Дугуйн спорт эр зориг шаардаж, стресс тайлдаг

Унадаг дугуй тээврийн хамгийн түгээмэл хэрэгсэл болж чадсаны нууц нь хөнгөн, бага зай эзэлдэг, хямд төсөр, түлш шатахуун хэрэглэгдэггүйд оршдог. Унадаг дугуйг 1800 оны үед Артамонов хэмээх тариачин эр зохион бүтээсэн тухай домог бий. Домогт Уралын нурууны Верхотурье гацаанаас тариачин эр Москва руу дугуйгаар явсан тухай өгүүлдэг байна. Оросын эзэн хаан I Александр түүнийг дугуй хийж, аялсан эр зоригийг нь үнэлэн хамжлагаас чөлөөлж байжээ. Өдгөө Азийн орнуудаас БНХАУ дугуй үйлдвэрлэлтээрээ тэргүүлж буй. Унадаг дугуйг зориулалтаар нь зам дээр явахад тохиромжтой хотын, бартаат замд унаж явах уулын, аялалд зориулсан жуулчны, бага зай эзэлдэг эвхэгддэг, уралдааны зориулалттай спортын гэж ангилдаг.

Дугуйн спорт зуны олимпын наадмын хөтөлбөрт багтдаг. Дугуйн тэмцээнийг налуу замын уралдаан, засмал замын, уулын дугуйн уралдаан, BMX (моторт дугуйн кросс) гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулдаг байна.

Унадаг дугуйг зохион бүтээсэн даруйд дугуйн тэмцээн зохиох болжээ. 1891 онд Парис-Брест-Парис чиглэлээр олон өдрийн дугуйн тэмцээн зохиосон бол 1903 оноос Тур де Франс дугуйн уралдаан зохиох болжээ. Одоо ч энэ тэмцээн дугуйн спортын хамгийн нэр хүндтэй уралдааны тоонд зүй ёсоор ордог. Дугуйн төрлөөс уулын дугуй дэлхийд түгээмэл хэрэглэгддэг. Уулын дугуйг Сан Франциско хотод үйлдвэрлэж, худалдаалан, 1981 онд Нью-Йоркод болсон дугуйн үзэсгэлэнгээр олон нийтэд албан ёсоор танилцуулсан байна. Уулын дугуйг анх үйлдвэрлэгчид олон нийтийн хэрэгсэл биш хэмээн зарлаж байв. Гэсэн ч АНУ-д зардаг дугуйны 80 хувийг энэ төрлийн дугуй эзэлдэг байна. Дугуйн тэмцээнүүдээс замын дугуйн уралдаан, налуу замын дугуйн уралдаан Азийн наадмын хөтөлбөрт бий.

Уулын дугуйн спортын тамирчид хурдлах, харайх, ханаар явах, шавар туулах, хад тойрох зэргээр бартаат зам туулдаг. Уралдааны замд туршлагагүй тамирчин хадан цохионоос унах, бэртэж гэмтэх эрсдэлтэй. Тэмцээн зохион байгуулагчид үзэгчдийг татах зорилгоор хад чулуу, дов толгод ихтэй замаар тамирчдыг уралдуулдаг байна. Дугуйн уралдаанаас хамгийн аюултай нь “downhill mountainbiking”. Энэ нь уулнаас цагт 70 км хурдтай буудаг тэмцээн юм. Экстрим спорт сонирхогчид уулын дугуйг бартаат газар явах зориулалттай болохоор найдвартай, бат бөх гэж үздэг. Монголд ийм төрлийн спорт хөгжөөд удаагүй тул хамгийн залуу спортын төрөлд ордог. Дугуй байгалийн сайхантай танилцах боломж олгодог учир хөгжингүй орнуудын иргэд чөлөөт цагаараа дугуй унах нь нэмэгдсээр. Тиймээс дугуй спортын бусад төрлөөс хамгийн олон сонирхогчтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)