Дэвтрийн үнэ нэмэгдээгүй

Зарим худалдааны төвд борлуулж буй хичээлийн хэрэгслийн үнэ ханшийг судаллаа. “Оргил” бичиг хэрэгслийн бөөний төвд эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг сонгохдоо борлуулагчаас зөвлөгөө авч байв. Тус төвд дэвтрийн хавтас нэг боодол нь 3950, 24 хуудастай зургийн дэвтэр нэг ширхэг нь 2900 бол бөөний үнэ нь 2450 төгрөг байна. “Оюутан” дэвтэр 60 хуудастай нь 1850, 48-тай нь 1450 төгрөг. Хичээлийн хэрэгслүүдийн үнэ нь материал, чанар, үйлдвэрлэсэн газраасаа шалтгаалаад харилцан адилгүй. Тухайлбал, үзэгний сав 4500-21 500, цүнх 26 000-205 000 төгрөгийн ханштай. Балын харандаа 140-620, үзгэн бал 220-1800, гортиг 1900-12 500, баллуур 230-1770, 12 өнгийн харандаа 1550-10 000, 24 өнгөтэй нь 3350-5000 төгрөг байлаа.

“Бөмбөгөр” худалдааны төвд дэвтрийн бөөний үнэ 200-1500 төгрөг. Бал 200-2000, харандаа 200-500, үзэгний сав 2500-8000, цүнх 20 000-68 000 төгрөг байна. Худалдагч Б.Одонцэцэг “Хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш үйлчлүүлэгч цөөрсөн ч хичээлийн шинэ жил эхлэх болоод иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн. Гэвч өнгөрсөн жилүүдийнхээс цөөн хүнтэй байна” гэв.

“Нарантуул” худалдааны төвийн бичиг хэрэг, дүрэмт хувцас, хүүхдийн хувцасны лангуунууд үйлчлүүлэгч олонтой байв. Иргэн Ө.Дэлгэр “Дотоодод үйлдвэрлэсэн нэг ширхэг дэвтрийн үнэ импортынхоос 50-70 төгрөгөөр илүү юм. Цаас нь зузаан, чанартай байх болов уу гээд үндэсний үйлдвэрийнхийг сонголоо” хэмээв. Тус худалдааны төвд бал нэг ширхэг нь 500-3000, үзэгний сав 1500-8500, харандаа 200-2100, цүнх 15 000-68 000 төгрөг байв. Борлуулагч Б.Магнай “Дэвтрийн үнэ нэмэгдээгүй ч хаана үйлдвэрлэсэн, хавтас нь зурагтай, эсэх, бэх хэр шингээдгээс шалтгаалаад харилцан адилгүй үнэтэй. Эцэг, эхчүүд “Unipep” болон “Улаанбаатар принт”-ийн дэвтрийг худалдан авах нь түгээмэл. Энэ жилийн хувьд дэвтрийн үнэ нэмэгдээгүй” гэлээ.

Бэлтгэсэн: Б.Лхагва


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)