Дугуйн зам барих ажил 80 хувьтай байна

Улаанбаатар хотод дугуйн зам байхгүй гэхэд хилсдэхгүй. Хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, эрүүл мэнддээ анхаарах, цаашлаад байгаль орчин бохирдуулдаггүй эко тээврийн хэрэгсэл ашиглах хүсэлтэй иргэдийн тоо олширсон. Тиймдээ ч иргэд дугуйн зам барих шаардлагыг хотын удирдлага, холбогдох албаныханд тавих болсон. Тэгвэл энэ жил хотын хэмжээнд дугуйн 50 гаруй км зам барина гэж хотын удирдлага амласан юм. Үүний хүрээнд эхний ээлжид Маршалын гүүрээс Баянзүрхийн гүүр хүртэлх 7.2 км замыг ирэх зургадугаар сарын 10-нд ашиглалтад оруулах болсныг нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв. Эл зам нь олон улсын стандартын дагуу барьсан, чанартай, иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан гэдгээрээ онцлог аж. Ажлын явц одоогоор 80 хувьтай гэнэ. Тухайлбал, замын 5.2 км хэсгийг хучиж, даланг нь барьж дуусжээ. Энэ нь авто замын адил гэрэлтүүлэгтэй, автомашины хэд хэдэн зогсоолтой, мөн иргэд амрах талбайтай байх аж. Цаашид Яармаг-Зайсан-Маршалын гүүр чиглэлд олон улсын стандартад нийцсэн дугуйн зам барихаар төлөвлөж буй юм байна.

Бэлтгэсэн: М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)