Дундговь аймгийн 1-5 дугаар ангийн сурагчид үдийн хоолондоо хордсон байж болзошгүй

Долоохон хоногийн хугацаанд 300 гаруй хүн архи хэтрүүлж хэрэглэсний улмаас Хордлогын яаралтай тусламжийн төвд ханджээ. Тодруулбал, энэ сарын 1-8-нд 350 хүн архинд хордсоноос 13 нь хэвтэн эмчлүүлж, нэг хүн нас барсан бол үлдсэн нь амбулаторийн тусламж аваад буцсан гэж ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлэв. Тэд ямар нэгэн хортой сархад хүртээгүй, өөрсдөө архи хэтрүүлж ууснаас ийм байдалд оржээ. Өнгөрсөн наймдугаар сард Хордлогын яаралтай тусламжийн төвөөр 361 хүн үйлчлүүлсний олонх нь эм, архинд их, бага хэмжээгээр хордсон аж.

Түүнээс гадна энэ сарын 4-нд Дундговь аймгийн Мандал дунд сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид үдийн хоолондоо хордсон байж болзошгүй гэнэ. Тус сургуулийн 18 хүүхэд үдийн хоол идсэний дараа халуурч, ногоон, цусархаг зүйлээр суулгаж байгаа тул аймгийн Эрүүл мэндийн болон Мэргэжлийн хяналтын газрынхан хамтран, тандалт судалгаа хийж, сорьц цуглуулан лабораторид шинжилж байгаа аж. Өдгөө гурван хүүхэд Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм байна.

Мөн Баянхонгор аймгийн Баянговь сум (сумын төвөөс чанх хойшоо 31 км зайтай) энэ сарын 8-ны 13.30 цагт газар 3.8 магнитут хүчтэй хөдөлжээ. Ноцтой хохирол учруулаагүй гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)