Д.ЧАНДМАНЬ: БОХИРЫН ШУГАМААР ЦЭВЭР УС УРСГАДАГГҮЙ

Усжуулалтын инженер, алдарт О Коннерийн төслөөр 1902 онд барьж дуусгасан Мандариний далан, усан сан

Австралийн Засгийн газрын Усны департаментын урилгаар манай хэсэг мэргэжилтнүүд баруун Австралиас туршлага судлаад иржээ.

Алтайн Өвөр говийн сав газрын захиргааны дарга, доктор, профессор Д.Чандманьтай ярилцлаа. Тэрбээр туршлага судлах багийн бүрэлдэхүүнд багтжээ.

-Австралийн байгаль цаг уур манай орныхтой төстэй. Усны бодлогын хувьд хэр хөгжсөн юм бол?

-Бид баруун Австралийн Перт хотын усан хангамж, усны менежменттэй нь танилцлаа. Баруун Австралийн Засгийн газрын Усны департамент буюу Усны сайдын удирдлага дор энэ салбарын бүх бодлогыг хэрэгжүүлдэг юм байна.

Австрали улс баруун, зүүн гэсэн хоёр бүсэд хуваагддаг. Хоёр Австрали тусдаа хуультай, Засгийн газартай. Бидний очсон баруун Австрали Монголтой нэлээд төстэй. Газар нутаг нь том, бас хуурайшилт ихтэй.

1990-ээд оноос хуурайшилт нэмэгдсэн гэсэн. 1940 оны үед жилд дунджаар 850-950 мм хур тунадас ордог байснаа өдгөө 650-750 мм болжээ.

Гэхдээ манайх хур тунадас багатай. Жилд дунджаар 250 гаруй мм тунадас ордог. Говьд бол 50-150 мм.

-Тэнд гадаргын усаа хэр ашиглаж байна вэ?

-Тэднийх гүний ус элбэгтэй. Түүгээрээ нийт хэрэглээнийхээ 70 хувийг хангадаг юм байна. Манайх бол нийт хэрэглээнийхээ 90 орчим хувийг газрын гүнээс авч буй.

Газрын гүний усны мониторинг гэдэг зүйлийг манайх саяхнаас хийж эхэлсэн бол тэд аль эрт хийчихсэн, хяналт, үнэлгээ нь ч их сайн юм.

Баруун Австралид газрын доорх усны хяналт шинжилгээний 3000 гаруй цэг байгаа хэрнээ түүнийгээ бага гэж голж байгаа юм. Бид Перт хотын ойролцоох Гоненгара гэдэг жижигхэн бүсэд очсон юм. Тэнд 30 орчим цэг байна лээ.

Цэгүүдээсээ цахимаар мэдээлэл авдаг. Өдгөө тэд гадаргын усаа түлхүү ашиглах зорилт тавьсан байна. Австрали улс 1914 онд Усжуулалт, ус ашиглалтын эрхийн тухай хууль гаргасан.

Тэр хуулиар устай холбоотой бүх асуудлаа зохицуулдаг, тусгай зөвшөөрөл, хяналт шалгалт зэрэг нь бүгд тэр хуулийн хүрээнд явагддаг. Иймээс усны менежмент тогтвортой, хууль сайн хэрэгждэг байна.

-Австрали улс томоохон уурхайтай. Тэд бүгд л ус хэрэглэж буй нь мэдээж. Тэдний ус ашиглах зөвшөөрөл, төлбөр нь манайхтай харьцуулахад хэр өндөр вэ?

-Баруун Австрали нүүрс, зэс, төмрийн хүдрийн томоохон уурхайнуудтай. Усны хэрэглээний дийлэнх хувь уул уурхайд ногдож буйгаараа манай оронтой, тэр дундаа манай говийн бүс нутагтай төстэй юм. Газар тариалан ч ихтэй.

Усны нийт хэрэглээний 32 хувийг уул уурхай, 28 нь хөдөө аж ахуйн усжуулалт, 20 хувь нь хүн амын ус хангамж, зургаан хувь нь үйлдвэрийн усны хэрэглээ, таван хувийг цэцэрлэгт хүрээлэнгийн усалгаа эзэлдэг гэсэн.

Эдгээрийг 1914 онд гаргасан өнөөх хуулиараа зохицуулдаг. Бид өөр нэг сонин зүйлийг тэнд ажиглалаа. Ус ашиглах тусгай зөвшөөрөл олгохдоо эзэмшигчээс нэг удаа төлбөр авдаг. Тэр нь өндөр биш.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч усныхаа 20 хувийг өөрөө хэрэглээд, 80 хувийг нь бусдад зардаг юм байна. Тухайн лицензийг 21 жилийн хугацаанд эзэмшээд сунгуулдаг гэнэ. Хуульд өөрчлөлт оруулж, дээрх хугацааг сунган 40 жил болгохоор ярьж буй гэсэн.

Лиценз эзэмшигч тухайн усны нөөцийг ашиглах, хуримтлуулах, барилга байгууламжаа сэргээн тордох, тоног төхөөрөмжөө засан сэлбэх бүх асуудлаа өөрийн хөрөнгөөр шийддэг. 100 гаруй жил нэг хуулиа мөрдөж буйг харахад төр, засаг, хууль журам нь маш тогтвортой байна.

Усны үнийг Засгийн газар нь тогтоодог. Манайхан алтны лицензээ зарж, байгалиа сүйтгэдэг бол австраличууд усны лицензээ зарж, эх үүсвэрийг нь хамгаалдаг юм байна.

-Перт хот усан хангамжаа хаанаас бүрдүүлж байна вэ. Манай Улаанбаатар болон аймгууд зөвхөн газрын гүний ус ашигладаг шүү дээ.

-40 хувийг газрын дороос, 60 хувийг гадаргын усаар хангах зорилт тавьжээ. Мөн хяналтаа сайжруулах, далан хөв байгуулах, далайн усыг давсгүйжүүлэн хэрэглэх зэрэг зорилт тавьсан байна.

Баруун Пертийн усан хангамж гурван эх үүсвэрээс бүрддэг. Нийт хэрэглээнийхээ 43 хувийг гүний, 42 хувийг нь гадаргын болон хур борооны усаар хангадаг. Үлдсэн хэрэглээгээ далайн цэнгэгжүүлсэн усаар бүрдүүлж байна.

Олон том далан барьсан юм билээ. Зөвхөн Перт хотын усан хангамжийн зориулалттай 11 далан бүхий усан сан байна. Бид 1903 онд бүтээн босгосон Мандариний даланг үзлээ.

Уг даланг зөвхөн энэ хотод ашиглах бус, Зүүн Австралийн Калагурын цөлийг усжуулах зорилгоор барьсан гэсэн. 1800 оны сүүлчээр баруун Австралид ажиллаж байсан О Коннер гэх англи хүн үүнийг бүтээсэн.

Тухайн үед 575 орчим км газарт урт модон хоолой тавьж, эзгүй цөлийг усжуулна гэхэд хэний ч санаанд орохгүй. Хүн бүхэн О Коннерийг галзуу солиотой гэж харааж, адалж байжээ. Тэр усны барилгын инженер мэргэжилтэй байв.

Тухайн үед хүн бүр л түүнийг бүтэшгүй зүйл сэдлээ гэж буруутгадаг байж. О Коннер нэг цаг товлож, “Яг энэ өдрийн энэ цагт энд ус ирнэ. Хэрэв ирэхгүй бол би амьд яваад яах юм” гэж ам гарсан гэнэ.

Гэтэл тэр хугацаанд ус ирээгүй тул өөрийгөө буудчихсан юм билээ. Гэтэл түүнийг амиа хорлосны маргааш нь тэнд ус ирсэн гэдэг. Нэг хоногийн дараа бүр Калагурын цөлд ус ирж, амьдрал цэцэглэжээ.

Энэ бол 1902 онд болсон үйл явдал. Одоо тэр цөл Алтан тал гэдэг нэртэй болж, тариа ногоо, жимс алаглаж байна. Харамсалтай хувь заяатай ч Австралийн ард түмэнд алтаар үнэлэгдэх гавьяа байгуулсан ач буянтай зүйлийг усны инженер хүн хийсэн учир би мэргэжлээрээ бахархах сэтгэл төрсөн.

Манай говийнхон төмөр бүслүүртэй модон торхоор ундны усаа зөөдөг. Яг тийм торх шиг 700 мм диаметртэй модон хоолой хийсэн зураг байсан.

Модон торх хийдэг технологи нүүдэлчин монголчуудаас үүсэлтэй байж магадгүй гэх сонин бодол ч төрж байлаа.

-Үйлдвэрийн буюу саарал усаа хэр ашиглаж байна вэ?

-Саарал усаа 100 хувь цэвэршүүлээд дахин ашиглаж байна. Манайхтай адил бохирын шугамаар цэвэр ус урсгахгүй. Бид ус цэвэршүүлж, цэнгэгжүүлдэг МАК нэртэй компанийн үйл ажиллагаатай танилцсан.

Одоогоор Перт хотод таван үйлдвэртэй, гадаадад бас хоёр ч салбартай гэж ярьж байна. Манай улсад үйл ажиллагаа явуулж, Завханы Баян-Айрагийн алтны уурхайд ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурилуулсан юм байна.

Монголд үйл ажиллагаа явуулдаг “Састэйнабилити” компаниар орсон. Тэнд Монголоос очсон Нямдорж гэдэг инженер ажилладаг юм билээ.

-Уул уурхай хөгжсөн, хөдөө аж ахуйн томоохон үйлдвэрлэлтэй уг орны усны бодлого, үйл ажиллагаатай танилцаад ямар шинэ санаа, олзтой ирэв?

-Ус алтнаас үнэтэйг О Коннер амьдралаараа баталсныг нүдээр үзлээ. Усыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь хамгийн зөв менежмент гэдгийг мэдэрлээ.

Баруун Австралийн эдийн засгийн 90 хувь нь уул уурхай, эрчим хүчний үйлдвэрлэлээс бүрддэг. Уул уурхай дотроо 54 хувийг төмрийн үйлдвэрээс, 24 хувийг нүүрснээс, арван хувь нь алт болон бусад олборлолтоос олдог гэнэ.

Усаа хайх, олборлох ажлаа тухайн компани өөрөө гүйцэтгэдэг, төрөөс сайн хяналт тавьдаг. Эзэмших зөвшөөрлийг нь өгөөд хяналтаа сайн тавихаар улсад орох орлого нь тогтвортой байдаг гэж ойлгож болох юм.

Тухайн аж ахуйн нэгжүүдэд “Нөөцөө ил тод байлга. Усаа дахин ашигла, эдийн засгийн эргэлтэд зөв оруул” гэсэн чиг үүрэг өгдөг. Ингэхээр тухайн сав газрын ус бараг хувийн өмч болно. Хүн өөрийнхөө өмчийг буруу зарахгүй.

Улс нь усаар ашиг олъё гэж боддоггүй, иргэдийн сайн сайхны төлөө зарж чаддаг, усны үнэ цэнийг ойлгуулсан онцгой менежменттэй юм.

Ч.МӨНХЗУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)