Дугуйн стандарт бус замд мөнгө зарах хэрэг байна уу

Хан-Уул дүүрэг дэх “И-март” худалдааны төвийн урд талын дугуйн зам

Сүүлийн жилүүдэд Улаанбаатарт дугуйн зам тавьж буйг бид мэднэ. Тухайлбал, өнгөрсөн онд Бага тойруу дотор дугуйн 2.6 км тойрог замыг 300 гаруй сая төгрөгөөр тавьсан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлсэн. Тэгэхээр өргөн нь нэг метр орчим ердөө нэг км замыг будахад л 115 гаруй сая төгрөг зарцуулсан болж таарах нь. Өмнөх жилүүдэд энд тэндгүй, 50, 100, 200 сая төгрөг төсөвлөж богино зайд багахан зам тавиад, өнөөх нь ашиглалтгүй байсаар өнгөрдөг байсан гэж дээрх албаныхан үзсэн байна лээ. Бид дэлгүүрт ороод хэрэгцээгүй зүйлээ хэчнээн хямд байсан ч авдаггүй. Тэгвэл дугуйчдын тоож явахгүй байгаа замыг төсвийн 300 сая төгрөгөөр будсан нь хангалттай, харин ч хэтэрхий үрэлгэн загнасан хэрэг биш үү?

Энэ жилийн тухайд Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл, Туул голын эрэг дагуу дугуйн 7.2 км замыг 1.3 тэрбум төгрөгөөр тавьж байгаа гэнэ. Тус замыг гурван метрийн өргөнтэй, олон улсын стандартад нийцүүлэн тавина гэж мэдээллээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дугуйтай очвол урагшаа Маршалын гүүр хүрч, Баянзүрхийн гүүр хүртэл яваад цааш Налайх, Чойрын чиглэлийн 20.9 км авто замын хажуугийн дугуйн замтай нийлнэ хэмээн тооцжээ. Энэ сарын эхний байдлаар 2.7 км замын даланг нь босгоод буй гэсэн. Он дуусах гэж байхад ажлын явц нь эхлэл төдий байгаа гэсэн үг. Ер нь явган хүний замаас ялгаж дугуйн зам гэж будах бол нэг км тутамд хэдий хэр, барих бол ямар хэмжээний хөрөнгө зарцуулж буйг тодорхой мэдээлэх нь зүйтэй мэт.

Улаанбаатарт АСЕМ болох үеэр дугуйн зам тавьж байв. Үүнд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодруулсан ч мэдэхгүй гэж ам тагласан. Авто замын түгжрэл улам бүр нэмэгдэж буй энэ үед дугуйн зам тавихыг эсэргүүцсэнгүй. Гагцхүү төсвөөс хөрөнгө гаргаж тавьсан замыг дугуйчид “тоохгүй”, шаардлагыг нь хангахгүй, ашиглая гэхээр дутагдалтай зүйл олон байгаа нь харамсалтай. Нэгэн дугуйчин “Улаанбаатарт дугуйн замыг их л амархан “бүтээчихээд” байх шиг. Будаг түрхэж орхиод л дугуйн зам гэчих юм. Төмрийн будгаар будсан нь нүглийн нүдийг гурилаар хуурч буйн жишээ” гэж унтууцсан.

УНАЖ ОЙЧИХ ГЭЖ ЖИЙДЭГГҮЙ

Сиднейд танилцсан нэгэн эмэгтэй “Нөхөр бид хоёр одоо муудалцахаа больсон. Монголд байхдаа “Ирэхгүй хааччихав” гээд л байнга хэрэлддэг байлаа. Энд хэдэн цагт хаанаас гараад, хэдэн минутын дараа зорьсон газраа хүрэх нь маш тодорхой байдаг” хэмээн ярьж билээ. Цагаа хэмнэж, авто замын түгжрэлээс зугтах гэсэндээ дугуй жийх хүсэлтэй хүн Улаанбаатарт олон. Дөрөвдүгээр сар гарав уу, үгүй юү автомашинаа “амрааж” арав, арваннэгдүгээр сар буюу анхны цас ортол дугуй жийдэг нэгэн “Түгжрэл бууруулахад өөрийнхөө хэмжээнд хувь нэмрээ оруулж байна гэж боддог. Даанч дугуйн замд сэтгэл дундуур явдаг. Өдөрт дугуйгаар туулсан замын маань 90 гаруй хувь нь авто зам байдаг.

Өөрөөр хэлбэл, гэмтэж бэртэх, бүр цаашилбал амь насаа алдах эрсдэл 90 хувь гэсэн үг. Ийм байхад л түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулна гэж алиа бодол тээж явдаг байх нь” хэмээн халагласан. Ийм “баатарлаг” үйлс бүтээж байгаа ч жолооч нарт хараалгах нь бараг ердийн зүйл болжээ. Унадаг дугуй бол эрүүл мэнд, эдийн засагт ашигтай тээврийн хэрэгсэл гэдгийг тодотгосон тэрбээр “Дугуй унах хүсэлтэй маш олон хүн байдгийн бараг талаас илүү нь эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахимаг настнууд. Жолоодлогын ур чадвар, авхаалж самбаа, биеийн хүчний хувьд харилцан адилгүй тэд 90 хувийн эрсдэлд хоёр дугуйт жийгээд “орох” нь нэг бодлын тэнэглэл” гэсэн юм. Байсхийгээд л хашлага, барилгад тулж, явган хүмүүсийг сүлжиж, гарцыг нь хааж тавьсан автомашинуудыг тойрч гарах, эсвэл жолооч нартай авто зам булаацалдах зэргээс болж дугуйнаасаа унаж ойчих магадлал Улаанбаатарт өндөр. Өөр нэгэн дугуйчин “Зориулалтын налуу байхгүй, жаахан явж байгаад “тасарчихдаг”, эсвэл өндөр хашлагад тулчихдаг. Товчхондоо, маш төвөгтэй учраас ихэвчлэн авто замаар жолооч нарт загнуулан байж явдаг.

Мэдээж энэ нь маш эрсдэлтэй” хэмээсэн. Дугуйчдын зүгээс нэг стандартын дагуу тавьсан, “тасарч” алга болдоггүй замтай байх нь чухал гэснийг сануулъя. Ерөөс тэд дугуйн замд сэтгэл дундуур, аюулгүй байдалдаа алхам тутам санаа зовдог нь илт. Хэдий тэдний дугуй унах сонирхол, хэрэгцээ их ч зам нь шаардлага хангадаггүй тул “Яг үнэндээ Улаанбаатарыг дугуйн замтай гэхэд хэцүү, байхгүй гэсэн ч болно” хэмээн эрсхэн хэлсэн биз. Жишээ дурдахад, Баянзүрх дүүргийн Чулуун овоогийн тойрог буюу “нохойтой хөшөө”-нөөс “Өгөөмөр” зах хүртэлх дугуйн замыг “эзэгнэх” эрхийг дугуйчдад өгсөн баймаар. Гэтэл тэнд автомашины дугуй засварынхан дугуйн зам дээр төмөр хөлгөө хээвнэг тавьчихдаг. Бас болоогүй борлуулж буй дугуйгаа (автомашины) эгнүүлээд өрчихнө. Бидний ярьдгаар 120-ийн автобусны буудлаас Энхтайваны гүүр хүртэлх замд дугуйн хэсэг зам бий ч жолооч нар автомашинаа эрийтэл нь тавьчихдаг. Дээрх гүүрийг (дугуйн замгүй)өнгөрч хотын төв рүү орж ирээд дугуйн хэсэгхэн замтай “учирна”. Тэр нь бас л автомашины зогсоол болж хувирсан. Төв номын сангийн автобусны буудлын ойролцоо явахдаа та үүнийг анзаарсан байж мэднэ.

Үндэсний номын сангийн эсрэг тал дахь KFC-гийн урд байрлах дугуйн замд машин тавих нь ердийн зүйл болжээ.

УРАМШУУЛАЛ АВДАГ

Өдгөө дэлхийн олон оронд хотын төвийн төдийгүй алслагдсан, жижиг хот бүрт шахам дугуйн замын сүлжээтэй болох төсөл хэрэгжүүлж буй. Ингэхдээ замын өргөн, тэмдэглэгээ, аюулгүй байдлын стандартыг ягштал мөрддөг. АНУ, Европын гээд олон орныг энд нэрлэж болно. Тэнд дугуйн замыг хоёр урсгалтай авто замын хоёр талд нь заавал тавьдаг. Тэгэхдээ замын нэг талд эсрэг чиглэлтэй дугуйн зам барих, үгүйг нарийвчлан тооцож, эргэлт хийхэд эрсдэлийг хэрхэн бууруулахад анхаардаг байх жишээтэй.Мөн дугуйн зам руу “ороход” аюулгүй байх ёстой гэж үздэг. Энэ мэтчилэн таатай нөхцөл бүрдүүлдэг тул жуулчид дугуйгаа жийгээд хэдэн өдөр, сараар олон улс дамжин аялдаг байж таарна. Герман, Нидерланд, Финланд, Дани зэрэгт дугуйн зам барих ихээхэн туршлагатай. Германд гэхэд унадаг дугуйн худалдаанаасаа жуулчдаас ихээхэн мөнгө авч чаддаг аж. Бельгийн Босланд ойн дунд модоор хийсэн тойрог бүхий дугуйн замаар (“Cycling through the trees”) явсаар 10 метрийн өндөрт гарах боломжтой. 

ХААН банкны төвөөс Энхтайваны гүүр орох дугуйн зам 2019.11.07

Тус улсын Засгийн газрын төлөөлөл “Ийм төслүүд хэрэгжүүлснээр хүмүүсийг дугуй унаж байхдаа байгалийн сайхныг илүү мэдрээсэй гэж хүссэн” хэмээн тэмдэглэжээ. Уг дугуйн замаар явсан нэгэн хүн “Ид шидтэй зам гэмээр байна. Чи ойг үнэртэж, сонсож, мэдэрч чадна. Байгалийг хүндэтгэх, хайрлах сэтгэл төрнө” гэж ярьжээ. Өнгөрсөн зургадугаар сарын дундуур уг замыг нээснээс хойш аравдугаар сарын эхэн хүртэл 180 мянга гаруй хүн зорчсон дүн гарсан байна лээ. Үүнээс өмнө тус улсад цөөрмийн дундуур дугуйн зам (“Cycling through water”) бий болгосон юм. Түүгээр явсан хүмүүс хун хөвөхийг яг хажуугаас нь (нүднийхээ түвшинд) харах боломжтой. Тус улсын Антверпен дугуй унахад хамгийн таатай хотын нэгээр ч нэрлэгддэг. Тэгвэл Өмнөд Солонгост дугуй унасных нь төлөө урамшуулж, спортын цол зэрэг олгож, бүр олон улсын тэмцээнд оролцох эрх ч олгодог аж. Дэлхий даяар цаг хэмнэх, агаарын бохирдлыг бууруулах зэрэг ач холбогдолтой гэж үзээд дугуй унах боломжоор ийн хангасаар байна. Нөгөөтээгүүр, “Mercedes Benz”, BMW зэрэг автомашины томоохон үйлдвэрлэгч цахилгаан скүүтерт хэдийн хөрөнгө оруулаад эхэлсэн.

Уг нь Улаанбаатарт жилийн 365 хоногийн талаас илүүд нь дугуй унах боломжтой гэх юм билээ. Дугуйн спортоор хичээллэдэг хүүхдүүд илүү чийрэг, тэсвэр хатуужилтай өсдөгийн дээр сурлагад нь ч сайнаар нөлөөлдөг талаарх судалгаа ч бий аж. Гагцхүү төсвөөс хөрөнгө зарцуулж, тавиад ашигладаггүй, шаардлага, стандарт хангадаггүй, эвдэрсэн, жаахан яваад “тасарчихдаг” гэх мэтчилэн дутагдал олонтой дугуйн замтай хэвээр байвал авто замын түгжрэл, бухимдал багасах, иргэдийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй, эдийн засгийн хэмнэлттэй гээд олон боломжийг нь хүртэж чадахгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)