“Дурсаж яваарай”

1990 оны ардчилсан хувьсгалын дараа хаягдал дахин боловсруулах нэрийн доор олон сая ном үгүй хийжээ. Энэ үед хэдэн мянган айл, сум, суурингийн номын сан устсан аж. Монголчууд оюуны өмчөө найруулсан спирт, багахан хэмжээний хоолны мөнгөөр үгүй хийж байгаагаа ойлгосонгүй. “Дурсаж яваарай” кинонд энэ үйл явдал өрнөж буй буйдхан тосгонд амьдардаг өсвөр насны охин, хүү хоёрын түүхийг үзүүлнэ. Мөрөн охин өвчтэй ээжийнхээ оронд тосгоны сургуулийн номын санд ажиллана. Хүнд өвдсөн ээж нь хотын эмнэлэгт эмчлүүлэх ёстой болсон ч тэдэнд замын зардлын мөнгө олдохгүй. Энэ үед хаягдал цуглуулах бизнес эрхэлдэг тосгоны гэр бүл орон нутгийн иргэдийн авч ирсэн багахан хэмжээний хаягдлуудыг цааш нь өндөр үнээр худалдахын тулд гэртээ найруулсан архиар солих, эсвэл өчүүхэн бага мөнгөөр худалдан авах аж. Жавхаа хүү найзуудынхаа хамт мөнгө олохын тулд хаягдлын эрэлд гарна. Түүнчлэн хөдөө нутагт орлогын эх үүсвэр хумигдахын хэрээр иргэд амьдралаа хөөж хот бараадахаар нүүнэ.

Ази кинонуудын шүүмж дагнан бичдэг судлаач, шүүмжлэгч Панос Котзатанасис “Босго” фильмийн бүтээл “Дурсаж яваарай” уран сайхны киноны шүүмжийг бичжээ. Тэрбээр “Найруулагч бүтээлдээ салшгүй уялдаатай хоёр тэнхлэгийг огтлолцуулан харуулжээ. Насанд хүрч буй Жавхаа хүү найзуудын хамт амьдрахын төлөө тэмцэхийн зэрэгцээ ээжтэйгээ арай ядан амь зууж буй Мөрөн охинд сэтгэл алдарна. Сумын төвд болж буй уг үйл явдлыг зураглаач Х.Өлзийбаяр чадварлаг авчээ. Ийм нөхцөлд амьдрах залуусын итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг Э.Ган-Очир номоор дүүрсэн талд хэвтэх хоёр хүүхдийн зураглалаар уран сайхнаар толилуулсан нь киноны оргил хэсэг болно. Түүнчлэн Д.Анар, М.Өнөрбаяр нарын хөгжим нь уйтгар гуниг, найдваргүй байдлын аль алиныг нь илэрхийлж, ямар нэгэн ноцтой зүйл удахгүй болох гэж байгааг харуулсан бол С.Бат-Өлзийн гүйцэтгэсэн эвлүүлэг уг киног харьцангуй хурдтайгаар өрнүүлжээ. Киноны найруулга, хийц, өнгө аяс нь энгийн реализмд чиглэсэн нь энэ киноны оновчтой шийдэл. Монголын киночид тал нутгийн үзэсгэлэнт төрх байдлыг үзүүлэхийн оронд түүний цаана бодит амьдрал байдгийг тод харуулжээ” гэсэн байна.

Ташрамд дурдахад, “Дурсаж яваарай” киноны зохиолыг М.Хангал, Д.Цэвээндулам нар бичиж, Э.Ган-Очир найруулсан бөгөөд уржигдраас Монголын үзэгчдэд хүргэж эхлэв. Түүнчлэн ирэх 2021 онд АНУ-д болох олон улсын хоёр ч наадамд оролцох эрх аваад буй аж.

Бэлтгэсэн: А.Тайшир 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)