Дуулиантай хэргийг хянаж буй прокуроруудыг уртасгасан цагаар ажиллуулж байна

Олны анхаарал татсан, дуулиан шуугиантай, онц их хэмжээний хохиролтой хэргүүдийг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу, шуурхай шийдвэрлэхийн тулд Улсын ерөнхий прокурорын газраас зохион байгуулалтын арга хэмжээ авчээ. 

Тухайлбал, “Жаст групп”-ийн захирал Ш.Батхүүгийн холбогдсон, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын, Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс санхүүжсэн аж ахуйн нэгжүүд, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөртэй холбоотой, Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн хөрөнгө, Оюутолгойн гэрээ байгуулахад албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэх, “60 тэрбум”-ын, АСЕМ-ын хөрөнгийн зарцуулалт нь хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй үйлдлүүд, ЖДҮХС-гаас улстөрчдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд их хэмжээгээр зээл авсан, оффшор бүсэд төрийн албан хаагч, түүнтэй хамаарал бүхий этгээд хөрөнгө байршуулсан гээд авлигын гэмт хэргүүдийг шалгуулахаар АТГ, ЦЕГ-ын мөрдөгчдөөс бүрдсэн хэд хэдэн ажлын хэсгийг байгууллаа.

Энэ хүрээнд ЦЕГ-аас 22 мөрдөгчийг татан, ажлын хэсэгт оруулан ажиллуулахаар болж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэн, үр дүнг нь тооцох үүргийг нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурор, ЦЕГ, АТГ-ын удирдлагад өгсөн байна. Мөн УЕПГ-ын хяналтын хоёр прокурорыг НПГ-т дэмжлэг үзүүлэхээр түр хугацаанд томилж, дээрх хэргүүдэд хяналт тавих прокуроруудыг уртасгасан цагаар ажиллуулахаар болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)