Дэггүй Питер Пэний түүх

Үнсгэлжинтэй хамт хойт эхэд нь дээрэлхүүлэн, Буратинотой цуг алтан түлхүүрийн эрэлд гарч, Питер Пэнтэй нийлэн далай дээрэмчидтэй тулалдаж үзээгүй хүүхэд байхгүй биз. Тэгвэл “Питер Пэн”-ийг Монголын үзэгч багачуудад зориулан, алдарт “Бродвей” театрын албан ёсны эрхтэйгээр хүргэх болжээ.

Жэймс Барригийн “Питер Пэн” зохиолыг нийслэлийн “Улаанбаатар” чуулгын тайзнаа амилуулах нь. “Торгоны зам” сангаас санаачилсан уг төслийн продюсер нь М.Халиунбат бол Э.Мөнхтөр найруулж буй. “Манай улсад хүүхдийн урлаг болон гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх үзвэр, арга хэмжээ хомс. Хүүхдэд зориулсан контент нэмэх, жүжигт оролцох хүүхдүүд болон тэдний ар гэрийнхэнд сайхан дурсамж үлдээх нь бидний зорилго” гэж продюсер нь онцолсон.

Дарлингийн асрах газарт үйл явдал эхэлнэ. Ноён, хатагтай Дарлинг, Вэнди, Майкл, Жон нар унтахад бэлдэн, орныхоо өмнө зогсох аж. Мөн сэгсгэр үстэй Нана нохой, асрагч Лиза хүүхдүүдийг ор луугаа явахыг дохино. Хатагтай Дарлинг хүүхдүүдийг унтуулахаар “Өхөөрдөм хоньчин” дууг аялан, дуулсаар. Тэднийг гарангуут Питер Пэн Тинкэр Бэллийг даган хүүхдүүдийн өрөөнд орж ирнэ. Ийн Вэнди нууцлаг гийчинтэй танилцаж, тэд Мөрөөдлийн арал руу аялна. Бяцхан үзэгчид болоод эцэг, эхчүүдэд зориулан тоглохоор зэхэж буй жүжиг ийнхүү өрнөдөг.

Энэ сарын 24-нөөс үзэгчдэд хүргэх “Бяцхан Питер Пэн” хөгжимт жүжгийн сургуулилалтыг сонирхлоо. Биднийг очиход Хүүхдийн урлан бүтээх төвийн тайзан дээр бэлтгэлээ базааж байв. Жүжигчин, найруулагч Э.Мөнхтөр хүүхдүүдэд зааварчилгаа өгч харагдана.

...Мөрөөдлийн аралд далайн дээрэмчид алдагдсан хөвгүүдийг эрж хайх ажээ. Тэд хөвгүүдийг газар доорх нууц оромжид амьдарч, болоогүй бас Вэнди хэмээх шинэ “ээж”-тэй болсныг мэдчихэж. Ахмад Хүүк болон түүний туслах Сми нар хүүхдүүдийг хордуулах төлөвлөгөө зохионо. Шотландын зохиолчийн хамгийн алдартай эл бүтээлд тоглох хүүхдүүдийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуулийн дунд нээлттэй шалгаруулалт зарлаж, сонгожээ. Хөгжимт жүжиг нь үйл явдлыг хөгжмөөр илэрхийлж, дуу, бүжиг, харилцан яриагаар дамжуулан түүх өгүүлдэг тайзны нийлмэл урлаг учраас авьяаслаг хүүхдүүдийг шилж, тоглуулахыг зорьсон байна. Найруулагч Э.Мөнхтөр “Би СУИС-ийн хөгжимт жүжгийн анги төгссөн болохоор энэ төрлийн уран бүтээлд ажиллахыг хүсдэг байлаа. 

“Бродвей” театрт эл жүжгийг олон хувилбараар тоглодог. Тухайлбал, зөвхөн мэргэжлийн жүжигчид л амилуулдаг бүрэн хэмжээний, эсвэл хүүхдүүд хүүхдүүдэд зориулж тоглодог бэсрэг гэхчлэн. Харин бид жуниор (JR) буюу сая хэлсэнчлэн хүүхдүүд хүүхдүүдэд зориулж тоглодог хувилбарынх нь албан ёсны эрхийг авсан юм. Эрхийг нь авах хүсэлт гаргаж, зөвшөөрсний дараа илгээмжээр материалууд ирсэн. Хэрхэн дэглэх, найруулах, ямар хэм хэмжээ, шаардлага зайлшгүй хангах ёстойг нарийн заасан байдаг. Үүний дагуу дүрийн сонгон шалгаруулалт зарлаж, дөрөв, тавдугаар сард хүүхдүүдээ сонгосон. “Бяцхан Питер Пэн” хөгжимт жүжигт 39 авьяаслаг сурагч оролцож буй. Хүүхдийн уран бүтээлээр найруулагчийн гараагаа эхэлж буйдаа их олзуурхаж байгаа. Хүүхдүүдэд урлагийн гайхамшгийг мэдрүүлж, тэднийг нэг хамт олон болгон, уран бүтээл үзэгчдэд хүргэх гэсэн дэврүүн хүслийг нь өрдөх сайхан байна. Ер нь уран бүтээлч хүн хүүхдийн сэдэвтэй ганц ч болов уран бүтээл туурвиж, багачуудтай ажиллаж үзэх ёстой юм байна гэж бодох болсон” гэв.

Жүжигт тоглуулахаар сонгосон хүүхдүүдэд мэргэжлийн уран бүтээлч, багш нар дуу, бүжиг, жүжгийн хичээл өнгөрсөн тавдугаар сараас зааж эхэлсэн гэнэ. Түүнчлэн тэдний өмсөх хувцас, жижиг хэрэгсэл, цаашлаад тайз засал гээд бүхий л зүйлийг мэргэжлийн өндөр түвшинд бэлдэхээр ажиллаж байна. Хөгжилтэй, дэггүй Питер Пэн, Вэнди, ахмад Хүүк зэрэг гол дүрд гурав гурван хүүхэд ээлжлэн тоглох юм байна. Найруулагчийн хэлснээр, “Нэг жүжигчин өвдөх, эсвэл ирэх боломжгүй болбол нөгөөх нь орлоно. Ингэснээр бид жүжгээ таслахгүй тоглох боломжтой” гэсэн юм. Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн 9а ангийн сурагч Б.Энхжин “Өнгөрсөн тавдугаар сард шалгуулж, тэнцээд, Питер Пэн буюу гол дүрд тоглох болсон. Шалгуулахдаа их сандарсан. Шалгаруулалтын дүн долоо хоногийн дараа гарсан юм. Тэр хооронд маш догдолж, хүлээсэн. Тэгсэн атлаа гол дүрд тоглох болсноо мэдээд их түгшсэн. Нээлтийн тоглолт хийх өдөр дөхөх тусам айж байна. Гэр бүлийнхэн минь намайг их дэмжиж байгаа. Том болоод урлагийн мэргэжил эзэмшихийг хүсдэг” гэлээ.

Далайн дээрэмчдийн хөлгийн тавцан дээр ахмад Хүүк ялалтаа тэмдэглэж байна. Тэрбээр хүүхдүүдийг банзан дээгүүр алхуулж, Вэндийг далай руу шидэхийн өмнө эцсийн үгээ хэлэх боломж олгоно. Энэ үеэр Питер болон зоригт охид далайн дээрэмчид рүү дайрч, тулалдан, хүүхдүүдийг аварснаар хүн бүр баярлан хөгжилдөж буйгаар жүжгийн үйл явдал цааш хөвөрлөө. Нээрэн л үлгэрийн ертөнцөд, тэр дундаа ахмад Хүүкийн хөлөг дээр гарчихсан мэт санагдана. Дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн хуучны бүтээлүүд үнэхээр агуу юм. Аль ч цаг үед тоглоход утга санаа, агуулга нь зөрчилддөггүй. Яг л голыг нь оноод хэлчихсэн байдаг. Тийм ч болохоор “Питер Пэн”-ээс одоо ч хүүхдүүд уйддаггүй байх. “Өнөөгийн хүүхдүүдэд зориулсан, цаг үеэ мэдэрсэн уран бүтээл ховор. Хүүхдүүд хамгийн үнэнч үзэгч. Тэд дуртай, дургүй байгаагаа шууд л илэрхийлдэг. Анхаарлыг нь татаж, бүтэн цагийн хугацаанд тайзнаас салгахгүйн тулд бид хичээж байна” хэмээн “Бяцхан Питер Пэн” жүжгийн уран бүтээлчид онцолсон.

Дуу, бүжиг хослуулсан, хүүхдийн анхаарлыг тайз руу бүтэн цаг “уях” энэ жүжигт тоглож буй Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 12в ангийн сурагч Б.Батдэмбэрэл “Би Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд суралцдаг. Б.Ариунхишиг багш энэ жүжигт шалгуулахыг зөвлөсөн. Тэнцсэний дараа бид нийслэлийн VI сургуульд сар гаруйн турш дуу, бүжгийн бэлтгэл хийсэн. Дараа нь зургадугаар сард “Нарлаг” хүүхдийн зусланд байрлаж, сургуулилалтаа эхэлсэн. Тэр үед ахмад Хүүк буюу жүжгийн гол, эсрэг дүрд тоглох болсноо мэдсэн. Олон хүүхэд энэ дүрд өрсөлдсөн болохоор тэнцсэндээ их баярласан. Жүжгээ үзэгчдэд хүргэх дөхөж байна. Улам л хичээж байгаа” гэв. Өхөөрдөм хөөрхөн Вэндигийн дүрээр үзэгчидтэй уулзах Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн 8а ангийн сурагч Б.Ариунсувд “Би жүжигчин болох хүсэлтэй. Тийм ч болохоор энэ уран бүтээлд шалгуулж, өөрийгөө сорихыг хүссэн. Тэнцээд, бүр гол дүрд тоглох болсноо мэдээд их баярласан” гэв.

Ташрамд сонирхуулахад, зохиолч Жэймс Барри 1897 оноос жүжгийн зохиолд шамдаж, хэд хэдэн цуврал жүжиг бичсэн аж. Тэдгээр зохиолоос хамгийн алдартай нь 1904 онд олны хүртээл болгосон “Питер Пэн” юм. Хэзээ ч хөгширдөггүй, зүггүй хүүгийн тухай үлгэрийн зохиол нь хүмүүст бага насны дурсамж, мөрөөдлийг нь эргүүлэн авчирснаараа онцлог хэмээн тухайн үеийн театрын урлагийн шүүмжлэгчид тэмдэглэсэн байдаг. Уг зохиолыг 1953 оны хоёрдугаар сарын 11-нд “Уолт Дисней пикчерс” хүүхэлдэйн кино болгон, дэлгэцнээ гаргасан байна.

“Питер Пэн”-тэй холбоотой сонирхолтой түүх сөхвөл, Жэймс Барри дотнын найз Сильвия, Артур нарыгаа өөд болсны дараа тэдний таван хүүхдийг халамжлан хүмүүжүүлэгч нь болсон байна. Питер Пэний тухай гайхамшигт түүхээ өнчин үлдсэн таван хүүхдэд зориулан бичжээ. Түүнчлэн Питер Пэнд зориулсан хамгийн анхны хөшөөг Лондон хотын төвд байрлах Кенсингтоны цэцэрлэгт хүрээлэнд 1912 оны дөрөвдүгээр сарын 30-нд босгожээ. Үргэлж хүүхдээрээ үлдсэн Питер Пэний хөшөө дэлхийн зургаан хотод байдаг аж.

“...Цаг хугацаанаас ангид Мөрөөдлийн арал руу хамт нисээч
Сайхан бүхнийг бодоод зүрхэндээ жигүүр ургуул...”

Продюсер: М.Халиунбат
Ерөнхий найруулагч:
Э.Мөнхтөр
Туслах найруулагч:
Б.Чинзориг
Хөгжмийн найруулагч:
М.Болд
Ерөнхий зураач:
Д.Лхагвадорж
Дууны найруулагч:
Ш.Мөнхбаяр
Бүжиг дэглээч:
Р.Ариунтунгалаг
Дүр хувиргагч:
Б.Чогжиндорж, Э.Батцэцэг
Төслийн менежер:
Ч.Халиун

ДҮРҮҮДЭД

Питэр Пэн: Б.Энхжин, С.Мөнхгэрэл, Б.Энхзаяа
Вэнди:
Н.Эрмүүн, Б.Ариунсувд
Майкл:
Э.Индра, Б.Анхтуяа
Жон:
Д.Нямтулга, Ц.Мичидмаа
Ахмад Хүүк:
Б.Батдэмбэрэл, Б.Амарбаясгалан
Тайгар Лили:
Хонгорзул, Номинзаяа
Ноён Дарлинг:
Эрдэнэбэт, Эрдэмтөгс
Хатагтай Дарлинг:
Солонго, Нандин-Эрдэнэ
Сми:
П.Ихэрбаяр, А.Балжинням


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)