Дулдуйтын Равжаа дуулж явсан нутаг луйварчдын өгөөш болж буй юм биш биз,

Дулдуйтын Данзанравжаагийн “Үлэмжийн чанар”- аа дуулж, “Саран хөхөөний намтар”-аа дэглэж асан, монголчуудын түүх, соёл, шашны хосгүй өв, тайлж дуусаагүй нууцыг тээдэг Хамарын хийд, энергийн төвийн хажууханд уурхайн кэмп байгуулж, орон нутгийн тусгай хамгаалалттай газраас ашигт малтмал олборлоно хэмээн бужигнуулсан компани, тэдний эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн эргэн тойрон дахь ээдрээ, эргэлзээтэй үйл явдлын талаар манай сонин цуврал сурвалжилга бэлтгэн хүргэсэн. Тусгай хамгаалалттай газарт, Хамарын хийдтэй хаяа хатган ажилчдын байраа төвхнүүлэхээр завдсан бөх зүрхтэй компанийн талаар нутгийн иргэд ямар ч мэдээлэлгүй, тэр ч бүү хэл орон нутгийн удирдлага нь ч нэг мөр ойлголтгүй, өөр хоорондоо тусгай зөвшөөрөл дамжуулсан олон компани дунд төөрч, будилж суугаа тухай, мэдээлэл цуглуулж, тусгай зөвшөөрлийн “туулсан” урт замаар мөшгих тусам эргэлзээтэй, сэжиг, хар төрүүлэм дүр зураг тодорч буй талаар бид тухай бүрт нь мэдээлж байв.

Хамарын хийд орчимд буйр засаж, бужигнаан үүсгэсэн учир битүүлэг компанийн мэдэлд түүх, соёлын дурсгалтай, орон нутгийн тусгай хамгаалалттай газрын тэн хагас хэрхэн очсон, тус компани ашигт малтмал ашиглах ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт, газар, ус ашиглах гэрээ гэх мэт холбогдох бүх бичиг баримтгүй, археологи, палеонтологийн судалгаа хийгээгүй гээд зөрчиж болох бүх л хууль дүрмийг уландаа гишгэсэн гээд олон зүйлийг сурвалжилгаараа ил болгосон билээ.

Хамарын хийд орчимд олгосон тусгай зөвшөөрлийн хувь заяа хэрхэж буйг бид эргэн сурвалжилж байна. “Даблью эс жи эл” компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтээ Ерөнхий сайд, ЗГХЭГ, УУХҮЯ, АМГТГ, БОАЖЯ-нд хүргүүлээд буй Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, тусгай зөвшөөрөл олгох, цуцлах асуудлыг хариуцдаг төрийн төв байгууллага АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэг нараас зарим зүйлийг тодруулав.

Т.Энхтүвшин: ХАМАРЫН ХИЙДИЙГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВЧ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ӨӨР АЙМГИЙН НУТАГ РУУ ШИЛЖҮҮЛЭЭД ӨГӨӨЧ

-Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газартай давхацсан ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт тань шийдэгдэх нь үү?

-Бид тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтээ УУХҮЯ, АМГТГ-т, улсын тусгай хамгаалалтад авах хүсэлтээ БОАЖЯ-нд тавьсан. Холбогдох ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. Хамарын хийд бол манай аймгийн ганц брэнд. Тэр компани тусгай зөвшөөрөлтэй байж болно. Бид бол яасан ч ажиллуулахгүй.

-Тусгай зөвшөөрлийг дүйцүүлэх байдлаар өөр газар руу шилжүүлэх талаар та ярьж байгаа юм уу?

-Тост, Тосон бумбад байсан компанийн тусгай зөвшөөрлийг өөр газарт шилжүүлж, дүйцүүлэн олгосон юм билээ. Ийм хууль журам байдаг бол олон жил хайгуул хийсэн энэ компанид үүн шиг арга хэмжээ авах боломж байна уу гэсэн саналаа хэлж, бичиг, тоот илгээсээр байгаа. Компани нөхөн төлбөр нэхэж, аймагтай шүүхдэж магадгүй гэж бодоод, Хамарын хийдийг тусгай хамгаалалтад авч, тусгай зөвшөөрлийг нь өөр аймгийн нутаг дэвсгэр рүү ч юм уу шилжүүлээд өгчихөөч гэж байгаа хэрэг.

-Тэр компани хэдий хэмжээний хайгуулын зардал гаргасан юм бол?

-Мэдэхгүй. 2007 онд хайгуулын тусгай зөвшөөрөл авсан юм билээ. Ашиглалтынх болтол явсныг бодоход хайгуул хийж, нөөц батлуулсан байлгүй дээ.

-Нөөц батлуулаагүй, хайгуулын ажлын тайлан ч ирүүлээгүй гэсэн мэдээлэл бий.

-Тэгвэл би сайн мэдэхгүй байна.

Д.Дашзэвэг: 120 САЯ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛСЭН ОРДЫНХОО НӨХӨН ТӨЛБӨРТ 100-200 ТЭРБУМ ТӨГРӨГ НЭХЭХ ТАЛААР ЯРЬСАН

-АМГТГ-ын Кадастрын хэлтсийнхэн Хамарын хийд орчимд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй “Даблью эс жи эл” компанийнхантай уулзсан гэсэн. Тэд ямар санал хэлж байна?

-Аймгийн Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийн дагуу тэнд тусгай зөвшөөрөл эзэмшдэг хоёр компанийг дуудан сонсох ажиллагаа явуулсан. “Олон ихт баян” компани нь “Манай тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал аймгаас ирүүлээгүй. Зөвхөн “Даблью эс жи эл” компанийнхыг л цуцлуулах хүсэлт ирүүлсэн. Тиймээс энэ асуудал манайд хамаагүй” гэсэн. “Даблью эс жи эл” нь “Бид энэ тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль журмын дагуу авсан. Буцааж өгөх асуудал байхгүй” гэсэн.

-Өөрсдөө ингэж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах боломж бий юү?

-Тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл тун цөөхөн, хязгаарлагдмал шүү дээ. Шууд цуцлах ямар ч боломж байхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд төлбөр төлөөгүй бол, эсвэл “Урт нэртэй” хууль, Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг зөрчсөн бол, мөн байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэсэн орон нутгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн БОАЖЯ-наас санал ирүүлсэн тохиолдолд л тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан. Өөрөөр бид яагаад ч цуцалж чадахгүй.

-2009 онд танай байгууллага газрын төлбөрөө төлөөгүй гэдэг үндэслэлээр уг тусгай зөвшөөрлийг цуцалсан. Гэтэл 2017 онд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээсэн. Та бүхэн шийдвэрээ хамгаалж, давж заалдаж болохгүй байсан уу?

-Тухайн үед боломж байсан ч манайх давж заалдаагүй. Шийдвэрийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор дараагийн шатны шүүхэд гомдол гаргах боломжтой байдаг шүү дээ. Тухайн үед Кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан хүн яагаад давж заалдаагүй, тэр үед нөхцөл байдал ямар байсныг хэлж мэдэхгүй юм. Одоо бол хугацаа нь өнгөрсөн.

-2017 оны шүүхийн шийдвэр их эргэлзээтэй шүү дээ. “Оуяашиёоу” хэмээх компани 2009 онд яг ижил үндэслэлээр (төлбөр төлөөгүй) Хашаатын говь, Хаалга уул, Хар тал нэршилтэй гурван тусгай зөвшөөрөл цуцлуулсан. Тэд 2012 оны хавар Хашаатын говь, Хаалга уулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан ч нийслэлийн Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүх нэхэмжлэлийг нь хангах боломжгүй хэмээн шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын шийдвэр хууль ёсных, үүнийг хүчингүй болгох боломжгүй гэж бүх шатны шүүх үзсэн. Гэтэл үүнээс хойш таван жилийн дараа уг газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авчихаад байхад 2017 онд нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх өмнөхөөсөө тэс өөр шийдвэр гаргаж, Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газартай давхцуулан Хар тал тусгай зөвшөөрлийг сэргээсэн. Энэ нь зохион байгуулалттай, нарийн төлөвлөсөн ажиллагааны эхлэл байсан юм биш биз гэсэн хардлага төрүүлж байгаа. Энэ нөхцөл байдлыг та хэрхэн харж буй вэ?

-Шүүхийн асуудал бол шүүхийн л асуудал. Монгол Улсад шүүх эцсийн шийдвэр гаргана. Ийм л хуультай. Шүүхийн шийдвэрийг шүүх эрх надад байхгүй.

-Энэ компани нөөцөө батлуулаагүйгээс эхлээд олон хууль зөрчсөн юм билээ.

-Хамарын хийд орчмын Хар тал нэршилтэй 25 301 га талбайд ашигт малтмалын хайгуул хийх 12618Х тоот тусгай зөвшөөрлийг 2007 оны наймдугаар сарын 3-нд аваад, тухайн оныхоо арваннэгдүгээр сарын 8-нд ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон. Сүүлд нөөцөө бодуулж, тогтоолгосон байх.

-Эрдэс баялгийн мэдээллийн сангаас хайхад хайгуул хийсэн, нөөц бүртгүүлсэн тухай мэдээлэл гарч ирээгүй. Анх уг газарт хайгуулын тусгай зөвшөөрөл наймдугаар сард аваад, гурван сарын дараа ашиглалтынх болгосон. Тэр хооронд хайгуул хийж, нөөц тогтоож амжих уу?

-Ийм хугацаанд нөөц тогтоож амжихгүй.

-Энэ бол Ашигт малтмалын шинэ хууль хэрэгжээд эхэлчихсэн байсан үе. Шинэ хуулиар заавал нөөцөө тогтоолгож байж ашиглалтын зөвшөөрлөө авах ёстой шүү дээ.

-Уг нь тийм. Тухайн үед яагаад ашиглалтын тусгай зөвшөөрөл өгчихсөн юм, бүү мэд.

-Тусгай зөвшөөрлийг цуцаллаа гэхэд нөхөн олговрын тухай яригдана. Тэр нь хэр хэмжээтэй байх талаар баримжаа бий юү?

-Манай хэлтэс үүнийг хариуцдаггүй л дээ. Уулзаад ярилцаж байхад компанийнхан бол нэлээд өндөр зардал гаргасан гэж ярьж байна билээ. Цаасан дээр байгаа баримтаар бол 120 сая төгрөгөөр л үнэлсэн орд шүү дээ. “Оуяашиёоу” компани төлбөр төлөөгүйн улмаас 2009 онд тусгай зөвшөөрлөө цуцлуулаад, 2017 онд сэргээлгэсэн. Тэгэхээр газрын төлбөр цөөхөн жил төлсөн гэсэн үг. Өнгөрсөн оны зургадугаар сард “Даблью эс жи эл” компани руу тусгай зөвшөөрлөө бүтнээр нь шилжүүлэхдээ “Оуяашиёоу” 120 сая төгрөгөөр үнэлж, одоо мөрдөж буй хуулийн дагуу худалдсан үнийн дүнгийнхээ 30 хувь буюу 55 сая төгрөгийг татварын албанд тушаасан баримт бий. Есхөн сарын өмнө шүү дээ. Үүнээс харахад нэг их үнэ цэнтэй орд, хэдэн тэрбум төгрөгийн зардал гаргачихсан зүйл биш.

-Компанийнхан өндөр зардал гаргасан гэж хэлсэн гэлээ. Хэд гэсэн бэ?

-Монгол Улсын Засгийн газраас маш их (100-200 сая ам.доллар) мөнгө нэхэмжилнэ гэж байна билээ. Гэхдээ нөхөн олговор гэдэг нэг нөхөр амандаа орсон тоогоо хэлээд авчихдаг ч юм биш. Хэдэн төгрөгийн зардал гарсныг шалгаж, хянаж, баталгаажуулна.

-Тусгай зөвшөөрлийг өөр газарт шилжүүлж, дүйцүүлэн олгох талаар нэлээд яригдаж байна. Тийм боломжтой юу?

-Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасан. Энэ заалтыг ашиглан дүйцүүлж талбай олгосон жишиг ч бий. 2017 оны есдүгээр сард Засгийн газрын тогтоолоор Тост, Тосон бумбын нуруу, Булган аймгийн Тэшиг сум орчмыг байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалтад авч, тэнд тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан компаниудад өөр газарт хайгуулын талбай дүйцүүлэн өгсөн. Иймэрхүү маягаар шийдэж болох л байх.

-Хамарын хийд орчмын тусгай зөвшөөрлийг оны босгон дээр хоёр хувааж, хоёр компани эзэмшиж байгаа. Тэгэхээр дүйцүүлж газар өгөх замаар асуудлыг шийдлээ гэхэд хоёр компани авах уу?

-Тэгнэ.

-Компанийн, эсвэл аймгийн зүгээс энэ талаар тодорхой санал тавьсан уу?

-Одоогоор албан ёсоор ийм санал тавиагүй. Албан бусаар ярьсан тохиолдол бий.

-Аймгийн Засаг дарга ийм санал тавьсан юм биш үү?

-Засаг даргын хувийн бодол л байх. Энэ тусгай зөвшөөрлийг цуцлуулаад, оронд нь тэнд талбай өгмөөр байна гэж аймгийн Засаг дарга ярьж болохгүй л дээ. Энэ бол Засгийн газрын шийдэх асуудал. Тухайн компани өөрөө ийм санал тавьсан тохиолдолд яригдана.

Холбогдох албаны хүмүүс ийм зүйл ярьж байна. Дулдуйтын Равжаа дуулж явсан нутаг шинэ цагийн зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүдийн залилан, луйврын өгөөш болж буй юм биш биз гэсэн хардлага улам гүнзгийрч үлдлээ. Энэ тухай үргэлжлүүлэн сурвалжлах болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)