“Дуугүй сууж бай Ж.Мөнхбат чи”

УИХ-ын өнөөдрийн хуралдааны Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцсэн. Гэвч уг хуралдаанаар улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар халуун мэтгэлцээн өрнөсөн. Үүнээс дараах ишлэлүүдийг онцлон хүргэж байна.

Уул уурхай, хөнгөн үйлдвэрлэлийн сайд Д.Сумъяабазар: Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч л уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлөх хуулийн зохицуулалт үйлчилдэг. 

Энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид, бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг ашигт малтмалын нөөц ашигласныг төлбөрийг төлөхгүй, холбогдох байгууллагуудад тайлан, мэдээ өгөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна. 

Үүнээс улбаатайгаар газрын хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөцөд татвар ногдуулах, холбогдох хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгээд байгаа аж. Үндэсний статистикийн газраас авсан мэдээллээр 2012-2016 онд нийт 381 сая ам.долларын 1.6 сая тонн жонш экспортод гарсан байна. 

Тухайн жилүүдэд 34.6 тэрбум төгрөг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх байснаас 11.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Түүнчлэн УИХ-ын 2017 онд баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан “Монголбанк, арилжааны банканд худалдсан биет болон биет бус алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү” гэсэн заалт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болж байгаа.

Үүнтэй холбоотойгоор алт олборлогч болон алт худалдан авагч хуулийн этгээд хууль бусаар алтыг хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах, татвараас зайлсхийхийн тулд арилжааны банканд тодорхой бус хугацаагаар барьцаалах зэрэг шударга бус далд үйл ажиллагаа гаргах хандлага ажиглагдах нөхцөл үүсэх эрсдэлтэй.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын асуудал Монгол орны зовлон болж байна. УИХ-ын даргаа хэлэлцэж байгаа асуудлаар завсарлах авья.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Бүлэггүй нам яаж завсарлага авах юм бэ, УИХ-ын дарга аа. Нэг гишүүн нь гарч байгаа биз дээ. МАН том байртай шүү дээ. Тэр байрандаа очоод хэрүүлээ хийж болдоггүй юм уу.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: УИХ-ын хуралдааны ирц хүрэхгүй, Монгол Улсын Засгийн Газрын гишүүд бойкотолж байна. Тиймээс асуудлаа хэлэлцэхгүйгээр хойшлуулах горимын саналтай байна, дарга аа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Алт, ашигт малтмалын асуудал өнгөрсөн парламентаар нэлээд маргаантай хэлэлцэгдэж 2.5 хувь болж сайн ч үр дүн гарсан, муу нь ч гарсан. Тухайн үед бүлгүүд дор бүрдээ хэлэлцээд оруулж ирж байсан. Гэтэл өнөөдөр үүнийг хэлэлцэх гэсэн чинь 37-хон гишүүн ирсэн байна. Улс орны эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой том асуудлыг ингэж хуймгаа шийдмээргүй байна аа. Тодорхой улс төрийн шийдэлтэй байхгүй бол болохгүй. Энэ асуудлыг хойшлуулах нь зүйтэй гэсэн саналтэй байна

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: М.Энхболд дарга та 100-гийн 50 хувь нь таны талаарх асуудал тавиад УИХ чинь паралич болчихсон байна. Энийгээ ярихгүй юмуу. Ийм байж Засгийн газар гээд л байх юм. Нэг хүний албан тушаалтай тэнцэх УИХ гэж байхгүй шүү. Энд 20 хүрэхгүй хүн сууж байна. Дуугүй сууж бай Ж.Мөнхбат чи. Нөхрийн ёсоор ил далд зөндөө хэллээ М.Энхболд даргаа танд. Бүр бүтэн жил хэлж байгаа. УИХ-ын гишүүдийн 50 хувь нь эсэргүүцээд гараад явсан байхад цаашаа яаж явна гэж бодож байгаа юм.

УИХ-ын дарга М.Энхболд: УИХ-ын дарга огцор гэсэн шаардалга тавьсан гишүүдтэй уулзаж тэдний асуудлыг сонсч, би тайлбар өгсөн. Зарим нь тэр тайлбарыг авахгүй хаяад гарсан. Би тэдэнд хуулийн дагуу асуудлаа тавь гэсэн. Түүнээс биш хэн нэгэн дөрвөн хүн огцор гэхээр нь явдаг тийм юм байхгүй ээ. УИХ-ын тар, тараана гэсэн гэсэн яриа явж байгаа энэ үед хуулийн үндэслэлгүй шаардлагын дагуу ажлаа өгөөд явна гэж байхгүй шүү.

УИХ-ын гишүүн М.Билэгт: Манай сайд нар үндэсний үйлдвэрлэгч гэж хэн бэ гэдгээ ялгахаа болчихож. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье гэж яриад байгаа хэрнээ газрын доорх баялгийн өмчийг ухаж гаргаж байгаа нөхдүүдийг үндэсний үйлдвэрлэгч гэж яриад байх юм. Алтны татварыг яагаад таван хувь болгож болдоггүй юм бэ. Бүр 2.5 болгоод ороод ирэх юм. Үүнийг л ухаж авах гэж тэнд хөрөнгө оруулалт хийж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Ийм 30 гэр бүлийг дэмжсэн хуулийн төсөл оруулж ирж байгааг эргэж харах хэрэгтэй гэж Ерөнхий сайдад хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Сүүлийн гурван долоо хоног дараалан Монголын төр, өнөөдөр эрх барьж байгаа МАН 2016 оны сонгуулиар ард түмнээс 65 суудлын итгэл авсан хүчин төр барих чадамжгүй болсон гэдгээ харуулж байна. Засгийн газрын нэг гишүүн нь байхгүй, ЖДҮ, хөдөө аж ахуй, газар тариалан, монголын ард түмний эдийн засаг, орлоготой холбоотой салбарынх нь сайдыг томилоод өгье гэж УИХ-ын гишүүд энд сууж байна. Гэтэл Засгийн газрын гишүүнээ томилуулахгүй, оруулж ирж байгаа алтны хөтөлбөрөө их хурлаар хэлэлцүүлэхгүйгээр сайд нар нь картаа сугалаад гарч байна. Энэ нь эцсийн дүндээ эх баригч нам бүрэн удирдаж чадахгүй байна гэсэн ганц дүгнэлт гарч байна. Иймд чадамжгүй болсон Засгийн газар огцрох ёстой, УИХ-ыг тараая. Бүгдээрээ ард түмнээрээ л дүнгээ тавиулъя даа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)