Дунд жингийнхэнд найдвар бий

73 кг: Г.Одбаяр   

Эрэгтэйчүүдийн 73 кг-д хүч үзэхээр сугалаанд орсон Г.Одбаярын хувьд сайхан сугалаа хийжээ. Манай жүдоч дэлхийн шилдгүүдээс хол Израилийн олимпын найдвар Саги Мүкигийн тэргүүлсэн “D” хэсэгт багтаж, эхний шатанд Египтийн Мохамед Мохелдин, хоёрдугаар тойрогт АНУ-ын Ничолас Делпополо, Нигерийн Ахмед Гоумар нарын хожсонтой нь тулна. Хэрвээ хоёр ялвал хэсгийн аваргын төлөө Израилийн Саги Мүки тэргүүтэй Словакийн Рок Драксич, Германы Игорь Вандтке, Гайтигийн Жошуе Депрес нарын хэн нэгтэй нь үзэлцэнэ.

Хэрвээ манай тамирчин хэсгээсэээ шалгарвал Азербайжаны гол найдварын нэг Рустам Оружов, Узбексистаны Мирали Шарипов, Нидерландын Декс Елмонт, Унгарын Миклош Унгвари нарын шилдгүүд нөгөө хэсгээс гарч ирэх магадлалтай юм.

Энэ жингийн “A” хэсэгт БНСУ-ын Ан Чан Рим тэргүүлж, Бельгийн Дирк ван Тичедт, ОХУ-ын Денис Иартчев болон Франц, Бразил, Хойд Солонгосын бөхчүүд таарсан.

81 кг: О.Ууганбаатар

Энэ жинд хүч үзэх О.Ууганбаатар эхний шатанд хийлж, дараагийн тойрогт Египтийн Мохамед Аблелаалтай барилдана. Хэрвээ эхний шатаа түвэггүй давбал Ираны Сайед Моллаеи, ОХУ-ын Хасан Халмурзаев нарын хэн ялсантай нь учраа таарна. Ууганбаатарын багтсан “D” хэсгийг Лондоны олимпын хүрэлтэй, ДАШТ-ий тэмцээний мөнгө, хүрэл медальт Канадын Антуан Валуа-Фортье тэргүүлж буй юм. Тэрбээр эхний шатанд дэлхийн гурван медальтан Пьетри Лоиктой учраа таарна.

Хэрвээ манай жүдоч хэсгээсээ шалгарвал “С” хэсгийг тэргүүлж байгаа Японы Таканори Нагаси, Бразилын Виктор Пеналбер, Арабын нэгдсэн Эмиратын Сергү Тома нарын шилдгүүдээс гарч ирсэн нь тунах болов уу.

90 кг: Л.Отгонбаатар

Манай жүдоч Л.Отгонбаатар “D” хэсэгт Гүржийн Варлам Липартелианигийн хэсэгт оржээ. Энд Гүржээс гадна Кубын алдарт бөх Эшли Гонзалес, Укрианы Куеджау Набали, Нидерландын Ноэль Ван Тенд зэрэг томчууд бий. Манай жүдочийн эхний өрсөлдөгч нь Ноэль. Өнгөрсөн онд өвдөгний хүнд гэмтлээс эргэн ирсэн холланд эр манай жүдочтой Абу Дабигийн гранприд учраа таарч, ялж байв. Түүнийг ялвал саяхан Улаанбаатарын гранпригаар манайд ирээд буцсан Лондоны олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт Эшли Гонзалес, залуучуудын дэлхийн аварга Украины Куеджау Набали нарын хэн ялсантай нь хүч үзнэ. Тэднийг хожвол хэсгийн аваргын төлөө Европын наадмын мөнгөтэй, ДАШТ-ий гурван медальт Гүрж эр хүлээж байх болов уу.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)