Дэд бүтцийн “хөгжлийн бэрхшээл”

хөгжлийн бэрхшээл зам бүтэц дэд бүтэц

Өндөр хөгжилтэй орнуудын төр, засаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж, тэдэнд бусадтай адил амьдрах боломж бүрдүүлэхээр төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг. Тухайлбал, БНСУ-ын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих 2019-2023 оны төлөвлөгөөгөө баталжээ. Тус улс өдгөө нийтийн тээврийн автобусныхаа талаас багагүй хувийг тэргэнцэртэй иргэн зорчиход зориулан өөрчилж буй аж. Харин ирэх таван жилийн хугацаанд бүх автобусыг автомат налуу шаттай болгохоор төлөвлөжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах, нийтийн тээврийн хэрэгслээр чөлөөтэй зорчиход дэд бүтцийн хөгжил чухал үүрэгтэй. Манай улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ нийгмийн амьдралд хэвийн оролцох боломж бүрдүүлж, шаардлагатай дэд бүтцийг сайжруулна гэж Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Гэсэн ч уг төлөвлөгөөгөө өдий хүртэл хэрэгжүүлээгүйгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн үйл ажиллагаанд оролцох үндсэн эрхээ эдэлж чадахгүй байгаа. Иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх нь битгий хэл хуульдаа “Хөгжлийн бэрхшээлтэй” гэсэн нэр томьёо оруулнаас эхлээд тэднийг гадуурхсан гэхэд хилсдэхгүй. Бодит байдалд иргэд бус, стандартад нийцээгүй дэд бүтэцтэй улс нь “хөгжлийн бэрхшээлтэй” байна.

Барилгын тухай хуулийг 2016 онд шинэчлэн найруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон зайн стандарт, хэрэгцээг тооцсон төлөвлөлт зэрэг 10 гаруй норм, дүрмийг тодорхойлсон байдаг. Тухайлбал, ийм иргэдэд зориулсан шатны өргөн 1.2 метр, иргэн ганцаараа чөлөөтэй өгсөж, уруудаж болохоор налуу, бариултай байх ёстой. Харамсалтай нь манай нийслэлд өнөөдөр стандартад нийцсэн налуу шаттай барилга цөөн гэсэн санал, гомдол холбогдох байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэд уламжилсаар байна. Өмнө нь удаа дараа энэ талаар хандаж байсан ч өнөөг хүртэл дорвитой үр дүнд хүрсэнгүй. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх стандартын бус дэд бүтцээс болж “хазаарлагдаж” байна гэсэн үг.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга “Засгийн газрын тогтоолын дагуу мэргэжлийн хяналтын байцаагчдыг 2012-2018 оны хооронд барилгын шалгалтын комисст оролцуулаагүй. Энэ хугацаанд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрынхан шалгасан. 2018 онд Засгийн газраас тогтоол гаргаж, түүнийх нь дагуу энэ оны гуравдугаар сараас хойш манай байгууллага хяналт шалгалт хамтарч хийж байна. Улсын комиссын бүрэлдэхүүнд мэргэжлийн зарим байгууллага орохгүй, орсон төлөөллүүд нь стандарт, норм, хуулийн шаардлагаа тавихгүй, хангалттай ажилладаггүй. 

Хамгийн гол нь тухайн барилга, байгууламжид чанарын зөрчил илрэхэд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар тухайн зөрчлүүдийг арилгуулах, хариуцлага тооцох эрх зүйн үндэс байхгүй. Иймд Улсын комисс шалгалт хийсний дараа нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан очиж шалган зөрчил, дутагдлыг арилгах үүрэг, даалгавар өгдөг” гэлээ.

Уг нь барилгуудын налуу шатыг стандартын дагуу барьчихвал зөвхөн тэргэнцэртэй иргэдээс хөл муутай, хөгшин настай хүн, ачаа тээш зөөж буй нэгэнд ч хэрэгтэй баймаар. Тэргэнцэртэй иргэд гэрээсээ гарч нийгмийн амьдралд оролцоход явган хүний зам, байгууллагуудын налуу шат, ариун цэврийн өрөө, цахилгаан шатнаас авхуулаад олон бэрхшээлтэй өдөр бүр тулдаг. Улаанбаатар хотод явган хүний гүүрэн гарц тав бий. Үүнээс дөрөв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд зориулсан цахилгаан шаттай. Гэвч тэдгээр нь ажиллахаасаа ажиллахгүй нь олон.

Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Засвар ашиглалт, хяналтын хэлтсийн гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа. Тэрбээр “Явган хүний таван гүүрэн гарцаас дөрөв нь цахилгаан, нэг нь налуу шаттай. Гүүрэн гарцын цахилгаан шат дөрөвдүгээр сараас аравдугаар сарын хооронд буюу дулааны улиралд 07.00-19.00 цагт ажилладаг. Илүү цагаар, эсвэл өвөл цахилгаан шат ажиллуулахаар цахилгааны төлбөр, засвар ашиглалтын зардал өндөр гарчихдаг. Энэ жил дөрвөн гүүрний цахилгаан шат ажиллаагүй. 

Учир нь 2016 оноос хойш явган хүний гүүрүүдийн арчлалтын зардлыг Нийслэлийн замын сангийн хөрөнгөд тусгаж эхэлсэн боловч энэ оны зардлыг баталсан захирамжийг зургадугаар сарын 13-нд гаргасан. Иймд тендерт шалгарсан аж ахуйн нэгж ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны дараа явган хүний гүүрэн гарцуудыг засаж, арчилж арчлалтын засварыг эхэлнэ” гэсэн юм.

Тэгэхээр зардал, мөнгөнөөс болоод явган хүний гүүрэн гарцын хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд зориулж суурилуулсан цахилгаан шат тендер, гэрээ гэж явсаар байтал аравдугаар сартай золгож, төд удалгүй өвлийн завсарлага авах нь.

Уг нь Хот байгуулалтын тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн талаар тусгаж, тухайн хүн саадгүй үйлчлүүлэх орчин нөхцөлийг хангаагүй төсөлд зөвшөөрөл олгохыг хориглосон байдаг. Гэвч стандартад нийцээгүй барилга хот, хөдөөгүй олон. Тухайлбал, Архангай аймгийн Засаг даргаар ахлуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд дэд бүтцийн хүртээмжид үнэлгээ хийх талаар тусгажээ. Энэ ажлын хүрээнд тус аймгийн Эрдэнэбулган сумын олон нийтийн зориулалттай, төр, хувийн хэвшлийн 71 аж ахуйн нэгж, байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Хүртээмжтэй орчны үнэлгээ” хийсэн аж. 

Үнэлгээ хийсэн байгууллагуудын 11 хувь стандартын дагуу, 55 хувь нь стандартын бус, үлдсэн нь налуу шатгүй байсан аж. Нэгэнт барьчихсан замыг стандартын бус гээд өнгөрөлгүй, сэргээн засварлах шаардлага байгааг хангах нь зүйтэй бус уу. Харин Улаанбаатар хотод төр, хувийн байгууллагуудын үүдэн дэх налуу шатны талаар тодорхой судалгаа байхгүй ч ихэнх газрын налуу шат стандартын бус. Тэргэнцэртэй иргэн өгсөж, уруудахад “нисчихмээр”. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16.18–д “Монгол Улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхтэй” гэж заасан байдаг. Манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үнэгүй зорчдог ч өдөр тутам чөлөөтэй явж чаддаггүй.

Нийслэлийн хэмжээнд тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийг тээвэрлэхэд зориулан тоноглосон 56 автобус нийтийн тээврийн үйлчилгээний зургаан аж ахуйн нэгжид бий. Гэхдээ эдгээр тээврийн хэрэгслээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлдэг, эсэх нь эргэлзээтэй. Тоноглосон автобусаар тулгуур эрхтний бэрхшээлтэй хэчнээн иргэн зорчсон талаар тодорхой тоо баримт ч алга. Тэргэнцэртэй иргэд хичээл, сургуульдаа явахдаа өдөр бүр хөлсний унаагаар зорчих боломжгүй, захын хороолол тоноглосон автобусгүй, хотын төвөөр автобус хүлээсэн ч налуу шаттай автобус ирэх, эсэх нь тодорхойгүй.

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан дуут гэрлэн дохио, явган хүний замд тэдэнд зориулсан хавтанг энд тэнд тавьсан нь сайшаалтай. Гэвч зам дээр нь ТҮЦ, сурталчилгааны самбар, мод, хогийн сав байрлуулдаг нь “хорлонтой”. Баянзүрх дүүргийн II хорооны иргэн Б.Ангараг-Эрдэнэ “Хотын төвөөр бие даан явахад явган хүний зам дээр байршуулсан хогийн сав, зарлалын самбар мөргөж, гэмтэх тохиолдол цөөнгүй. Траншейний нүх таггүй байхад ганцаараа явж байгаа хараагүй иргэд их гэмтдэг байсан. Одоо бол тагласан нь сайшаалтай. Гэхдээ замд нүх, эвдрэл их таардаг. Үүнээс болоод шалбааг туулах, унах гээд олон асуудалтай тулдаг. Мөн хотын хэмжээнд авто замын дуут гэрэл дохио гуравхан байдаг. Бусад гарцаар гарахдаа хэн нэгнээс тусламж гуйх шаардлагатай болдог” гэсэн юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн, Хот байгуулалтын, Авто замын, Авто тээврийн болон Барилгын тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй зорчих, аюулгүй хүрэх орчин нөхцөл бүрдүүлэх тодорхой заалтууд тусгасан. Гэхдээ тэдгээрийг хэрэгжүүлж байгаа хувь хүн, албан байгууллага ховор. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан зам, гүүр, орц, гарц бий болгож буйд хяналт тавьж байгаа хүмүүс нь ямар стандарт, зориулалттай ажил хийж байгаагаа мэдэхгүй “гурилдаад” өнгөрдөг бололтой. Үүнээс болж Монгол Улсын 200 гаруй мянган иргэний эрх зөрчигдөж байна.

Энэ байдлыг харгалзан эрх бүхий байгууллагууд хууль дүрмээ эргэн харж цааснаас “хөрсөнд” буулгаасай.

С.ЧҮНСЭРЭЭ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)