Дэлхийг “цэнэглэх” монгол овьёос

Өглөөний зөв хооллолтын талаар хоолзүйчид олон удаа хөндөн ярьж, сургалт, сурталчилгаа хийх болсон. Монголчууд өглөө хоол идэхгүй ажилдаа гарах нь түгээмэл. Ялангуяа эрчүүд өглөө хэлэн дээрээ үмх мах, хэрчим талх тавихгүй ажилдаа яарах нь элбэг. Өглөө хооллодоггүй, хүнсний зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй өвчлөл Монголд ихээхэн тохиолддог билээ. Ходоодны шархнаас эхлээд цааш даамжирна. 

АНУ-д долоон жил ажиллаж, амьдарсан гэр бүлийн хоёр У.Насандэлгэр, Б.Хулан нар эх орондоо ирсэн даруйдаа монголчуудаа байгалийн гаралтай, эрүүл хүнсээр “дайлах”-аар зориг шулууджээ. Ингээд овьёосоор хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгааны ажил эхлүүлсэн байна. Улмаар “Монфүүдлэнд” компаниа байгуулан 2014 оноос анхны бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэжээ. 

Тэднийх одоо “Мовьёос”, “Цэнэглэгч” нэрийн овьёосон бүтээгдэхүүн тус бүр гурван төрлийг зах зээлд нийлүүлж байна. Мөн “Хөөрхөн” нэртэй овьёосны бантан болон зутан 3-4 төрлийг үйлдвэрлэж байгаа. Үүгээр зогсохгүй “Элдэвтэй” нэрийн овьёосны гурил дөрвөн төрлийг худалддаг.

Гэр бүлийн хоёр бизнесийн санаагаа ингэж олсон. Тэд АНУ-д амьдардаг байхдаа хүүхэдтэй болжээ. Нялх үр нь өндөг, сүүний харшилтай. Тиймээс тохирох хүнс олохоор эрэлхийлдэг байж. Нэг удаа хүүхдээ тэргэн дээр суулгачихсан дэлгүүрт явж байтал бяцхан жаал нь нэгэн бүтээгдэхүүн татаж унагасан нь овьёосоор хийсэн өглөөний хоол байсан гэнэ. Ингээд орц найрлагыг нь уншаад, хэрэглэж үзэхээр шийдэн, хүүхдээ овьёосоор хийсэн бүтээгдэхүүнээр хооллох болсон байна. 

Эх орондоо ирээд, түүнээсээ санаа авч, овьёосон бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр шийдсэн хэрэг. У.Насандэлгэр жил гаруй судалгаа хийсний үндсэн дээр ямар нэгэн барьцалдуулагч, хадгалагч химийн нэмэлт бодисгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх нь зөв гэсэн дүгнэлтэд хүрсэн аж. Судалгаагаар овьёосонд ихээр агуулагдах лигнан хэмээх бодис нь цусны даралт ихсэх өвчин, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин зэрэг хэд хэдэн өвчний эрсдэлийг бууруулдаг нь тогтоогджээ. Үүнээс гадна эслэгээр баялаг, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан, өтгөн хатахаас сэргийлдэг байна. 

АНУ-ын “Mayo clinic” ашиггүй холестерины хэмжээг хамгийн их бууруулдаг үр дүнтэй таван хүнсний нэгээр овьёосыг нэрлэсэн байдаг аж. Компанийнхаа үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар ажилладаг Б.Хулан “Энгийнээр хэлэхэд, овьёостой хүнсний бүтээгдэхүүнийг өглөөний цайнд хэрэглэхэд цаг бага шаарддаг, өег, таргалалтаас сэргийлдэг онцлогтой” гэж тодотгосон юм.

Тэд анх түрээсийн байранд, дөрвөн ажилтантайгаар үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Өөрсдийн хуримтлуулсан хөрөнгөөр анхны шаваа тавьсан байна. Хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ танилцуулахын тулд эхэндээ биет амталгаа ихээхэн хийдэг байжээ. Ингэж иддэг, тэгж хэрэглэдэг гээд өөрсдөө үзүүлэн тайлбарладаг байж. Зарим хүн тэдний бүтээгдэхүүнийг эм гэж ойлгох тохиолдол ч гарчээ. Настайчууд танай бүтээгдэхүүнийг хэдэн цагийн зайтай, яаж хэрэглэх вэ гэж асууж байсан тохиолдол ч бий гэнэ лээ. 

“Монфүүдлэнд” компанийн захирал У.Насандэлгэр “Манайх овьёосоор бүтээгдэхүүн хийдэг Монголдоо анхдагч үйлдвэр. Монголчууд овьёосыг мал л иддэг гэсэн ойлголттой байсан байж магадгүй. Гэхдээ ийм төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх хүлээлт байсан юм шиг санагддаг” гэв. Тэгвэл Б.Хулан “Бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр төдийлөн сурталчилгаа явуулаагүй. Бүтээгдэхүүн маань хэрэглэгчээс хэрэглэгчид ам дамжин хүрч, зах зээлээ тэлсэн” гэж ярилаа.

Одоо “Монфүүдлэнд” компани олны нэрлэдгээр Зурагтад оффис, үйлдвэрийн барилгатай болсон. Айлын хашааны газар худалдаж авч, хоёр жилийн өмнө 700 ам метр талбай бүхий оффис, үйлдвэрлэлийн барилга ашиглалтад оруулсан байна. Ингэснээр ажлын байрны тоо нь 40 давжээ. Тэднийх ачааны зургаан машинаар Улаанбаатарын 700 орчим худалдааны төв, дэлгүүрт хүрч ажилладаг болсон аж. 

Орон нутгаас гэрээт борлуулагч нь болох сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжүүд ч хүсэлт ирүүлдэг гэнэ. “Монфүүдлэнд” компанийнхан удахгүй үйлдвэрийн шинэ барилга барихаар зэхжээ. Тэгсэн цагт оффис болон үйлдвэрлэлийн обьектынх нь талбай хоёр дахин нэмэгдэх аж. Одоогоор байр нь жижигдээд, үйлдвэрлэлийн 2-3 шугамаа ашиглаж чадахгүй байгаа гэнэ.

У.Насандэлгэр “Манай компани олсон ашгаараа л эргүүлж хөрөнгө оруулалт хийгээд, бага багаар өргөжиж байгаа. Түүнээс биш дорвитой зээл, тусламж аваагүй” гэж ярив. Уг нь тэднийх үйлдвэртээ овоохон хөрөнгө оруулах зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд ханджээ. Гэвч барьцаа хөрөнгө бага гэсэн шалтгаанаар багахан зээл олгосон гэсэн.

“Монфүүдлэнд” компанийн үйлдвэрийн байранд цагаан халаад нөмрөн, хөлдөө улавч, толгойдоо даавуун малгай өмсөн нэвтрэв. Тийш нэвтрэхэд цахилгаан шат шиг дөрвөлжин шилэн хоргонд оруулан, тал талаас нь ариутгаж, үлээлгэдэг аж. Үйлдвэрт эмэгтэйчүүд голцуу идэрхэн залуус ажиллаж байлаа. Хоёр залуу орц найрлагыг нь тохируулан, бүтээгдэхүүнийхээ зуурмагийг бэлтгэнэ. Нэг бүсгүй үйлдвэрлэлийн шугам дээр ажиллан, “Цэнэглэгч” нэрийн бүтээгдэхүүн хийж байлаа. Хэсэг залуус бүтээгдэхүүнээ савлаж байв. Тэднээс арай ах нэгэн эр савласан бүтээгдэхүүнийг дөрвөлжин нүхээр агуулах руу зөөнө. Цаанаас нь нэгэн бүсгүй тосон авч, зориулалтын тавиур дээр нямбайлан өрнө.

“Цэнэглэгч” нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг шугам бүрэн автомат аж. Зарим бүтээгдэхүүнээ гар ажиллагаа оролцуулан, хагас автомат байдлаар үйлдвэрлэдэг юм байна. Тэднийх одоогоор өдөрт нэг тонн орчим овьёосны зуурмагаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй гэнэ. Үйлдвэрийн шинэ байраа ашиглалтад оруулчихвал хүчин чадал нь 2-3 дахин нэмэгдэнэ гэж Б.Хулан ярьсан. Хүчин чадал нь нэмэгдэхээр шинээр 20 ажлын байр бий болно гэсэн тооцоог тэд хийжээ. Тэднийх удахгүй 70 орчим ажлын байр бий болгосон дунд үйлдвэр болон хөгжих нь ээ. Тэнд ажилладаг залуус сард дунджаар нэг сая төгрөгийн цалинтай.

“Монфүүдлэнд” компанийнхан алсын хараагаа “Дэлхийд танигдсан монгол брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх” гэж тодорхойлжээ. Түүнчлэн “Эрүүл зөв, шилмэл, хүнсний бүтээгдэхүүн тусгайлан үйлдвэрлэж, Монголын зах зээлд тэргүүлэгч байна” гэсэн эрхэм зорилготой. Тус компани Монгол, Японы загвар аж ахуйн нэгж болсон. Энэ хамтын ажиллагааны хүрээнд Япон, Монголын төвийн шугамаар наран улсаас ирсэн үйлдвэрлэлийн мэргэжилтнүүд тэдний ажилчдад сургалт хийдэг аж. 

Цаашдаа япон загварын менежменттэй үйлдвэр болох зорилтынх нь эхлэл энэ. “Монфүүдлэнд” менежментдээ япон загвар шингээсний дараа буюу ирэх жил арлын оронд болох хүнсний олон улсын үзэсгэлэнд оролцохоор бэлтгэж байгаа гэнэ. Үзэсгэлэнгээс холбоо сүлбээ тогтоож чадвал эскпортлогч болно. У.Насандэлгэр “Монгол хүнд өндөр цалин өгөхийн тулд экспортлогч болох гэж тэмүүлэхээс өөр замгүй. Монголын зах зээлд үйл ажиллагаа явуулаад, ажилчдадаа Өмнөд Солонгосынх шиг өндөр цалин өгч чадахгүй” гэв.

Тэдний бүтээгдэхүүнийг худалдааны төв, дэлгүүрүүд нэр, төрлөөс нь хамааруулаад 700-18 000 төгрөгөөр борлуулдаг. Зарим хэрэглэгч тэдний бүтээгдэхүүнийг импортоор орж ирдэг ижил төрлийн хүнснээс илүү үнэтэй байдгийг дуулгасан. У.Насандэлгэр “Ямар ч барцалдуулагч, хадгалагч бодис найрлагад нь хийдэггүйгээрээ манай бүтээгдэхүүн онцлогтой. Мөн найрлагад нь цөцгийн тос, зөгийн бал ордгоороо импортын бүтээгдэхүүнээс илүү” гэсэн юм.

АНУ-ын “Subway” сүлжээ ресторанд савлагчаас эхлээд менежер нь хүртэл дэвшин ажиллаж, хүнсний талаар чамгүй мэдлэг хуримтлуулсан У.Насандэлгэр “Хэрэв хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хийвэл хадгалах хугацаа нь уртсаад, үнэ нь буурах боломжтой. Гэхдээ бид өндөр ашиг олохоос илүү байгалийн цэвэр, эрүүл мэндэд нэн тустай бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх зорилгоосоо ухрахгүй” гэв. 

Шинэ үйлдвэрээ барьсны дараа хүүхдүүдэд зориулсан олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэнэ. Хүүхдүүд эрүүл, зөв хүнсээр хооллох нь өвчин эмгэгээс ангид байж, улс орныирээдүйн хөгжилд тус нэмэр болно гэж тэд боддог. Ервопын зарим орон иргэдийнхээ эрүүл мэндийг бодлогоор дэмжин хүнсэндээ овьёос хэрэглэхийг хуульчилсан байдаг аж.

“Монфүүдлэнд” компанийнхан үйлдвэрлэлд шаардлагатай овьёосоо Төв, Сэлэнгэ аймагт тариалдаг байжээ. Тэгвэл энэ жилээс үрээ шинэчлэн Халх голд тариалахаар талбай аваад байгаа гэнэ. Эх орны шимт хөрсөнд ургасан овьёосоор үйлдвэрлэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүнийг өөрсдөө хэрэглэж, хэвшээд зогсохгүй, дэлхийн зах зээлд гаргах цаг ойртсоор буйг тэдний хамт олон мэдрүүлэв. Тэд алсын хараандаа тавьсан зорилтоо хэрэгжүүлэхээр алгуурхан урагшилж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)