Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна

Өмнөх дугаар

Дулдуйтын Данзанравжаагийн “Үлэмжийн чанар”-аа дуулж, “Саран хөхөөний намтар”-аа дэглэж асан, монголчуудын түүх, соёл, шашны хосгүй өв, тайлж дуусаагүй нууцыг тээдэг Хамарын хийд, энергийн төвийн хажууханд уурхайн кэмп байгуулж, орон нутгийн тусгай хамгаалалттай газраас ашигт малтмал олборлохоор зэхэж буй компани, тэнд өрнөж буй үйл явдлын талаар манай сонин цуврал сурвалжилга бэлтгэн хүргэж буй. Тусгай хамгаалалттай газарт, Хамарын хийдтэй хаяа хатган ажилчдын байраа төвхнүүлэхээр завдсан бөх зүрхтэй компанийн талаар нутгийн иргэд ямар ч мэдээлэлгүй, тэр ч бүү хэл орон нутгийн удирдлага нь ч нэг мөр ойлголтгүй, өөр хоорондоо тусгай зөвшөөрөл дамжуулсан олон компани дунд төөрч, будилж суугаа тухай өмнөх дугаартаа бид мэдээлсэн. Мөн тус компани Монгол Улсын хууль цааз, төрийн албыг хэрхэн дорд үзэж буйг эх сурвалжуудын яриагаар баримтжуулан хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаа Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газрын тэн хагасыг эзэлж буй Хар талын тусгай зөвшөөрөл ямар замаар харийнхны гарт орсон мөрөөр сурвалжилснаа хүргэе.

ХАМАРЫН ХИЙД ОРЧМЫН ГАЗАР ХАРИЙНХНЫ ГАРТ ОРСОН МӨРӨӨР

2007.8.03 Б.Мөнхбаатар, Г.Амгаланбат нар 2006 оны сүүлчээр гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулна хэмээн үүсгэн байгуулсан АОЛК компанид Дорноговь аймгийн Сайншанд, Эрдэнэ, Өргөн сумын нутгийн заагт орших, Хамарын хийд орчмын Хар тал нэршилтэй 25 301 га талбайд ашигт малтмалын хайгуул хийх 12618Х тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн төв (хуучин нэрээр)-ийн даргын 2007 оны наймдугаар сарын 1-ний 1939 дугаар шийдвэрээр олгожээ. Тухайн үед Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурь дэмжсэн санал өгсөн байна.

2007.8.22 Тусгай зөвшөөрөл авснаас хориод хоногийн дараа АОЛК компани бичиг баримтдаа ашигт малтмалын хайгуул хийх чиглэл нэмж бүртгүүлэв.

2007.11.8 Үүнээс гурван сарын дараа тус компани Хамарын хийд орчимд ашигт малтмал олборлох 40 жилийн хугацаатай, 12923А тоот тусгай зөвшөөрөл гардлаа. 12618Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлөө ОНЦГОЙ ЭРХЭЭР ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож өөрчилсөн аж.

2007.11.15 Ердөө долоохон хоногийн дараа гэхэд тус компанийн 12923А тоот тусгай зөвшөөрөл БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Оуяашиёоу” гэх компанид шилжиснийг Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2407 тоот шийдвэрээр бүртгээд авчихсан байв.

2008.04.18 Хао Жиандон захиралтай “Оуяашиёоу” компани 2006 онд гадаад худалдаа эрхлэхээр байгуулагдсан бөгөөд 2008 оны дөрөвдүгээр сарын 18-нд ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа явуулахаар бичиг баримтдаа нэмэлт оруулжээ.

2009.08.3 “Оуяашиёоу” компани 12923А тоот тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг төлөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.2 дахь заалтыг үндэслэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 516 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг нь цуцлав.

2014.07.30 Дээрх компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг цуцалснаас бүтэн таван жилийн дараа Дорноговь аймгийн ИТХ-ын 5/03 тоот тогтоолоор Хамарын хийд орчмын 45200.38 га газрыг түүх, соёлын дурсгалт газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад авч, АМГТГ-ын кадастрын нэгдсэн бүртгэлд бүртгүүллээ.

2017.06.13 Тусгай зөвшөөрлийг нь цуцлаад найман жил, тухайн газрыг орон нутаг тусгай хамгаалалтад авснаас хойш гурван жил өнгөрсний хойно “Оуяашиёоу” компани тэнд тусгай зөвшөөрөлтэй байснаа “гэнэт” санаж, нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан, ялалт байгуулав.

2017.07.19 Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 466 дугаар шийдвэрийг үндэслэн АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 404 дүгээр шийдвэрээр 12923А тусгай зөвшөөрлийг сэргээлээ.

2017.07.26 “Оуяашиёоу” компани уг ордыг “мартаж” орхисон найман жилийн хугацаандаа 12923А тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлсэн тул нөхөн авах хүсэлт гаргав. Кадастрын хэлтсийн даргын 433 дугаар шийдвэрээр хуучин гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцон, MV-020873 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг нөхөн олголоо.

2017.09.21 Гадаад худалдаа эрхэлнэ хэмээн үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон, Лиу Зивэй хэмээх ганц үүсгэн байгуулагчтай “Даблью эс жи эл” компани байгуулагдав.

2018.03.19 Б.Балдорж захиралтай “Олон ихт баян” компани байгуулагдлаа.

2018.06.18 “Оуяашиёоу” компани MV-020873 тоот тусгай зөвшөөрлөө “Даблью эс жи эл” компанид бүхэлд нь шилжүүлэх хүсэлт гаргасныг Кадастрын хэлтсийн даргын 443 дугаар шийдвэрээр бүртгэжээ.

2018.12.26 “Даблью эс жи эл” компаниас MV-020873 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас 8961.23 гаг нь “Олон ихт баян” компанид шилжүүлсэн бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 907 дугаар шийдвэрээр “Олон ихт баян” компанид MV-021248 тоот тусгай зөвшөөрөл олгов. Ингэснээр “Даблью эс жи эл” компанийн MV-020873 тоот тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ 16301.21 га болоод буй юм.

2047.11.8 Хамарын хийдийн орчимд ашигт малтмал олборлох, тусгай хамгаалалттай газрын талыг хамарсан “Даблью эс жи эл”, “Олон ихт баян” компанийн эзэмшилд буй тусгай зөвшөөрөл 2047 оны арваннэгдүгээр сарын 8 хүртэл хүчинтэй.

АН ЯЛАХААР “ИЧИЖ”, МАН ЯЛАХААР ИДЭВХЖДЭГ КОМПАНИ

Түүх, соёлын дурсгалтай, зон олны сүслэн биширдэг Хамарын хийд орчмын газар нутаг харийнхны мэдэлд очсон хар зураг ийм. Тусгай зөвшөөрлийн “туулсан” урт замаар мөшгихөд гайхаш төрүүлмээр эргэлзээтэй зүйл цөөнгүй таарсан. Тухайлбал, “Оуяашиёоу” компани төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн улмаас хуульд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлөө цуцлуулчихаад, бүтэн найман жилийн дараа шүүхэд хандаад зогсохгүй ялалт байгуулсанд нь эргэлзэхгүй байхын аргагүй. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийн төлбөрийг 30-аас дээш хоногоор хэтрүүлбэл тусгай зөвшөөрлийг цуцлах заалт бий. Уул уурхайн салбарт ажиллаж буй гадаад, дотоодын бүх аж ахуйн нэгж энэ хуулийг үг дуугүй дагадаг. Гэтэл тус компани эзэмшилдээ байсан Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Хашаатын говь, Хаалга уул, Хар талын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүйн улмаас 2009 онд гурвууланг нь цуцлуулжээ. “Оуяашиёоу” компанийнхан 2012 оны хавар Хашаатын говь, Хаалга уулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны арванхоёрдугаар сарын 4-ний 1055 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна. Тухайн үед нийслэлийн Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүх “Оуяашиёоу” компанийн нэхэмжлэлийг хангах боломжгүй хэмээн шийдвэрлэж байж. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын шийдвэр хууль ёсных, үүнийг хүчингүй болгох боломжгүй гэж бүх шатны шүүх алх цохижээ.

Үүнээс хойш тус компанийнхан хэдэн жил “ичээнд” байгаад, 2017 онд Хар талын тусгай зөвшөөрлийг буцааж өөрийн болгохоор шүүхэд хандсаныг нь нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүслээр нь болгож. Тус компани Хар талын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй юм бол яагаад бүхэл бүтэн найман жил юуны учир дуугүй явав, тусгай зөвшөөрлүүдийг яг адилхан нөхцөл шалтгаан, хуулийн үндэслэлээр цуцалсан атал шүүх яагаад хоёр тохиолдолд өөр, өөр шийдвэр гаргав гэсэн асуултууд эндээс ургаж буй юм.

... Компани 2009 онд Хар талын тусгай зөвшөөрлийг цуцлуулаад, 2017 онд сэргээлгэсэн. Энэ хооронд ямар ч хөдөлгөөн хийгээгүй нь хэн нэгний дэмжлэгийг, санаснаа гүйцэлдүүлэх таатай цагийг хүлээсэн хэрэг байж гэж нутгийн иргэд хардаж байгаа юм билээ...

Эрх бүхий байгууллага Хар талын тусгай зөвшөөрлийг цуцалснаас таван жилийн хойно орон нутаг Хамарын хийд орчмын газрыг хамгаалалтад авсан. Тусгай хамгаалалттай газар АМГТГ-ын кадастрын нэгдсэн санд бүртгэлтэй байхад тэд давхардуулан зөвшөөрөл өгсөн нь ч асуудал мөн. АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэг энэ талаар “АМГТГ-ын Кадастрын хэлтсээс лицензийн зөвшөөрөл олгосон компани төлбөрөө төлөөгүй бол эрхийг нь цуцлах арга хэмжээ авдаг. Харин хүндэтгэн үзэх шалтгаантай, эсвэл АМГТГ-ын үйл ажиллагааны алдаа байсан гэж компани үзвэл шүүхэд ханддаг. Ингээд шүүхийн шийдвэр эсрэг талд буюу тухайн компанийн талд гарсан. Шүүхийн шийдвэрийн дагуу Кадастрын хэлтэс ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг нь сэргээсэн. Бүх зүйл хуулийн дагуу болсон” хэмээсэн байна билээ. Манайхан хуулийн дагуу мэт харагдуулсан хууль бус үйлдэл үе үе гаргадгийг санахад илүүдэхгүй биз.

Энд бас анхаарахгүй орхиж боломгүй нэг зүйл бийг нутгийн иргэд хэлж буй. “Оуяашиёоу” компани 2009 онд Хар талын тусгай зөвшөөрлийг цуцлуулаад, 2017 онд сэргээлгэсэн. Энэ хооронд ямар ч хөдөлгөөн хийгээгүй нь хэн нэгний дэмжлэгийг, санаснаа гүйцэлдүүлэх таатай цагийг хүлээсэн хэрэг байж гэж нутгийн иргэд хардаж байгаа юм билээ. Тодруулбал, тус компанийн идэвхжих үе тус аймагт МАН ялахтай давхцаж, АН ялахаар “ичээнд” ороод байна хэмээн улс төржүүлэх хүн нэг бус таарсан. “Тусгай зөвшөөрлийг өөр компани руу шилжүүлсэн мэт харагддаг ч цаад эзэн нь өөрчлөгдөөгүй, түүнд тусалж, хамтардаг нөлөө бүхий монгол хүн ч бий байх” гэж учир мэдэх хүн хэлснийг мөн дурдахгүй орхимгүй санагдлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)