Дурсгалт зургийн эзэн

Эх орны зүүн хязгаарт тэртээ 1930-аад оны дунд үеэс эхэлсэн зэвсэгт тулгаралтууд 1939 онд тухайн үеийнхээ шилдэг зэвсэг, техникийг оролцуулсан дайн болон өргөжсөн билээ. Энэ дайнд эх орны өнцөг булан бүрээс эрэлхэг эрс татагдан орж, халуун амь, бүлээн цусаа зориулан өнөөгийн бидэнд тэнгэр нь цэлмэг, ус нь тунгалаг, газар нутгаа бүрэн бүтэн өвлүүлэхийн төлөө тулалдсан. 

Халхын гол, Хайлааст манхан, Хамар даваа, Эрс уул, Баянцагааны нуруунд тэртээ 80 жилийн өмнө болсон байлдаан, тулалдааны тухай дурсах ахмад дайчид өдрөөс өдөрт цөөрсөн нь цагийн жам. Харин тэр жилүүдэд татуулсан Монгол, Зөвлөлтийн дайчдын зураг өдгөө ч түүх хүүрнэхийн зэрэгцээ Халхын голын ялалтын ойд зориулсан ном, зурагт хуудсыг чимсээр байдаг. Ийм нэгэн зургийн эзний талаар хүргэе.

МАЛЧНЫ ХОТНООС “ПИКАП”-ЫН ЖОЛООЧ БОЛСОН НЬ

“Героическая красноармейская” сонины 1939 оны наймдугаар сарын 29-ний 077 дугаарт уншигч таны харж буй эл зураг “Лейтенант танкист орденоносной част имени М.П.Яковлева, Г.Васильев беседует с цириками Монгольской народном революционной армий” гэсэн тайлбартайгаар нийтлэгджээ. Монгол байлдагч орос цэргийн даргатай хамт авхуулсан энэ зургийн талаар төв орон нутгийн сонин, хэвлэл, радиод идэвхтэн бичигчээр ажиллаж байсан, тухайн үеийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын МАХН-ын орлогч нарийн бичгийн дарга асан, сүүлд Засаг даргаар ч ажиллаж байсан Л.Баатарсүрэн гуай нэлээд судалж, сурвалжилсан байдаг. 

Тэрбээр энэ талаар сурвалжилсан тэмдэглэлдээ “Хэнтий аймгийн “Урагшаа” сонины редакцаас “Танай сумд “Соёо” хэмээх Мөөмийн Дорж гэж өвгөн бий. Монгол, Зөвлөлтийн дайчин нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон дурсгалт зургийн эзэн мөн, эсэхийг сурвалжил” гэсэн даалгавар тухайн үеийн хариуцлагатай нарийн бичгийн даргаас нь ирүүлж, М.Дорж гуайнх руу хөтөлсөн юм” хэмээн тэмдэглэжээ.

Ингээд идэвхтэн бичигч Л.Баатарсүрэн гэрт нь очиход, жаазанд нь хоёулаа гар барьж зогсоо зургаас гадна өөр нэг монгол цэрэг тэдний ард зогссон хувилбар ч байсан аж. М.Дорж гуай цэрэгт явсан, Монгол, Зөвлөлтийн дайчдын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон энэ зургийнхаа талаар ярьж өгсөн нь “Урагшаа” сонины 1984 оны хоёрдугаар сарын 10-ны 12 дугаарт “Халхын голд Зөвлөлтийн дайчин андтай хамт зургаа татуулж явлаа” гэх гарчигтай хөрөг найруулал нийтлэгдсэн байна. 

Дурсгалт зургийн эзэн Мөөмийн буюу Дэлгэрийн Дорж 1916 онд төрсөн, 20 настайдаа 1936 онд цэргийн албанд татагдсан аж. Нутгийнхан нь Дэлгэр хөгшнийг авгайлж “Мөөм” хэмээн дууддаг байснаас Мөөмийн Дорж гэж бичих болжээ. Мал маллаж өссөн хүү, эрийн цээнд хүрч, цэргийн албанд мордсон нь энэ. Улмаар Улаанбаатар хотод автомашины жолоочийн курст зургаан сар суралцаж, “Пикап” машины жолоочоор Тамсагбулагийн VI морьт дивизэд хуваарилагджээ. Улаанбаатараас 30 гаруй машинтай гарч, Баянтүмэн, Тамсагбулагт очсон аж. Тус дивизийн 17 дугаар морьт хорооны моторчилсон пулемёт суманд жолоочийн үүрэг гүйцэтгэх болж. Тухайн үед пулемётын нэг тасаг нь жинхэнэ ба туслах наводчик, бууны дарга, сум зөөгч, жолооч гэсэн бүрэлдэхүүнтэй байсан гэнэ.

Л.Баатарсүрэн гуай ахмад дайчин М.Доржтой уулзсан талаараа “М.Дорж гуайнд очиход тэрбээр зохиолч Ж.Лодойн “Тулалдаан” романыг уншиж байв. Над руу нэг их анхаарал хандуулсангүй. Жаазанд нь байх Хувьсгалын музей, Ардын армийн тухай зургийн цомог гээд хаана л бол хаана тааралддаг танил зураг нүднээ туслаа. Би яриа өдөж, “Яахаараа энэ зураг танайд байдаг билээ” гэхэд М.Дорж гуай “Сайн хар даа, хүү минь” хэмээн мушилзав. Сайтар ажиглахад нүд, хамар нь тун төстэй санагдаж, тухайн үед (1984 он) нас сүүдэр 70 хүрч яваа өвгөнийг чухам яагаад “Соёо” хэмээсний учрыг зургаас төвөггүй мэдсэн” хэмээсэн юм.

“СОЁО” ДОРЖ СОНИНД ГАРЧИХАЖ” ГЭЖ БАЙСАН Ч ТУХАЙН ҮЕД ЗУРГАА ОЛЖ ҮЗЭЭГҮЙ

М.Дорж гуай зургийнхаа талаар 1984 онд ийн ярьж байжээ. “Халхын гол үерлэчихсэн, бид баруун биеийнх нь нэг хонхорт машинаа байрлуулчихаад гол гатлах учраа олохгүй байлаа. Морьт цэргүүд гол гаталж, баруун аймгаас татагдан ирсэн “Лоолой” Шарав бид хоёр үлдсэн юм. Гэтэл биднээс хойгуур нэг машин гарч ирснээ гарам эрсэн бололтой, нааш цааш явж байгаад голын элсэнд суучихав. Бид хоёр гүйгээд очтол жолоочтойгоо гурван орос хүн байлаа. Машиныг нь түрж, элснээс гаргатал, тэдний дарга, ахлах дэслэгч цолтой нь нөгөөдөө хэдэн үг хэлэв. Нөгөөх нь машинаасаа гурван хөлтэй аппарат гаргаж ирээд, толгой дээгүүрээ хар даавуу нөмрөн бидний зургийг татах юм боллоо. 

Би машиндаа малгай, бүсээ орхичихоод гүйж очсон болохоор надад тэр дарга жолоочийнхоо малгайг өмсгөж, бүсийг нь зүүлгэн зураг авсан. Эхлээд орос дарга бид хоёр, дараа нь Шарав бид гурав патиараа татуулсан юм. Зургийг сайтар ажвал миний өмссөн малгай алх хадууртай таван хошуутай байгаа. Мэргэжил нэгт орос ахын малгай. Бидний зургийг их удаан авсан тэр хүн фронтын сурвалжлагч байсан болов уу. Дараа нь “Соёо” Дорж сонинд гарчихаж” гэсэн үнэн, худал нь мэдэгдэхгүй яриа манай цэргүүдийн дунд тарсан нь чих дэлсэж л байлаа. Тэр үедээ би зургаа олж үзээгүй. Хожим Хувьсгалын музейгээс энэ зургийг дурсгалын үгийн хамт надад илгээж хадгалуулсан юм” хэмээн дурссан байв.

Тэрбээр 1939 онд дайн дуусмагц төрөлх Өмнөдэлгэр сумдаа ирж, Сүү, тосны завод, дараа нь тракторын жолоочоор ажиллаж байгаад гавьяаныхаа амралтыг эдэлсэн юм. Цэргээс халагдсан түүний үнэмлэхэд “Дэлгэрийн Дорж” хэмээн бичсэн байдаг аж.

Түүнтэй хамт зургаа авхуулсан орос даргыг ЗХУ-ын баатар, ахлах дэслэгч Александр Феодорович Васильев гэж хойд хөршийн цэргийн түүх судлаачид бичдэг юм билээ. Гэвч энэ зураг дээрх Васильевийн сураг гарсангүй. Харин өөр олон Васильев Халхын голд тулалдаж явсан нь тодорхой болсны нэг нь ЗХУ-ын баатар дээрх хүн аж. Тэрбээр зургийг үзээд “Надтай адилхан л юм. Гэхдээ би биш ээ. Тэр үед манай олонх цэргийн дарга хээрийн панам малгай өмсөж, мөрөвч, дуран зүүдэг байлаа. Энэ зураг дээр нөхөр Доржийн хамт би байна уу, өөр дарга байна уу гэдэг нь гол биш. Хамгийн чухал нь манай найрамдал гал, мэсээр шалгагдан улам батжин бэхэжсэн явдал билээ” хэмээн энэ зургийн жинхэнэ эзнийг хайсан манайханд хариу болгож, 1985 онд “Октябрийн туяа” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

РЕЙХСТАГИЙН ОРОЙД ЯЛАЛТЫН ТУГ ХАТГАСАН ДАЙЧДЫН ЗУРГИЙГ МӨНХӨЛСӨН

В.ТЁМИНИЙ БҮТЭЭЛ БАЙЖЭЭ

“Героическая красноармейская” сонины 1939 оны наймдугаар сарын 29-ний 077 дугаарт “Лейтенант танкист орденоносной част имени М.П.Яковлева, Г.Васильев беседует с цириками Монгольской народном революционной армий” (М.П.Яковлевын нэрэмжит одон тэмдэгт бригадын танкчин, дэслэгч Г.Васильев Монгол ардын армийн цэргүүдтэй ярилцаж байгаа нь) гэсэн тайлбартай гарсан уг зургийг В.Тёмин, М.Бернштейн авсан хэмээн бичсэн байдаг. Фронтын гэрэл зургийн сурвалжлагч Виктор Антонович Тёмин 1939-1940 онд Халхын гол, Хасан нуур, Зөвлөлт, Финландын дайнд оролцож явсан нэгэн. Түүний талаарх википедиа дахь танилцуулгад “Москвагаас Умард туйлыг даван нисэж, АНУ-д буусан анхны нисгэгчид болох В.П.Чкалов, А.В.Беляков, Г.Ф.Байдуков нарын нисэх гэж буй үеийн зургийг авсан, 1945 оны тавдугаар сарын 1-нд Германы фашистуудыг ялж, Рейхстагийн оройд Ялалтын туг мандуулсан дайчдыг гэрэл зурагт мөнхөлсөн хэмээн бичсэн байв.

Фронтын гэрэл зургийн сурвалжлагч В.Тёмин Монгол, Зөвлөлтийн дайчдын өгүүлэн буй энэ зургийг авчихаад тэр үеийн гэрэл зураг буулгах технологийн дагуу цайран дээр буулгахаар Чита хотыг зорьсон аж. Улмаар буцаж ирэхдээ цүнхээ дааж ядан, үл мэдэг хазайн онгоцноос буухыг харсан дээрх сонины бусад нөхөр нь “Сонин маань нэг хэсэг зурагтай л гарах юм байна” хэмээцгээж байснаа хожим дурссан байдаг гэдгийг “Дурсгалт зургийн эзэн”-ийг хайсан Л.Баатарсүрэн дарга оросуудаас сонсжээ.

ОРОС ОФИЦЕРИЙГ ОЛООГҮЙ Ч, МОНГОЛ ДАРГА НЬ ЦЭРГЭЭ ТАНЬЖЭЭ

Халхын голын ялалтын 40 жилийн ойн хүрээнд эл зургийг “Урагшаа” сонинд нийтэлжээ. Тэр зургийг нь Улаанбаатар хотод болсон уг ойн арга хэмжээнд оролцсон ахмад дайчин, 17 дугаар морьт хорооны хүнд пулемётын сумангийн улс төрийн удирдагчаар ажиллаж байсан Х.Жүгдэрнамжил үзээд “Энэ монгол цэргийг “Соёо” Дорж гэдэг юм шүү дээ. Миний жолооч байсан юм. Г.К.Жуковын музейд орох бүрт анд нөхөр Дорж минь инээмсэглэн угтаж (Уг музейд эл зураг байдаг), дарийн утаа үнэрлэж явсан тэр жилийн өдрүүд өөрийн эрхгүй бодогддог. Би улс төрийн удирдагч болохоор аль ч машиныг хэрэглэдэг байв.

Гэхдээ “Соёо” Доржтой голдуу явж байлдаанд оролцдог сон. Нэг удаа дайсны давуу хүчинд түрэгдэж, Хайлаастын голыг өгсөв. Шархадсан цэргүүдээ ч орхилгүй, газрын байдлыг ашиглан, шөнө дүлээр ард нь гарч амжсан юм. Манай Дорж их сэргэлэн. Аргагүйн эрхэнд машинуудаа орхих болоход дайсанд олзлуулахгүй хэмээн катушканы утас, динама зэргээ салгаж авсан байв. Сүүлд нь бид машинаа авахаар ирэхэд дайсан хоёр машиныг нь шатааж, бусад нь зүгээр байлаа. Нэг өдөр тэрбээр орос даргатай хамт зургаа татуулсан гэж ирснээс хойш удалгүй сонинд зураг нь гарсан байж билээ” хэмээн дурссан байв. Улмаар дарга Жүгдэрнамжил, жолооч цэрэг Дорж нар уулзаж, дээрх ойн олон арга хэмжээнд оролцсон түүхтэй.

М.Дорж гуай 1993 он хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумд үр, ачаа тойруулан энх тунх амьдарч байгаад насан эцэслэсэн юм. Тус сумын удирдлага Халхын голын ялалтын 80 жилийн ой болон Монгол цэргийн өдрийн хүрээнд тус сумаас төрсөн Монгол Улсын баатар Хоролын Дамба, эрэлхэг хилчин Моломын Гаасүрэн, энд өгүүлэн буй М.Дорж гээд эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан дайчдынхаа талаар хүүхэд залууст танин мэдүүлэх, эх оронч хүмүүжил төлөвшүүлэх зорилго өвөрлөн дайнд оролцсон эрэлхэг дайчдын алдрын булан сургуульдаа байгуулсан юм. Уг нь олон жилийн өмнө ийм Дайчин алдрын булан байгуулж, Х.Дамба, М.Гаасүрэн нарын алдар гавьяаг дурсан санадаг байж, дурсамж уулзалтад М.Дорж гуай ирж сурагчидтай ярилцдаг байж. Харамсалтай нь нийгмийн тогтолцоо өөрчлөгдөхөд уг алдрын буланг татан буулгасан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)