтийг ангуучилдаг болсон нь эрс өөрчлөлт биш гэж Т.Ларсен үзжээ. Эрт, орой хэзээ нэгэн цагт баасны бусад цох “мэргэжлээ солино” гэж тэрбээр хэлэв. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Преторийн их сургуулийн эрдэмтэн, шавьж судлаач Кларк Шольтц түүнтэй санал нэг буйгаа илэрхийлжээ. “Нас бие гүйцсэн баасны цох ялгадас иддэггүй. Өчүүхэн жижиг салст иддэг. Хэний, юуных нь чухал биш” гэж тэрбээр ярив.

Ялгадас, эсвэл үхсэн сээр нуруугүйтнээр хооллохдоо олзныхоо шим тэжээлтэй бодисыг л авдаг. Гэхдээ дийлэнх цохын хувьд гол нь баас цэвэрлэх юм. Бөмбөлгөө өнхөрүүлж, газарт булж, баасан дундаа амьдрах тал дээр цохноос өөр мастер үгүй. Тэд энэ ажлаа динозаврын үеэс л хийдэг байжээ.

Нарны хөдөлгөөнийг дагаж хийдэг ажлынх нь талаар нотолгоо байхгүй ч орлох аргагүй, өөр чухал олон зүйлийг тэд хийдэг.

“Баасны цох экологийн тогтолцооны салшгүй хэсэг. Тэд зөгий шиг л ашигтай. Гоё, сайхан орчинд амьдардаггүй болохоор хийдэг үнэ цэнэтэй зүйлсийг нь бид бараг л мэддэггүй” гэж Их Британийн Бристолийн их сургуулийн эрдэмтэн Бриони Сэндс ярилаа.

Ялгадсыг цэвэрлэх үр нөлөөтэй систем байгаагүй бол манай гариг дахин боловсруулаагүй бохирын балчиг хэдийнэ болох байсан биз.

Энэ систем нь баасны цох. Тэд ялгадсыг янз бүрийн аргаар дахин боловсруулж, түүн дотроо өндгөө гаргадаг. Авгалдай нь ялгадсаар хооллосноор байгалийн эргэх хөдөлгөөнийг дэмжиж, дэлхийг жорлон болгосонгүй.

К.Шольтц хэтийн байдлыг харахыг санал болгожээ. “Өмнөд Африкт 15 сая мал бий бөгөөд тус бүр нь өдөрт 12 үхрийн баас ялгаруулна. Энэ нь өдөрт 5500 орчим тонн бохир үйлдвэрлэж буй гэсэн үг. Хэрэв баасны цох байгаагүй бол бид өвдгөөр татсан ялгадас дунд зогсох байх. Зөгийтэй харьцуулаад үзээрэй” гэж тэрбээр тайлбарласан байна.

Цох зөвхөн бэлчээрийн үржил шимд санаа тавьдаггүй. Тэд үр тарааж, хөрсний бүтцийг сайжруулж, шимэгч хорхойн тархалтыг бууруулдаг нь малд төдийгүй хүнд ч ашигтай. Эдгээр сайн тал нь туршилт явуулсан эрдэмтдийн анхаарлыг татаж, экологийн өөрчлөлтөд амжилт олохын тулд цохыг ашиглахаар шийджээ.

Цох хамгийн сайн үүрэг гүйцэтгэсэн гайхалтай жишээ Австралийн түүхэнд тэмдэглэгджээ. 1960-аад онд тус улс малын хөлд дарагдаж, жинхэнэ гамшиг нүүрлэсэн аж. Тэндхийн цох уутат амьтдын хуурай, хөнгөн ялгадсанд дассан учир үхрийн аргалыг дийлэхгүй байв. Бэлчээр нь аргалд дарагдаж, түүн дээр ялаа буцалж, жинхэнэ сүйрлийн дүр зураг бий болжээ.

Тэр үед Австралийн эрдэм шинжилгээ, судалгааны нэгдэл зоригтой алхам хийж, “Баасны цох ашиглах Австралийн төсөл” боловсруулсан байна. Эрдэмтэд 20 жилийн турш дэлхийн өнцөг булан бүрээс улсдаа 53 төрлийн баасны цох авчирчээ. Гадаадынхан ялгадсанд дарагдахаа байж, ялаагаа 90 хувиар бууруулж чадсан аж. Үүнд задгай цайны газрын эзэд онцгой их баярласан байна.

Уг төсөл үнэхээр агуу ажил болсон бөгөөд баасны цохыг Австралид төдийгүй Шинэ Зеландад ашигласан гэнэ. Мэдээжийн хэрэг тэдний оролцоо манай гаригийн өөр газарт ч хэрэг болно.

Эл шавьжны сайн талын жагсаалтад тэд хүлэмжийн хийн хаягдлыг бууруулах чадалтайг тэмдэглэх ёстойг Томас Рослин болон түүний хамтрагчид нотоллоо. “Цох үүрлэсэн үхрийн бааснаас ялгарах намгийн хий 40 орчим хувиар буурдаг. Энэ шавьжны үүсгэсэн хонгил нэг ёсны агааржуулагч болж, түүгээр дамжуулан баасанд хүчилтөрөгч ордог. Намгийн хий ялгаруулдаг нянгууд хүчилтөрөгчид тэсвэргүй. Энэ нь бусад нянгийн тэнцвэрт байдлыг ч хангадаг” гэж Т.Рослин тэмдэглэжээ.

Хүнсний хангамжийн гинжин хэлхээнээс ялгарч буй хүлэмжийн хийн асар их хаягдалтай харьцуулахад цохын оруулж буй хувь нэмэр бага. Гэсэн ч тэдний гүйцэтгэдэг үүрэг манай гаригт болж байгаа үйл явцад олон талын ач холбогдолтой юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)