Д.Цэвэгмидийн 100 насны ой тохиож байна

 

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, анхны гавьяат багш, биологийн ухааны анхны эрдэмтэн, нэрт зохиолч, доктор, профессор Дондогийн Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Тэрбээр 1953-1957 онд МУИС-ийн ректор, 1960-1962 онд Гадаад явдлын яамны орлогч сайд, 1962-1967 онд БНХАУ-д улсад Элчин сайд, 1972-1987 онд Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Соёлын яамны сайдаар ажиллаж байжээ. Мөн Ардын Их Хурлын депутатаар 10 удаа сонгогдож, 1969-1973 онд даргаар нь ажиллаж, Сайд нарын зөвлөлийн орлогч даргын албыг тасралтгүй 16 жил хашсаны зэрэгцээ “Сурагч Ганбат”, “Хоньчин Найдан”, “Булшин дээр”, “Алтайд”, “Анхны багш” зэрэг тууж, найраглал, роман туурвисан юм.

Д.Цэвэгмид нь эх орноо НҮБ-ын гишүүн болоход онцгой үүрэг гүйцэтгэн, 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын XVI чуулганаар БНМАУ-ыг гишүүнээр элсүүлж, НҮБ-ын индэр дээрээс улсаа төлөөлөн үг хэлэн, түүхэн гавьяа байгуулсан юм. Түүний мэндэлсний 100 жилийн ойг энэ сарын 26-нд тэмдэглэхээр болсноо БСШУЯ, холбогдох байгууллагын төлөөлөл  болон түүний хүү Ц.Амгалан нар мэдэгдлээ. Ойг тохиолдуулан МУИС-ийн хичээлийн I байрны гаднах хананд дурсгалын самбар байрлуулах юм байна. Мөн Гадаад харилцааны яаманд “Д.Цэвэгмидийн амьдрал, уран бүтээл” сэдэвт фото зургийн үзэсгэлэн дэлгэж, эрдэм шинжилгээний хурал хийхээс гадна МУИС-ийн Багшийн сургууль хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулах гэнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)