Дундговийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ албан тушаалаа урвуулав уу


АТГ-ын ажлын хэсэг 12 аймгийн 34 суманд ажиллаж ирээд тайлангаа нэгтгэж буй. Энэ үеэр нийтийн албан тушаалтнууд, Засаг дарга, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын удирдлага хууль зөрчин эрх мэдлээ хэтрүүлсэн олон хэрэг, зөрчлийг илрүүлэн таслан зогсоож, зарим ноцтойд нь эрүүгийн хэрэг үүсгэж эхэлсэн юм. Тухайлбал, Өмнөговь аймгийн удирдлага Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалт бусаар зарцуулан, дайллага, цайллаганд ихэнх нөөцөө үрсэн байж. Тус аймаг уг нь 1.1 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн юм билээ. Сангийн сайдын баталсан журамд зааснаар уг хөрөнгийн 30-аас доошгүй хувийг Засаг даргын нөөцөд байлгах ёстой. Гэвч тус аймгийн Засаг даргын нөөц хөрөнгө ердөө 8.4 хувийн үлдэгдэлтэй байжээ. Ихэнх нь зочид төлөөлөгчдийг угтах үдэх дайллага, цайллаганд зарцуулсан хэмээн АТГ-ынхан тайлбарласан сурагтай. Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байна. Түүнийг албан тушаалаа урвуулан энэ оны хоёрдугаар сард сард тендер зарлалгүй 195 сая төгрөгөөр автомашин, 130 сая төгрөгөөр экскаватор шууд худалдан авч, төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулсан хэмээн буруутгаж байгааг эх сурвалжууд мэдээллээ. Мөн өөр үйлдлүүд ч гарч ирж болзошгүй гэнэ. Бид Засаг дарга нарын хууль бус үйлдлийн талаар эргэн мэдээлэх болно.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)