“Дубайн гэрээ” хүчин төгөлдөр хэвээр байхыг шүүх тодотгов

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас олны анхаарлын төвд буй “Дубайн гэрээ”-тэй холбоотой захиргааны хэргийг шийдвэрлэсэн талаараа өчигдөр мэдээллээ. 

Тодруулбал, “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-аас нийтийн өмчийг хамгаалах зорилгоор тус шүүхэд Ерөнхий сайдын 2015 оны дөрвөн захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор хандсаныг шийдвэрлэсэн талаар бид өмнө нь товч мэдээлсэн. 

“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-аас Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны 27, 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны 94, 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны 99, 2015 оны тавдугаар сарын 15-ны 123 дугаар захирамжууд илт хууль бус болохыг тогтоолгох тухай Ерөнхий сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн билээ. 

Маргаан бүхий дээрх дөрвөн захирамж нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5.2, 17.3, 20.3, 23.3-т заасан Засгийн газрын хамтын зарчмаар буюу танхимын зарчмаар хэрэгжүүлэх бүрэн эрхтэй холбоотой, УИХ-ын өмнө хамтын хариуцлага хүлээх, тухайн асуудал нь бусад гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол тухайн асуудлыг эрхэлсэн гишүүнд урьдчилан мэдэгдэж, санал солилцох шаардлагатай холбоотой дээрх хуулийн заалтуудад нийцээгүй гэж шүүх дүгнэсэн аж.

Мөн уг маргаантай дөрвөн захирамжийн дагуу байгуулсан ажлын хэсэг удирдамжид заасан үйл ажиллагааг хэрэгжүүлсэн, тухайн захирамжаар гарын үсэг зурах эрх олгосон этгээд хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан зэргээр тэдгээрийн зохицуулалтын үйлчлэл нь дуусгавар болсон, маргаан бүхий захирамжууд биелэгдсэн учир шүүхээс эдгээр дөрвөн захирамжийг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэлд заасан “нийтийн өмчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол” шууд сэргээгдэхгүй.

Харин шүүхээс маргаан бүхий захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоосноор төрийн гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллагын тэргүүн Ерөнхий сайдаас дахин илт хууль бус захирамж гаргахгүй байх, дараагийн шийдвэр гаргах үйл ажиллагаандаа нийтийн өмчийг хамгаалан, нийтийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэр, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх зэрэг Монгол Улсын ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах зүй ёсны буюу хууль ёсны нийтийн ашиг сонирхлыг нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ дурдаж, шүүх хуралдааны явцад тайлбарлан маргаж байна гэж шүүхээс дүгнэж, нийтийн энэ хууль ёсны ашиг сонирхлыг шүүхээс хамгаалах нь үндэслэлтэй гэж үзсэн байна.

Дээрх захирамжуудыг хууль бус болохыг шүүх тогтоосноор эдгээр захирамжийн эрх зүйн үр дагавраас үүссэн бусад харилцаа (түүний дотор санхүүжилтийн төлөвлөгөө гэж нэрлэгдэх хөрөнгө оруулалтын гэрээ)-ны хүчин төгөлдөр байдлыг хөндөхгүй, түүнд нөлөөлөхгүй гэж үзжээ.

Учир нь тэдгээр захирамжийн үр дагавраас үүссэн эрх зүйн бусад харилцаа нь тусдаа өөр төрлийн харилцаа, бусад төрлийн эрх зүйн актад хамаарч байгаа тул ялангуяа “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөөний хүчин төгөлдөр байдлыг хөндөхгүй, түүнд нөлөөлөхгүй юм байна.

Уг асуудлаар маргаан үүсгэвэл тухайн гэрээнд заасны дагуу олон улсын арбитраар шийдвэрлэх аж. “Дубайн гэрээ”-ний хууль зүйн үндэслэлийн талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаагүй, хариуцагч энэ талаар маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар шүүх дүгнэлт хийж, шийдвэр гаргах эрхгүй болохоор хэлэлцээгүй юм билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)