Д.Уламбаяр: Би дуугаараа залууст сэтгэлийн эрх чөлөө бэлэглэмээр байна

Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр буюу Ука ирэх есдүгээр сарын 9-нд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Удахгүй болох тоглолт болоод шинэ уран бүтээлийнх нь талаар түүнээс тодрууллаа.

-Бие даасан гурав дахь тоглолтоо хийхээр тов зарлажээ. Ямар онцлогтой тоглолтоор сонсогчдодоо бэлэг барих гэж байна вэ?

-“Мобиком” корпорацын “Be” брэндээс зохион байгуулах тоглолт л доо. Хэрэглэгчдийнхээ дунд санал асуулга явуулж, хамгийн их санал авсан хамтлаг, дуучныг эл тоглолтод оролцуулж буй юм билээ. Санал асуулгад намайг тодорсныг дуулгаж, тоглолтыг минь зохион байгуулах санал тавьсан. Уг нь би охиноо төрүүлээд удаагүй, хүү минь ч бага байна.

Ажилдаа орж, тайзан дээр гарахаар нэг их яарахгүй байгаа юм. Гэсэн ч үзэгчид миний тоглолтыг үзэх хүсэлтэй байгааг сонсоод энэ саналыг дуртайяа хүлээн авсан. Их сайхан санагдсан шүү. Тоглолтод реппэр Рокит Бэй, Биг Жий болон “A sound”, “The Colours”, “UFO” хамтлаг, дижей Анна нар оролцоно.

-Тоглолтдоо зөвхөн “Хөгжим” цомгийн дуунаас дуулах уу. Эсвэл өмнө гаргасан “I’m in love”, “11/06” цомгоосоо “сүлэх” үү?

-Тоглолтынхоо гэнэтийн бэлгүүдээс задалмааргүй байна. Ирээд үзвэл “амттай” байх. Гаргасан гурван цомгоосоо сорчлон сонсогчдодоо хүргэнэ.

-Энэ удаагийн тоглолтыг зөвхөн “Be” брэндийн хэрэглэгчид үзэх боломжтой юм билээ. Таны дууг сонсдог бусад залууст зориулж ойрын хугацаанд тоглолт хийх үү?

-Үүрэн телефоны бусад операторыг сонгон хэрэглэдэг, миний дуунд дуртай сонсогчдоос гомдол нэлээд ирсэн. Тиймээс ирэх арваннэгдүгээр сард дахин тоглолт хийхээр төлөвлөж байна. Гэхдээ яг шийдсэн зүйл алга.

-Та дөрөв дэх цомгоо гаргахаар ажиллаж буй гэсэн. Шинэ цомогт тань багтах “Эрх чөлөөлнө” дуу ч хит дууны жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Энэ цомог тань ямар онцлогтой байх вэ. Хэчнээн дуунаас бүрдэх бол?

-Цомгоо хэрхэн нэрлэхээ одоохондоо шийдээгүй. Цомгийн эхний дуу “Эрх чөлөөлнө” хит болж байгаад баяртай байна. Эл цомгоо би залууст амьдралын баяр баясал, аз жаргал, сэтгэлийн эрх чөлөө бэлэглэхээр гаргах юм. Дуунуудын утга, хөг аялгуу ч дээр дурдсан агуулгад нийцэж байгаа.

-Шинэ клипнийхээ зургийг авахуулж буй талаараа фэйсбүүк хуудастаа мэдээлсэн байсан. Ямар дуугаа дүрсжүүлж байгаа вэ?

-Энэ сарын сүүлчээр сонсогчдод “Don’t stop” дууныхаа клипийг хүргэхээр зургаа авахуулж байна. Дижей Заяатай хамтарсан, хип хоп дуу.

-“Киви” хамтлагийн шинэ уран бүтээлийг хэзээнээс сонсогчдод хүргэх вэ?

-Хамтлагийн уран бүтээлээ хэсэгхэн завсарлачихаад байна. Бидний хүүхдүүд арай бага байна. Продюсер Б.Ангирмаа багш маань ч биднийг шавдуулахгүй байгаа. Гэхдээ бидэнд хийхээр төлөвлөсөн зүйл олон бий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)