“ДЦС-3” төрийн өмчит хувьцаат компанийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

“Дулааны цахилгаан станц-3” төрийн өмчит хувьцаат компанийн түүхт 50 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Зарлигт дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай хангаж, техник технологийн шинэчлэл, эдийн засгийн үр ашгийг тасралтгүй дээшлүүлэн, улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн тус байгууллагын үе, үеийн ажилтан, албан хаагч, инженер техникийн ажилчдын хичээл зүтгэлийг үнэлж уг шагналыг хүртээлээ гэжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг тус байгууллагын туганд зүүн өгч, батламж гардуулан 50 жилийн ойн баярын хурлаа хийж буй тус байгууллагын хамт олонд баяр хүргэж, үг хэлсэн юм. Тэрбээр “Монгол Улсын эрчим хүчний салбарын тэргүүлэх үйлдвэр, гал голомт болсон Дулааны III цахилгаан станцын үе үеийн ахмадууд, ажилтан, албан хаагч, инженерүүд Та бүхэнд 50 жилийн түүхэн ойн баярын мэнд хүргэе.

Одоогоос 50 жилийн тэртээ Дулааны III цахилгаан станц ашиглалтад орсноор Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж, нийслэл хот өргөжин хөгжих үндэс суурийг тавьж, улс орон даяар хүнд, хөнгөн үйлдвэр хөгжүүлэх боломжийг бий болгосон. Улаанбаатар хотод мал аж ахуйн бүтээгдэхүүн арьс шир, ноос ноолуурыг боловсруулах үйлдвэрүүд эрчимтэй хөгжих үндэс суурь тавигдаж, ноосны үйлдвэрийн нэгдэл, үслэг эдлэлийн, гутлын, ээрмэлийн үйлдвэр, “Улаанбаатар хивс”, “Говь комбинат”, угсармал байшин үйлдвэрлэл зэрэг үйлдвэрүүд баригдан ашиглалтад орж амжилттай ажиллан, улс орны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан юм.

Түүнчлэн дөрөвдүгээр цахилгаан станцыг ажиллуулах хүний нөөцийг бэлтгэж, тус станцад ажиллаж байсан олон мэргэжилтэн, инженер, ажилчид эрчим хүчний салбарын бусад байгууллагад амжилттай ажиллан салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Энэхүү байгуулсан гавьяаг үнэлж, цаашид улс орныхоо хөгжил дэвшилд гүйцэтгэх үүргээ улам өргөжүүлэн тэлж ажиллах итгэл хүлээлгэн Дулааны III цахилгаан станцыг түүхт 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг гардуулан өглөө” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)