Дунд сургуулийн төлбөр 48, их сургуулийнх хоёр сая төгрөг

Их, дээд сургуулиуд уламжлал ёсоор сургалтын төлбөрөө нэмчихээд байгаа. Үүнийг нь оюутнууд эсэргүүцэж, жагсаал цуглаан зохион байгуулан, суулт зарлахдаа тулж, салбарын сайд нь хүртэл төлбөр нэмэхийн эсрэг байгаа юм.

Энэ жил их, дээд сургуульд элсэх сургалтын төлбөр дунджаар хоёр сая, дээд тал нь гурван сая төгрөгт хүрээд байгаа учраас тэр. Эцэг, эхийнхээ халаасыг сэгсэрч байж, эрдэм сурах шаардлагатай болдог учраас энэ хэмжээний мөнгө хүнд тусах нь аргагүй биз.

Гэхдээ үүнээс 24 дахин их төлбөртэй сургууль манай улсад байна. Өдгөө гадаадын хөрөнгө оруулалттай дунд сургуульд хүүхдээ сургахдаа жилд 24.000 орчим ам.доллар буюу 48 сая төгрөг төлдөг аав, ээж цөөнг үй байдаг аж.

Монголын шилдэг их сургуульд багадаа л 5-10 жил сурах мөнгийг зарим хувийн дунд сургуулийн хагас жил, нэг жилийн төлбөрт өгдөг гэсэн үг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн дунд сургуулиудаас хамгийн өндөр төлбөртэй нь “International School of Ulaanbaatar” юм байна.

Тус сургуулийн төлбөр дээд тал нь 24.229 ам.доллар. Бусдынх нь төлбөр үүнээс бага боловч төрийн өмчийн их, дээд сургуультай харьцуулшгүй их юм.

Хувийн сургуулийнхан “Их мөнгө төлөхийн хэрээр хүүхдийн сурлага, хүмүүжил, сурах орчин, багшийн заах арга барилд өндөр шаардлага тавьдаг. Тэр хэрээр чанартай боловсрол олгож, гадаадад түүртэх зүйлгүй сурах замыг нь зааж өгдөг” гэж тайлбарлаж байна.

Хэдийгээр хэд хэдэн өрөө байрны үнэтэй тэнцэх хэмжээний мөнгийг нэг жилийн сургалтын төлбөрт өгч байгаа ч хүүхдээ эх оронд нь, дэлхийн стандартад нийцсэн дунд сургуульд сургах хүсэлтэй эцэг, эхийн сэтгэлийг буруутгах аргагүй.

“Хүүхэд маань сайн суралцаж л байвал яаж ийж байгаад төлбөрийг нь төлнө. Төгсөхдөө байртай байснаас мэдлэгтэй байсан нь дээр” гэж л ярина шүү дээ, аав ээжүүд. Хүүхдээ хэдэн төгрөгийн төлбөртэй сургуульд сургах нь эцэг эхчүүдийн сонголт.

Мөн төлбөрөө хэдээр тогтоох нь хувийн хэвшлийнхний шийдвэр, бүрэн эрх. Тиймээс хүүхдийнх нь сурч буй сургуулийн сургалтын төлбөр ямар шалтгаанаар, хэдэн хувиар нэмэгдэж байгаа болон өгч буй мөнгөндөө таарсан үйлчилгээ авч буй, эсэхээ эцэг эхчүүд өөрсдөө хянах учиртай.

Нөгөө талаас хувийн дунд сургууль 24.000 ам.доллараар л чанартай боловсрол олгох боломжтой гэж байхад манай томоохон их, дээд сургуулиуд төлбөрөө хоёр сая төгрөгөөс давуулахад л томоохон эсэргүүцэлтэй тулгарна.

Боловсролынхоо чанарыг бодох юм бол 24.000-ын зөв. Иргэдийнхээ амьжиргааг бодвол хоёр сая нь зөв. Хэзээ “уулзах” боловсрол юм бол доо. Хувийн дунд сургуулийнхан ч гэсэн өнөө жил төлбөрөө багагүй нэмсэн гэнэ.

Улсынхаа шилдэг их сургуулиуд болон иргэдийн сайн мэдэх хувийн дунд сургуулийн заримыг сонгож, төлбөрийг нь харьцууллаа.

ХУВИЙН ДУНД СУРГУУЛИУД

“International school of Ulaanbaatar”

Хамгийн өндөр төлбөртэй гэгддэг тус сургуулийн бага ангийн сурагч жилд 18.658, дунд 22.743, ахлах анги бол 24.229 ам.доллар төлнө. Энэ нь өмнөх оныхоос 2000-4000 ам.доллараар нэмэгдсэн дүн гэнэ.

Төлбөрөө ам.доллараар тогтоосон нь хууль зөрчиж буй хэрэг байлтай. Гадаад хүүхэд бол ногоон гэрлээр элсэх боломжтой. Харин монгол бол энэ жил хүүхдийн тоо гүйцсэн тул хүлээлгийн жагсаалтад багтаж, тус сургуульд сурах боломж олдох, эсэх нь ирэх жилээс шийдэгдэнэ.

Нэг ангийн 60 хувь нь гадаад, 40 хувь нь монгол хүүхэд байх шаардлага тавьдаг юм байна. Манай улс зах зээлийн харилцаанд шилжиж, харийн орноос олон хүн ирэх болсонтой холбоотойгоор гадаад хүүхдүүдийг сургахаар 1992 онд тус сургуулийг байгуулжээ.

Дэвшилт сургалтын хөтөлбөрөөр, гадаад хэлээр хүүхдээ сургах сонирхолтой монголчууд олширсон тул яваандаа монгол хүүхэд авах болсон аж. Сурагчдын хүрээлэл энэ сургуулийн томоохон давуу тал болдог. Элчин сайдын яамны ажилтнуудын хүүхдүүд суралцдаг, гадаад хүүхэд олонтой юм.

“American school of Ulaanbaatar”

Тус сургуулийн төлбөр 13-20 сая төгрөг. Бага, дунд, ахлах анги нь харилцан адилгүй өртөгтэй. Тус сургууль өнөө жил төлбөрөө дөрвөн сая орчмоор нэмчихээд байгаа нь энэ аж.

2006 онд байгуулагдсан уг сургууль нь гадаадаас мэргэжлийн багш нарыг урин ажиллуулж, олон улсын сургалтын хөтөлбөрийн дагуу бүх хичээлээ англи хэл дээр явуулдаг юм байна. Бага сургуульд цэцэрлэгийн ангиас V анги хүртэлх, ахлах сургуульд VI-XII ангийн хүүхэд суралцана.

Төгсөгчид нь АНУ, Канад, Их Британи, Европ, Азийн өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуульд элсдэг онцлогтой гэнэ.

“Ulaanbaatar elite international school”

Нэлээд өндөрт тооцогдох сургалтын төлбөртэй энэ сургууль өнгөрсөн онд 8.9 сая байсан I ангийн төлбөрөө 9.9 сая болгож нэмжээ.

Харин ахлах ангийнхан 11.9 сая төгрөгийн төлбөр төлөх юм байна.

“Хобби”

Гадаад хэлний, ялангуяа англи хэлний сургалтаараа манлайлдаг тус сургуулийн бага ангийн сургалтын төлбөр жилийн долоон сая төгрөг байсан бол энэ жил найм болгон нэмжээ.

Ахлах ангийн төлбөр 9.5, дунд ангийнх есөн сая төгрөг гэнэ. “Хобби” Монголын анхны англи, монгол хэлний хос сургалттай сургууль гэгддэг. Тэдний онцлог нь математик, газар зүй зэрэг гол хичээл болон SAT ба TOEFL-ийн бэлтгэлийг англи хэлээр заадаг.

Элсэлтийн ерөнхий шалгалтад үндэслэж гаргадаг дунд сургуулиудын чансааны есдүгээр байрт бичигддэг.

“Олонлог”

Бүх анги нь жилийн 6.5 сая төгрөгийн төлбөртэй. Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай тус сургуулийг 2002 онд байгуулжээ.

Дунд сургуулийн математикийн боловсролыг олон улсын түвшинд хүргэх багш нарын чадварлаг багтай аж. Мөн сурагч бүрээ дотоодын төдийгүй гадаадын коллеж, их, дээд сургуульд саадгүй элсэн суралцаж чадахуйц түвшинд хүргэх зорилготой юм байна.

“Сант”

Сургалтын төлбөр нь бүх анги адил зургаан сая төгрөг. Тус сургуулийн төлбөр өнгөрсөн жил таван сая төгрөг байснаа нэг саяар нэмэгдчихээд байгаа. Математикийн чиглэлээр Монголдоо хамгийн шилдэг сургууль гэгддэг.

Элсэлтийн ерөнхий шалгалтад үндэслэж гаргадаг дунд сургуулиудын чансааг өдгөө тус сургууль тэргүүлж байна.

“Гёте”

I-V ангийн сурагч дөрөв, VI-IX анги бол 4.5, X-XII ангийн сурагч таван сая төгрөгийн төлбөр төлнө. 2002 онд үйл ажиллагаагаа эхэлжээ.

ХБНГУ-аас багш нар ирж ажилладаг, мөн монгол багш нар нь тус улсад очиж мэргэжил дээшлүүлдэг гэдгээрээ онцлогтой. Англи, герман хэлийг стандартын өндөр түвшинд заадаг гэж сургуулиа сурталчилдаг юм байна.

Монгол, Оросын хамтарсан III сургууль Тус сургуульд I ангийн хүүхэд элсүүлэх бол жилийн 4.2 сая төгрөгийн төлбөртэй. Гэхдээ энэ жилийн хувьд I ангид авах хүүхдийн тоо гүйцсэн тул одоо нэмж элсүүлэх боломжгүй гэнэ. Бусад ангийн төлбөр жилийн хоёр сая төгрөг.

Элсэлтийн ерөнхий шалгалтад үндэслэж гаргадаг дунд сургуулиудын чансааны 14 дүгээр байранд тус сургууль жагсаж байгаа юм.

“Үй цай”

Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай тус сургуулийн I-IV ангийн сургалтын төлбөр 4.2 сая төгрөг, түүнээс дээш анги бол 2.6 сая төгрөг.

Хятад хэлтэй бол тус сургуульд элсэх нэг томоохон давуу тал болох гэнэ.

“Гурван тамир”

Бүх анги жилийн 1.8 сая төгрөгийн төлбөртэй. “Өнгөрсөн жил ч ийм байсан, төлбөрөө нэмээгүй” гэж тус сургуулийнхан мэдээлж байсан юм.

“Монгени” цогцолбор сургууль

Төрийн өмчийн сургууль мөртлөө төлбөр авдаг гэж байнга шүүмжлүүлдэг энэ сургуульд суралцахын тулд жилийн 1.5 орчим сая төгрөгийн төлбөр төлдөг аж.

УЛСЫН ИХ СУРГУУЛИУД

МУИС

Улсдаа хамгийн өндөр өртөгтэй, нэр хүндтэй тус сургуулийн төлбөр нь судлах салбар бүрээрээ харилцан адилгүй. Нэг багц цаг нь I курс бол 74.600-96.600, II анги 64.300-77.300, III-IV анги бол 50.100-51.500 төгрөгөөр хэмжигдэж байна.

Хамгийн бага төлбөртэй нь Шинжлэх ухааны сургууль бол хамгийн өндөр өртөгтэй нь Бизнесийн сургууль. Мөн хичээлийн жилийн суурь хураамж авдаг бөгөөд тэр нь энэ жилдээ 224.000 төгрөг.

Бизнесийн сургуулийн нэгдүгээр ангид элсэж буй оюутан ойролцоогоор 30 багц цагийн хичээл сонгож суралцана гэж тооцоод дээр нь суурь хураамжаа нэмбэл энэ намар 3.1 сая төгрөг төлөх нь.

ШУТИС

Их, дээд сургуулиудын төлбөр жил бүр нэмэгддэг ч курс ахих тусам судлах багц цаг нь багасдаг зарчимтай. Тус сургуулийн нэг багц цагийн дундаж үнэлгээ I курсийнх 61.813, бусад ангийнх 56.868.

Салбар сургууль бүрийн төлбөрийн хэмжээ өөр бөгөөд хамгийн өндөр нь Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийнх аж.

Дээрх хоёр сургуульд элсэх I ангийнхны нэг багц цагийн төлбөр 66.250 төгрөг. Хамгийн хямд нь Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн төлбөр 57.875 төгрөг байгаа гэнэ.

АШУҮИС

Нэг багц цагийн төлбөр I анги 75.000, бусад ангийнх 65.000 төгрөг. Салбарын ялгаа, хэддүгээр анги байх зэргээс шалтгаалж тус сургуулийн оюутан энэ жил дээд тал нь гурван сая төгрөг төлөх тооцоо гарав.

МУБИС

Тус сургуульд I ангийн оюутан элсэхдээ 1.950.000 төгрөг төлөх гэнэ. Энэ дүн хэр олон хичээл сонгон суралцахаас шалтгаалж нэмэгдэж магадгүй. Одоогоор нэг багц цагийн төлбөрийг тогтоогоогүй байгаа аж.

ХААИС

1.8-2.3 сая төгрөг бол тус сургуулийн төлбөр. Багц цагийн тухайд 65.000 төгрөгөөс дээш байна гэсэн мэдээлэл өглөө.

Ч.МӨНХЗУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)