Дундаж цалин 942.900 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 74.400 төгрөгөөр нэмэгдлээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2017 оны хоёрдугаар сарын мэдээллээр ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх тoрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2311.7 мянган төгрөг, харин хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарынх хамгийн бага буюу 626.3 мянган төгрөг байна.

Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 609.3 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 767.3 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 887.0 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1020.2 мянган төгрөг, 200, түүнээс дээш ажиллагчтайнх 1291.6 мянган төгрөг байна.  

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзвэл 2016 оны 4 дүгээр улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1131.6 мянган төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 514.1 мянган төгрөг буюу хамгийн бага байна. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2016 оны 4 дүгээр улирлын байдлаар 942.9 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеэс 74.4 (8.6%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 58.6 (6.6%) мянган төгрөгөөр өссөн байна.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2016 оны 4 дүгээр улиралд 2010 оны 4 дүгээр улирлаас 2.5 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 56.4 хувиар нэмэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (27)