Дундаж давхаргыг “онилсон” оновчтой бодлого аль нь вэ

Дэлхий дахины тэгш бус байдлын талаарх 2018 оны тайланд дурдсанаар хүн төрөлхтөний 20 хувь нь бөмбөрцгийн нийт баялгийн 80 хувийг эзэмшиж байна. Баян, ядуугийн ялгаа гүнзгийрч, тэгш бус байдал газар авч буй. Манайд ч адил. Улмаар дэлхийн өнцөг булан бүрт популистууд хүч түрж, одоогоор хамгийн сайн нь гэгдэж буй ардчиллын үнэт зүйлс, зарчим ганхаж эхэлжээ. УИХ-ын энэ удаагийн сонгуульд оролцох нам, эвслүүд ч чухам ийм үндэслэл хэлж, дундаж давхаргынхныг нэмэгдүүлэх, бага, дунд орлоготой иргэдийг дэмжих нь мөрийн хөтөлбөрийнх нь амин сүнс болохыг мэдэгдэж байна.

МАН гэхэд л “Манай мөрийн хөтөлбөрийн суурь үнэт зүйл нь амьдралын чанар ба дундаж давхарга” хэмээн онцолсон бол Гэр хороолол, хөгжлийн нам “Иргэн баян бол улс баян”, Хөгжлийн хөтөлбөр нам “Чинээлэг монгол хүний төлөө” гэх мэт уриатай оролцож байна.

Мөрийн хөтөлбөрийн заалтуудаас онцолбол, МАН иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулахаа амлаж байна. Харин АН “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичигт заасан хэмжээнд хүргэж ядуурлыг бууруулахаар мөрийн хөтөлбөртөө тусгажээ. 2030 он гэхэд ядуурлын бүх төрлийг эцэс болгох зорилт бүхий уг бодлогыг гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2025 он гэхэд ядуурлын түвшинг нэг оронтой тоонд хүртэл бууруулсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, өдгөө 28.4 хувьтай байгаа ядуурлын түвшинг 10-аас доош болтол бууруулж, бараг гурав дахин багасгана гэсэн үг. ХҮН, МСДН, Зүй ёс намын “Зөв хүн электорат” эвсэл ч ажлын байр бий болгох замаар ядуурлын түвшинг нэг оронтой тоонд хүргэж, тогтвортой бууруулна гэж мөрийн хөтөлбөртөө дурдав. Тэгвэл МАХН, МУНН, ИЗНН-ын “Та, бидний эвсэл” ирэх дөрвөн жилд ядуурлыг бүрмөсөн арилгах гэнэ. Мөн Монгол консерватив нам, Монголын хүний төлөө намын “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэл нийт хүн амын 35 хувийг дундаж болон чинээлэг давхаргын ангилалд багтаахаа амлалаа. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын хувьд хүний хөгжлийн индекс, эдийн засаг, нийгмийн голлох үзүүлэлтийг 2024 онд өмнөх дөрвөн жил буюу одоогийнхоос доошлуулахгүй байх орчин, уур амьсгал бүрдүүлнэ хэмээснийг мөрийн хөтөлбөрөөс нь хараарай. Дээрдүүлж, сайжруулдаггүй юм гэхэд доошлуулж, муутгахгүй гэдгээ хэлсэн хэрэг биз. Харин бусад нам, эвсэл чинээлэг, дундаж давхарга бий болгоно, үүнийг дэмжсэн хууль, эрх зүйн орчин бүрдүүлнэ гэх мэт ерөнхий зорилт тусгасан байх аж.

Тэгвэл иргэдийнхээ орлогыг хэрхэн нэмэгдүүлж, ямар замаар ажлын байр бий болгон, дундаж давхаргыг тэлэх вэ. Үнэндээ үе үеийн эрх баригчдын толгойны өвчин, хийх ёстой гол ажил нь л энэ шүү дээ. Эрх баригчдын хувьд мега төслүүд хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулахаа зарлаж буй бөгөөд үр дүнд нь 150 мянган ажлын байр шинээр бий болгохоор тооцжээ. Улмаар Үндэсний баялгийн сан байгуулж, эдийн засгийн өсөлтийг хүн бүрт хүргэх гэнэ. Үндэсний статистикийн хорооноос хоёр жил тутам гаргадаг “Ядуурлын төрх-2018” тайланд манай макро эдийн засаг 2016-2018 онд тогтвортой өссөн хэдий ч ядуурлын бууралт зогсонги буюу бодитой нөлөө үзүүлээгүйг онцолсон. АН-ын хувьд уул уурхайн боловсруулах салбар, тэр дундаа ТЭЗҮ нь бэлэн болсон, санхүүжилт нь бэлэн, богино хугацаанд үр дүнгээ өгөх төслүүдийг эрчимжүүлэн 100 мянган ажлын байр шинээр бий болгохоор тусгасан байна. Тэд ч Үндэсний баялгийн сан байгуулах талаар дурджээ. Ер нь байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах зөв, оновчтой бодлого л орлого нь бүгдэд хүртээмжтэй очих эхлэл гэдгийг бүх нам, эвсэл хүлээн зөвшөөрч буй. Стратегийн ач холбогдол бүхий томоохон ордыг ард түмний дундын өмч болгон ашиглахын сацуу аж үйлдвэрийн хувьсгал эхлүүлэх нь ядуурлыг бүрмөсөн үгүй хийнэ гэдгийг “Та, бидний эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрөөс харах боломжтой. ШИНЭН, БНН, Үнэн ба зөв нам, МҮАН-ын “Шинэ” эвсэл ч үүнтэй агаар нэг зорилт дэвшүүлсэн. Тэд байгалийн баялгийг шударга хуваарилж, аж үйлдвэрийн хувьсгал хийх замаар улсын хөгжлийг эрс өөрчлөх гэнэ. “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэл гэхэд л үндэсний хэмжээний есөн том үйлдвэр барьж, 50 мянган хүн тэдгээрт ажиллана хэмээн тооцож буй бөгөөд Үндэсний хөрөнгө оруулалтын сан байгуулан байгалийн баялгийн орлогыг хуримтлуулан, шударгаар хуваарилах юм байна. Мөн Үндэсний баялгийн сан байгуулж, ашигт малтмалын нөөц ашигласны татвар, хураамжийн орлогын 50-иас доошгүй хувийг төвлөрүүлэхээр Эх орончдын нэгдсэн намаас амлав. Үүнээс гадна тус нам ашигт малтмал олборлогч бүх аж ахуйн нэгж өмчийн хэлбэрээс үл хамааран Үндэсний нөөцийн санд борлуулалтын ашгийнхаа 10 хувийг тушаахыг шаардах аж.

Ард түмнийг ажилтай, орлоготой байлгахаас гадна өнөөдрийг хүртэл үүрч ирсэн дарамтыг хөнгөлж, авсан цалингаасаа аль болох ахиухныг өөртөө авч үлдэх боломжийг нам, эвслүүд нэрлэж буй. Жишээ нь, бүх төрлийн зээлийн хүүг бууруулж, сарын нэг хувиас хэтрүүлэхгүй гэх амлалтыг өнөөгийн эрх баригчид өгч байна. Үүнээс гадна зорилтот бүлгийн иргэдийг ипотекийн зээлд хамруулахдаа урьдчилгаа төлбөрийг бууруулах, цаашлаад чөлөөлөх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх гэнэ. Ингэхдээ нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэн анх удаа орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлбөргүйгээр ипотекийн зээлд хамруулах, анх удаа байртай болох гэж буй бага, дунд орлоготой хүнд жилийн 4-6 хувийн хүү санал болгох зэрэг заалт мөрийн хөтөлбөртөө оруулжээ.

Улмаар Үндэсний орон сууцны корпорац байгуулж, 150 мянган айлыг орон сууцтай болоход нь дэмжлэх үзүүлэхээс 20 мянгыг нь “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулах гэнэ. Мөн орлого багатай иргэдийн цалингаас суутгах хувь хүний орлогын албан татварын хэмжээг хоёр дахин бууруулах заалт МАН-ын мөрийн хөтөлбөрт буй. Өнөөгийн сөрөг хүчин АН-ынхан ипотекийн зээлийг дахин төлөвлөлттэй уялдуулахаа мэдэгдэж буй бөгөөд залуу гэр бүл, гэр хороолол болон бусад зорилтот бүлгийн 100 мянган өрхийг түрээсээр орон сууцтай болгохоо амлаж байна. Тэд ДНБ-ийг 50 их наяд төгрөгт хүргэх боломж барилгын салбарт бий хэмээн тооцжээ. Улмаар “Найман хувийн зээл”-ийг үргэлжлүүлж, хүүг нь бууруулахаар мөрийн хөтөлбөртөө тусгав. Цаашлаад бүх төрлийн зээлийн хүүг нэг оронтой тоонд хүртэл бууруулах бодлого хэрэгжүүлэх юм байна. Харин “Та, бидний эвсэл” өрх бүрийг урт хугацаанд, төлбөрийг нь бага багаар эргэн төлөх нөхцөлөөр орон сууцтай болгоно хэмээсэн. 

Тэгвэл “Шинэ” эвсэл НОСК болон ТОСК-ыг нэгтгэн Гэр хорооллын хөгжлийн корпорац байгуулж, зээлийн хүүгийн өсөлтийг хуулиар хязгаарлан, нэг оронтой тоонд оруулах эрх зүйн орчин бүрдүүлэхээр төлөвлөжээ. Мөн НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлж, бүрэн өгөх гэнэ. “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслийн зүгээс хүн амын худалдан авах чадварт нийцсэн орон сууцын хангамж болон зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, хүүг нь бууруулах заалт мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Сонирхолтой нь, МНН аж ахуйн нэгжийн албан татварыг орлогоор нь шатлан тогтоох гэнэ. Тодруулбал, жилд 200 тэрбум төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгжид 80 хүртэл хувийн татвар тогтоох Баячуудын татварын тухай хууль батлахаар заажээ. Ард түмний олонхын засаглал нам гэхэд л ипотекийн зээлийн хүүг хамгийн бага түвшинд хүргэж, “Ард түмний орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэхээр заасан бол гэр хорооллын иргэд газраа барьцаалан, орон сууц, хаус барихад зориулж ипотекийн зээл олгохоо Гэр хороолол, хөгжлийн нам мэдэгдлээ. Мөн орон сууцын урьдчилгаа төлбөрт нийгмийн даатгалын шимтгэл болгон төлсөн иргэдийн мөнгийг тооцож, бага, дунд орлоготой иргэдийг хамруулах ипотекийн зээлийн хүүг таван хувь болгоно гэж Ард түмний намаас амлав.

Энэ мэтчилэн нам, эвслүүдийн дундаж давхаргыг “онилсон” бодлогоос аль нь оновчтой, бодитой хэрэгжихийг сонгогч бид сонжиж, тунгаах учиртай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)