Дэд хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөв

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Тус Байнгын хороонд харьяалагддаг дөрвөн дэд хорооноос гурвынх нь бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар УИХ дахь намын бүлгүүд саналаа ирүүлжээ. Дэд хорооны гишүүдийн тоо нь тухайн Байнгын хорооны гишүүдийн хоёрны нэгээс илүүгүй байх хуулийн заалттай. Харин Ёс зүйн болон УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос бусад дэд хорооны бүрэлдэхүүнд зөвхөн харьяалах Байнгын хорооны гишүүд орох эрхтэй байдаг. Иймээс тус Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарсан тул УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Р.Бурмаа, Б.Наранхүү нарыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх, УИХ дахь АН, МАН-ын бүлгийн санал болгосноор УИХ-ын гишүүн Н.Батбаяр, С.Баярцогт, Су.Батболд, О.Содбилэг, Н.Энхболд нарыг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Батцогт, Д.Бат-Эрдэнэ нарыг Нутгийн улирдлагын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Су.Батболд, О.Содбилэг, Н.Энхболд нарыг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар болов. Түүнчлэн УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Д.Эрдэнэбат нарыг Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Су.Батболд, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарыг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)