Дулдуйтын Равжаа дуулж явсан нутаг луйварчдын өгөөш болж байна

Дулдуйтын Данзанравжаагийн “Үлэмжийн чанар”-аа дуулж, “Саран хөхөөний намтар”-аа дэглэж асан, монголчуудын түүх, соёл, шашны хосгүй өв, тайлж дуусаагүй нууцыг тээдэг Хамарын хийд, энергийн төвийн хажууханд уурхайн кэмп байгуулж, орон нутгийн тусгай хамгаалалттай газраас ашигт малтмал олборлоно хэмээн бужигнуулсан компани, тэдний эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн эргэн тойрон дахь ээдрээ, эргэлзээтэй үйл явдлын талаар манай сонин цуврал сурвалжилга бэлтгэн хүргэж буй. Мэдээлэл цуглуулж, тусгай зөвшөөрлийн “туулсан” урт замаар мөшгөх тусам эргэлзээтэй, сэжиг, хар төрүүлэм дүр зураг тодорч буй талаар бид тухай бүрт нь мэдээлж байгаа билээ.

ХАМАРЫН ХИЙДИЙГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ АСУУДЛЫГ ИРЭХ НАМРЫН ЧУУЛГАНД ОРУУЛНА

Энэ долоо хоногийн даваа гарагт БОАЖЯ-ны шуурхай хуралдаанаар Хамарын хийдийг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг УИХ-д өргөн барих талаар ярилцжээ. Байнгын хорооноос чиглэл өгсний дагуу яамны мэргэжилтнүүд холбогдох судалгааг хийж, ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж буй талаараа танилцуулсан аж. 

Ээдрээ, эргэлзээ дүүрэн, залилан, луйврын хэрэг ч байж болзошгүй Хамарын хийд орчмын тусгай зөвшөөрлийн талаар найман цуврал сурвалжилга бэлтгэхдээ түүх, соёлын олон дурсгалыг хадгалж, тээсээр ирсэн, аялал жуулчлалын томоохон төв энэ нутагт төр, засаг анхаарлаа хандуулж, хамгаалалтдаа аваасай гэж хүссэний хувьд энэ мэдээнд баярлахаас аргагүй.

Газар нутгаа бүхэлд нь тусгай зөвшөөрөл хэмээх хуудас цаас болгоод, гадаад, дотоодынхонд эзэмшүүлчихсэн, үүнийхээ горыг ч хангалттай амсаж буй манайхан үлдсэн онгон дагшин байгалиа алтыг нь аваад, авдрыг хаядаг, хайрлах сэтгэлгүй тонуулчидаас өмгөөлөхийн тулд тусгай хамгаалалтад авахаас өөр гарцгүй болсон. Дахин давтагдашгүй байгаль, экологийн үйл явц, нэн ховор амьтдыг ирээдүй хойч үедээ бүрэн бүтэн үлдээхийн тулд газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авах бодлого Засгийн газар баримталж байгаа нь ч үүнтэй холбоотой болов уу. Тиймээс Хамарын хийдийг улсын тусгай хамгаалалтад авахаар ажиллаж буй хүмүүст талархал илэрхийлэх нь зөв биз.

“ЛИЦЕНЗ УГААХ” ХЭМЭЭХ ЗАЛИЛАН, ЛУЙВРЫН ХЭРЭГ ЦЭЦЭГЛЭЖ БАЙНА

Гэхдээ газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах Засгийн газрын бодлогын сүүдэрт “лиценз угаах” хэмээх залилан, луйврын шинжтэй хэрэг цэцэглэж буйг анзаарахгүй орхих боломгүй. Мөнгө угаах гэдэгтэй адилтгасан лиценз угаах гэдэг нэршил ашигт малтмалын салбарт аль хэдийн бий болсон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасан. Энэ заалтыг ашиглан 2017 оны есдүгээр сард Засгийн газрын тогтоолоор Тост, Тосон бумбын нуруу, Булган аймгийн Тэшиг сум орчмыг байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалтад авч, тэнд тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан компаниудад өөр газарт хайгуулын талбай дүйцүүлэн өгсөн байдаг.

Дээр дурдсан газарт лиценз эзэмшиж байсан компаниуд нэг тусгай зөвшөөрлөө “толгой салгаж” хоёр болгон, тун ч ашигтай ажилласныг тухайн үед хэн ч анзаараагүй юм. Анзаараагүй гэхээсээ анзааруулаагүй гэвэл оновчтой байх. Үнэндээ дээрх газруудыг тусгай хамгаалалтад авч, тэнд байсан тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан талаар л дуулиан болгон мэдээлээд байснаас үүнийхээ төлөөсөнд хоёр дахин олон тусгай зөвшөөрөл олгосон талаар хэн ч дуугараагүй билээ.

Тост, Тосон бумбын нуруу, Булган аймгийн Тэшиг сум орчмыг улсын тусгай хамгаалалтад авснаар хамгаалснаасаа хамаагүй илүү газрыг аюулд оруулсан. Тодруулбал, Тост, Тосон бумбын нуруунд дөрвөн компанийн эзэмшиж байсан таван тусгай зөвшөөрлийн оронд долоог, Булган аймгийн Тэшиг суманд “Азаргын гол чонот” хэмээх ганц компанийн эзэмшиж байсан дөрвөн тусгай зөвшөөрлийн оронд наймыг нөхөн олгожээ. Нэг тусгай зөвшөөрлийг хоёр болгох, нөөц багатай газраа их нөөцтэйгөөр солих энэ арга лиценз угаах гэсэн нэршил бий болтол цэцэглэсэн аж. Хамарын хийд орчим дахь тусгай зөвшөөрлийн талаар сурвалжилж явахад “Тост, Тосон бумбын нуруунд байсан тусгай зөвшөөрлүүдийн талбай тийм ч их нөөцтэй байгаагүй. Тэнд хайгуул хийгээгүй, ямар ч зардал гаргаагүй компаниуд дүйцүүлэн олгох заалтыг ашиглан нэг тусгай зөвшөөрлөө хоёр болгож, илүү нөөцтэй газар авсан. Лицензний наймаачид энэ аргад гаршиж, Хамарын хийдэд ч үүнийгээ давтах гэж байна” гэсэн мэдээллийг учир мэдэх хүмүүс өгснөөр энэ асуудлыг орхих ёсгүй нэг өнцгөө болгон авч яваа юм.

ХАМАРЫН ХИЙДИЙГ УЛСЫН ХАМГААЛАЛТАД АВБАЛ ДӨРВӨН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ НЭХНЭ

Хамарын хийд орчмын тусгай зөвшөөрлийн туулсан замаар мөшгөхөд нарийн зохион байгуулалттай сүлжээ ажиллаж байх шиг мэдрэмж төрдөг. Бод л доо. Хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2009 онд цуцалсан тусгай зөвшөөрлийг арваад жил өнгөрч, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хойно шүүхээр сэргээлгэнэ гэдэг хэрийн хүний хийх ажил биш. Ингэхдээ тус газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан болон бусад олон нөхцөл байдлыг үл хэрэгсэн, улайм цайм хууль ёсыг уландаа гишгэсэн. Ингэж сэргээлгэсэн тусгай зөвшөөрлөө хоёр хувааж, хоёр компанийн нэр дээр болгосон.

Одоо Хамарын хийдийг улсын тусгай хамгаалалтад авбал улсаас хоёр компани хохирол нэхнэ. Тэд Тост, Тосон бумбын нуруу, Булган аймгийн Тэшигийн жишгээр тусгай зөвшөөрөл дүйцүүлж авах сонирхлоо ил, далд илэрхийлсээр байгаа. Хүслээр нь болбол 2006 онд олгогдож, ямар нэг хайгуул хийлгүй байсаар 2009 онд хүчингүй болсон, хайхрах эзэнгүй арваад жил хаягдсаны дараа гэнэт шидийг олон “амь орж”, өнгөрсөн онд 120 сая төгрөгөөр үнэлэгдэн зарагдсан Хамарын хийд орчмын тусгай зөвшөөрөл өөр газарт дөрвөн тусгай зөвшөөрөл болон хувирна гэсэн үг.

Ийм луйврыг л битгий өөгшүүлж дэмжээрэй, хамтран бүү хийгээрэй гэж холбогдох албаныхнаас хүсье.

ХАМАРЫН ХИЙДИЙНХЭН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИДТЭЙ ТОХИРОЛЦСОН УУ

Тэдний эртнээс төлөвлөж, зохион байгуулалттайгаар хийж буй луйврыг таслан зогсоож, хонь бүрэн, чоно цатгалан үлдэх гарц уг нь бий. Үүний тулд “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон АМГ-ын 2009 оны шийдвэр хууль ёсных, цуцалсан нь зөв, сэргээх боломжгүй” гэсэн шийдвэрийг бүх шатны шүүх (Улсын дээд шүүх хүртэл) гаргачихаад байхад яг адил нөхцөлтэй Хамарын хийд орчмын тусгай зөвшөөрлийг 2017 онд холбогдох хууль журам зөрчин байж сэргээсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ёстой. Гэтэл аймаг, сум орон нутаг, байгаль орчин, аялал жуулчал, уул уурхай хариуцсан салбарын байгууллагын аль нь ч ийм нэхэмжлэл гаргахгүй байгаа нь гачлантай.

Хамарын хийдийнхэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан сураг дуулаад найдлага тавин хүлээж байтал тус шүүхээс хүсэлтийг нь буцаасан гэсэн гонсойлгом мэдээ авлаа. Ямар шалтгаанаар буцаасан талаар нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тодруулахад “Ирүүлсэн хүсэлтийн дагуу 5-6 удаа хурал зарласан ч Хамарын хийдийнхэн элдэв шалтаг тоочоод ирээгүй. Нэхэмжлэгч гурван удаа хуралд ирэхгүй бол хүсэлт, нэхэмжлэлийг буцаадаг юм. Ийм шалтгаанаар буцаасан. Дахин хүсэлт, нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Хамарын хийдийнхэн одоогоор тогтоолоо ч аваагүй, дахин хүсэлт ч гаргаагүй байна” гэв.

Өөр нэг албаны эх сурвалж “Хамарын хийдийнхэн овоо явж байснаа зарласан хуралд ч ирэхгүй алга болчихлоо. Нөгөө талтайгаа тохиролцчихсон юм болов уу гэж бодож сууна” хэмээн хардаж буйгаа илэрхийлсэн. Хамарын хийд орчмыг хамгаалалтад авах ажил ахицтай байгаа ч үүний нөгөө талд энэ шийдвэрийг хүлээн алгаа үрж суугаа зальхай этгээдүүдийн сарьсан хамар дундуур татаж, хууль, шүүхтэй, төр, засагтай, эзэнтэй улсад амьдарч буйг нь сануулах ажил харин ахиц муутайхан байгаа нь харамсалтай.

Хамарын хийдийн ловон лам С.Борхүүтэй холбогдож, яагаад хуралдаа очихгүй байсаар нэхэмжлэлээ буцаасан талаар нь тодруулахад “Ямар нийгэмд амьдарч байгаагаа мэдэж байгаа биз дээ. Бид АТГ, хууль, шүүхийн удирдлага солигдож дуусахыг хүлээж байна. Тохиромжтой цаг нь болохоор хүсэлтээ дахин өгнө. Тэр хүмүүстэй тохиролцоно гэсэн асуудал огт байхгүй” гэсэн.

Хамарын хийдийг шүүхэд төлөөлөх үүрэг хүлээгээд буй иргэн Т-тэй холбогдоход “Бид “Оуяашиёоу” компанийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн О.Оюунгэрэл шүүгчийн шийдвэр хууль бус гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, тус шүүх хуралд Хамарын хийдийг гуравдагч этгээдээр оролцуулах ёстой байсан. Хоёрдугаарт, яг адилхан асуудлаар “Оуяашиёоу” компани Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэж, Дээд шүүх хүртэл заргалдан, ялагдчихаад байхад ийм ойлгомжтой зүйлийг О.Оюунгэрэл шүүгч ч, АМГТГ-ыг төлөөлж шүүх хуралд орсон хүн ч анзарахгүй байна гэж үгүй. (Тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр тус компанийн эзэмшиж байсан Хашаатын говь, Хаалга уул, Хар тал нэршилтэй гурван тусгай зөвшөөрлийг 2009 онд Ашигт малтмалын газар (хуучин нэрээр) цуцалсан. 2012 оны хавар тус компаниас Хашаатын говь, Хаалга уулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандсан бөгөөд тухайн үед бүх шатны шүүх “Ашигт малтмалын газрын шийдвэр хууль ёсных, үүнийг хүчингүй болгох боломжгүй” хэмээн алх цохисон байдаг. Гэтэл Хар тал (Хамарын хийд орчмын) тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын шийдвэр хууль зөрчсөн гэж үзэн, тусгай зөвшөөрлийг сэргээх шийдвэрийг 2017 онд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл гаргасан. сурв) Ийм улайм цайм шийдвэр О.Оюунгэрэл шүүгч гаргаж, түүнийг нь АМГТГ давж заалдаагүй, энэ талаараа манайд мэдэгдээгүй нь том асуудал.

Тиймээс бид Захиргааны хэргийн шүүхэд “Асуудлыг шийдэхдээ Хамарын хийдийг гуравдагч этгээдээр оруулах ёстой. Шинэ нөхцөл байдал илэрсэн тул шүүхийн 2017 оны шийдвэрийг хянан хэлэлцээч” гэсэн хүсэлтээ дахин гаргана. Ийм үндэслэлээр бол манайх ялж, улс хохиролгүй болох боломжтой гэж хуульч, өмгөөлөгч нар хэлж байгаа. УУХҮЯ бас биднийг ингэж шахаад байгаа хэрнээ өөрсдөө өргөдлөө өгөхгүй, АМГТГ-ынхан ч хөдлөхгүй юм.

Шүүхээс тусгай зөвшөөрлийг сэргээсэн 2017 оны шийдвэрийг хүчингүй болгохгүй бол УИХ-ын гишүүний дүүгийн компани улсаас баахан орд газар авах гээд, Хамарын хийдийг энэ зорилгодоо ашиглаад байна. Үүний ард УИХ-ын хоёр ч гишүүн байгаа. 

Тэд өмнө нь Засгийн газрын тогтоолоор Тост, Тосон бумбад тусгай зөвшөөрөл цуцлахад улсаас нөхөн төлбөр авна гэж байгаад хоёр тусгай зөвшөөрлөө зургаа болгоод авчихсан юм билээ. Одоо ч Хамарын хийдийг ухахдаа гол нь биш, үүний цаана заль яваад байна. Хамарын хийдийг тусгай хамгаалалтад авангуут оруулсан мөнгөө гаргаж авна гэж байгаад, дөрвөн тусгай зөвшөөрөл авна гээд байгаа гэсэн. Хэсэг бүлэг хүний мөнгө олох хэрэгсэл нь Хамарын хийд байх ёсгүй. Энэ талаар бид АТГ-ын шинэ дарга, ерөнхий шүүгчид хандана.

Уг тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан “Оуяашиёоу” компани ганц хятад үүсгэн байгуулагчтай. Тэр нь олон жилийн өмнө нас барсан. Гэтэл үхсэн хятад эзнийг хэн, яаж төлөөлж, олон жилийн өмнө хүчингүй болгосон тусгай зөвшөөрлийг сэргээгээд яваад байна вэ гэх мэтчилэн олон сонин зүйл энд бий.

Хүчингүй болгосон тусгай зөвшөөрлийг сэргээх шийдвэр гаргаж, энэ бүхний эхлэлийг тавьсан О.Оюунгэрэл гэдэг шүүгч УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн оролцсон бараг бүх хэргийг шийдэж байсан гэсэн. Хамарын хийд орчмын тусгай зөвшөөрлийг сэргээх шүүх хуралд АМГТГ-ыг төлөөлж оролцсон хүн ажлаас халагдаад, үндэслэлгүй халагдсан гэж шүүхэд гомдол гаргахад О.Оюунгэрэл “АМГТГ-ын дарга хууль зөрчжээ” гэсэн шийдвэр гаргаж, ажилд нь буцаасан байдаг. Тохиолдол гэхэд гайхмаар олон давхцал байгаа биз” гэсэн юм.

Ямартай ч Хамарын хийдийнхэн шүүхэд дахин хандана гэдгээ мэдэгдсэн. Шүүхийн шийдвэрээр хонь бүрэн, чоно цатгалан, улс хохиролгүй, газар нутаг шуналтнуудын мэдэлд очихгүй үлдэх боломж бийг дахин сануулъя.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)