Д.Тэрбишдагва: Би өөдрөг хүн

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагватай ярилцлаа. Түүнтэй 16.00 цагт уулзахаар товлов. Болзсон цагаас таван минутын өмнө тэрбээр залгаж, “Хурал амжиж тарахгүй нь. 17.30-д уулзвал болох уу” гэлээ. Харин 17.30-д би бэлэн байсангүй.

Яг товлосон цагтаа над руу хэдэнтээ утас цохисон Д.Тэрбишдагва дарга руу өрөөнийх нь гадаа очоод “Жаахан хоцорчихлоо. Та өрөөндөө байна уу” гэсээр залгахад “Утсаа авдаггүй хүүхэд вэ. Ороод ир” гэх нь тэр. Ортол тэрбээр “Чамайг таг болохоор жаахан шөл уух санаатай сууж байлаа. Ах нь арав хоног мацаг бариад өнөөдрөөс ийм (ширээн дээрх аягатай шингэн шөл рүү заав) ногооны, усан шөлөөр тайлж эхэлж байгаа юм” хэмээж, бидний яриа түүний мацаг барьсан түүхээс эхэллээ.

-Мацаг барьдаг, барих гэж оролддог хүн олон болсон юм шиг ээ. Арав хоног уснаас өөр зүйл уугаагүй гэсэн үг үү. Та “ахисан” түвшинд мацаг барьсан бололтой. Та хэзээнээс ингэх болсон бэ?

-Германд найзууд маань мацаг барьдгийг арав гаруй жилийн өмнөөс мэднэ л дээ. Ингэж хоолоо сойж, өөрийгөө зовоож, ходоодоо хямруулах хэрэг юу байна гэж бодож явсан үе надад бий. Гэхдээ герман найзуудынхаа туршлагыг сонсож, бодит үр дүнг нь хараад, энэ нь ходоодоо зовоох биш, түр ч гэсэн бүх биеэ амрааж, эрүүлжүүлж буй хэрэг юм байна гэж бодож эхэлсэн. Ингээд мацаг барих тухай нэлээд хэдэн ном уншсан.

Сүүлийн дөрөв, таван жил гэргийтэйгээ хамт үе үе мацаг барьж байгаа. Харин ийм олон хоногийн мацгийг бид жилд хоёр удаа буюу Цагаан сар, наадмын дараа барьдаг. Эхлээд тэр маань бага, би арай өндөр босго тавьж, шүүс, цайгаар мацаг барьж байсан. Гэр бүлийн хүмүүс хамтдаа мацаг барихад нэг нэгэндээ урам өгч, хяналт тавиад их зүгээр юм билээ.

Биеийн байдал, тэсвэр хатуужил зэргээс болоод хүмүүс шүүс, цагаан идээ, цай, ногоо, жимсээр гэхчилэн мацаг барьдаг юм билээ. Бид бол арав хоногийн турш уснаас өөр зүйл хоолой давуулаагүй. “Ямар ч тэнэг хүн мацаг барьж болно. Харин ухаантай хүн мацгаа зөв тайлдаг” гэж германчууд хэлдэг юм.

Өөрөөр хэлбэл, мацаг барьсны дараа шууд урьдынх шигээ идээд эхэлбэл хор болно. Одоо дахиад арав хоногийг мацаг тайлахад зориулна даа. Маш системтэйгээр, мацгийн өмнөх болон дараагийн бэлтгэлийг сайтар базаах нь үр дүнтэй. Маргаашнаас усанд найруулсан тараг, шинэ алимны нухаш иднэ. Мацаг тайлахад хамгийн сайн зүйл бол алимны нухаш. Гэхдээ алимны нухшийг хүртэл шингэрүүлж хэрэглэхгүй бол ходоод цочирдох магадлалтай.

-Мацаг барьснаар танд ямар мэдрэмж төрдөг вэ. Анх эхэлж байх үетэй харьцуулбал ямар өөрчлөлт гарсан бол?

-Эрүүлжиж байгааг мэдэрдэг. Ажлын эрч хүч, сэтгэн бодох чадвар нэмэгдэж байгааг илүү мэдэрдэг. Мацаг барьж эхлэх үед бие махбодид байсан хоол хүнс, хуримтлагдсан хор гадагшилдаг учраас сульдах, ядрах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг зайлшгүй илэрдэг. Тэглээ гээд зогсоож болохгүй. Энэ нь харин ч мацаг үр дүнгээ өгч эхэлж байгаагийн дохио. Ходоод хонхолзоод байна гээд идэж эхэлбэл мацгийн хамаг үр ашиг үгүй болно.

Толгойдоо “Би зөв зүйл хийж байна” гэж хатуу бодоход ус уусан ч өлсөхгүй. Хүлээн авалтад оролцсон ч шүлс гоожихгүй. Мацгийн үеийн чанд сахилга нь ямар ч хүнийг сэтгэлийн тэнхээтэй болгодог. Хүний бие организмд болж буй үйл явц чинь үндсэндээ “үйлдвэрлэлийн технологийн нарийн дамжлагууд”. Аль нэг дамжлагад нь жаахан л алдаа гарвал доголдож эхэлнэ. Бие организмаа ажиллуулах, амьд байлгахын тулд бид мэдээж хоол, хүнс хэрэглэнэ.

Гэхдээ хоол, хүнс ходоодонд орж л байвал боллоо гэсэн шиг юу ч хамаагүй идээд байвал аль нэг дамжлагад алдаа гарч, таныг өвчлүүлж эхэлнэ шүү дээ. Тиймээс хүнс маш чухал. Хүнсийг зөв хэрэглэх нь бүр ч чухал. Машин, механизм, ер нь ямар ч зүйлийг байнга ажиллуулаад байвал элэгдэж, хорогдоно шүү дээ. Хүн ч гэсэн адил. Идсэн, уусан болгоныг боловсруулах гэж тасралтгүй, асар их хүч гарган ажиллаж байгаа эд эрхтнүүдээ ийнхүү боломжоороо хэд хоног амрааж байх хэрэгтэй. Мацаг барих нь хэд хэдэн ашиг тустай юм шиг санагддаг.

Эрүүл аж төрөх хэв маяг болохоос гадна сэтгэлийн тэсвэр, тэвчээр нэмэгдэж, ходоодондоо бус, ухамсартаа хөтлөгдөж, бие махбодиосоо асар их энергийг суллана. Тэр нь таныг эрч хүчтэй болгож, бие хөнгөрсөн мэт мэдрэмж төрүүлнэ. Энэ нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх ч талтай. Ийнхүү харин ч зовлогоо зовоох биш, хэсэг ч гэсэн хугацаагаар амрааж, жаргааж байгаа хэрэг. Сард нэг өдөр мацаг барихад л жилд 12 өдөр бие организм маань амраад авна гэсэн үг.

Бас цаг, мөнгө, хоол хүнс хэмнэнэ. Жишээлбэл, хүн өглөө, өдөр, оройн хоол идэх, бэлтгэх, хэрэглэхэд өдөрт дунджаар дөрвөн цаг зарцуулдаг гэж тооцвол сар бүр нэг өдөр буюу жилд 12 удаа мацаг барихад 48 цаг хэмнэх нь. Үүнийгээ ном унших ч юм уу, гэр бүл, үр хүүхдэдээ зарцуулах, өөр үр бүтээлтэй зүйл хийхэд ашиглаж болно.

Хоол, хүнсэнд зарцуулах мөнгө ч хэмнэгдэж байгаа биз дээ (инээв). Энэ бол зөвхөн материаллаг тал нь. Мэдээж эрүүл мэндэд илүү чухал гэж боддог. Мацаг барьснаар хүний биед байгаа хүнд элементүүдийг гадагшлуулж, зарим өвчин эдгэрдэг гэх юм билээ. Даралт тогтворжиж, илүүдэл жингээ хаяна. Энэ талаар яриад байвал дэндүү урт болох нь. Үүгээр төгсгөе.

Ер нь хүн эрүүл байхын тулд ус их уух хэрэгтэй. Эрүүл мэндийн тухайд хэлэхэд, нэгдүгээрт, хүн өөрөө өөдрөг, эрч хүчтэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, аль болох хөдөлгөөнтэй бай. Гуравдугаарт, хоолоо зөв сонгож хэрэглэх нь чухал гэж хэлмээр байна.

-Та эрч хүч, энергиэ хаанаас, яаж олж авдаг вэ?

-Ямар ч асуудалд шийдэх гарц байж л таараа гэж бодон өөдрөг, тэмүүлэлтэй байх нь хүнийг хөглөж, дотоод эрч хүчийг нь нэмэгдүүлдэг байх. Үргэлж инээдэг, бухимддаггүй гэж хэлэхгүй ээ. Голдуу ажлаас болж хааяа бухимдана. “Ийм “түүхий” асуудал Байнгын хороонд оруулж ирэх гэж” хэмээн бухимдах үе гардаг ч хариуцаж ажиллаж байгаа хүмүүст нь тайлбарлаж, сайжруулах талаар хэлж, аль болох харилцан ойлголцохыг чухалчилдаг.

Заримдаа хатуухан үгээр зэмлэх ч энүүхэнд. Ажлыг нь сайжруулах гэж л шүүмжилдэг. Ажил дээрээ хариуцлага, дэг журам, зарчим хатуу баримталдаг болохоос ажлаас бусад үед хүмүүстэй инээж хөхрөөд, найрсаг харилцдаг. Инээд хүнд эрч хүч өгч, залуужуулдаг. Хийж байгаа ажлаа муулаад, болохгүй, бүтэхгүй гээд үглээд байвал урагш ахих биш, дороо л эргэлдээд байна. Би өөдрөг хүн.

Өглөө босонгуутаа хамгийн түрүүнд хүйтэн усанд орж нойр, бие организмаа сэргээнгээ дуу аялна. Өглөөг аз жаргалтай, баяр баясгалантай эхлүүлбэл тэр өдөртөө сайхан л байна. Аль болох агаарт алхаж, байгаль, нар, салхинаас эрч хүч авдаг. Нар өөд хараад алгаа дэлгэж зогсох, уулын орой дээр гараад алсын бараа харахад мөн ч сайхан шүү.

-Таны бухимдаж, асуудалд шүүмжлэлтэй хандахыг цөөнгүй харсан юм байна.

-Буруу асуудал оруулж ирсэн байвал засахын төлөө хэлэх ёстой. Харин зөв, зарчимтай зүйлийг дэмжээд л явдаг. Миний халамжлан хүмүүжүүлэгч, ах, найз минь болсон, одоо 80 настай нэг герман хүн байдаг юм. Ардчилсан Германы үед энэ хүн хиамны үйлдвэртэй байлаа. Тухайн үедээ тэр бол хувийн үйлдвэрийн эзэн. Нэг удаа тэдний үйлдвэрт долоо хоног дадлага хийлээ. Үйлдвэр нь байшингийн доод давхарт, дээд талд гэр нь байдаг байлаа. Өөрөө 03.30 цагт босоод 04.00 цагт үйлдвэр рүүгээ орж, бүтэн цагийн турш үйлдвэрлэлийн бүх бэлтгэлээ базааж, 05.00 цагт ажлаа эхлүүлдэг.

Энэ үед ч ажилчид нь ирсэн байна. Үйлдвэрлэл эхлэхэд нөгөө найз маань тэс өөр хүн болсон мэт хувирна. Хүн бүрийг шахам загнаж шүүмжлэн, хариуцлагатай, сайн ажиллахыг анхааруулаад, заримдаа муухай үгээр хараал хэлэх нь ч энүүхэнд. Ингээд 08.30 цагт өглөөний цай уух үеэр ажилчидтайгаа юу ч болоогүй юм шиг тас тас инээлдэж, хөгжилдөөд сууж байгаа харагдана. Ажлын бус цагаар маш сайхан зантай.

Түүнээс “Та ажил дээрээ миний мэддэгээс тэс өөр болчих юм” гэхэд “Тэрбишдагва аа, энэ үйлдвэрийн нэг дамжлага дээр жижиг алдаа гарвал манай бүтээгдэхүүн чанар муутай гарна. Бүтээгдэхүүн чанар муутай гарвал хүмүүс худалдаж авахгүй, эцэстээ орлогогүй, энэ хүмүүс цалингүй болно шүү дээ. Өөрийнх нь төлөө л хэлж байгаа болохоос хэн нэгэн хувь хүнийг загнаж байгаа хэрэг биш шүү дээ” гэж байсан юм. Ажил хийж байхдаа найзан дундаа орж, хариуцлагагүй болох, маазрах, сахилга батгүй, дүрэм журамгүй болоход би үнэхээр дургүй.

Залхуу, хариуцлагагүй хүний гараас олигтой ажил гардаггүй шүү дээ. Би хамт ажиллаж буй хүмүүстээ ажлын төлөө чамгүй олон удаа гашуун үг хэлж байсан байх аа. Тухайн хүнийг хөгжөөсэй, боловсрол мэдлэгээ дээшлүүлээсэй, үр бүтээлч, ажилсаг байгаасай гэсэндээ л тэгж хэлдэг. Түүнээс хүний мууг үзэх гээд байдаггүй. Эргээд тэр хүмүүс “Танаас их зүйл сурсан” гээд талархдагийг бодохоор ажлаар их дарж, хатуу үг хэлж байсан ч хэтдээ өөрт нь хэрэг болсны үр дүн байх л даа.

-Та ямар хоолонд дуртай вэ. Хүнсний салбарын хүний хувьд монголчууд бидэнд ямар хүнс илүүтэй тохирох талаар зөвлөөч?

-Монгол хоолондоо л дуртай. Мацаг барихаас бусад үед хоолоо хорьж, сойгоод байдаггүй. Өглөө бүр Бааскагийнхаа (эхнэр) хийсэн шөлтэй хоолыг иднэ. Маханд бол нугасгүй ээ. Хэзээ ч уйддаггүй. Монгол малын мах бол тэр чигтээ л витамин, илч, энерги. Өөхтэй хавирга, өөх, мах нь алагласан өвчүүний махнаас буцахгүй шүү.

Эхнэр бид хоёр өглөө бүр нэг жижиг халбага шар тос үмхчихдэг юм. Ямар хоол идсэнээ яаж боловсруулах, өөрт нь яаж зохиж байгааг хүн өөрөө мэдэрч, зохицуулах ёстой. “Болохгүй дээ” гэж бодсон хэрнээ идээд байгаа бол тэр чинь л хор болно.

-Таны сурч, хөдөлмөрлөсөн багагүй хугацаа Герман улстай холбоотой. Тэндээс та ямар зан чанарыг өөртөө бий болгосон бэ?

-Цаг баримтлах, зорилгодоо хүрэх, хариуцлагатай ажиллах, цэвэр цэмцгэр, арвич хямгач, тууштай байх, хүлээцтэй хандах, хүний санаа бодлыг дуустал сонсох, аливаа ажлыг дуустал чанартай гүйцэтгэхэд суралцсан гэж боддог. Ямар ч баян герман хүн мөнгөнийхөө зарцуулалт болгонд нарийн хяналт тавьж, тооцдог. Харин манайд төр, засгаасаа авахуулаад хэт үрэлгэн байдаг нь намайг “Даанч дээ” гэж бодоход хүргэдэг.

Би сонгуульд дөрвөн удаа өрсөлдөж, УИХ-ын гишүүн боллоо. Миний сонгуулийн үйл ажиллагаа хамгийн бага зардлаар, даруухан болдог. Гэхдээ хамгийн сахилга баттай, хамгийн их хариуцлагатай ажилладаг. Тийм ч учраас үр дүнд хүрдэг. Бүх асуудлыг мөнгөөр шийднэ гэж бодож болохгүй. Хариуцлагатай, ажилсаг байх нь асар их нөөц, боломж бий болгодог. Тийм болохоор төр, засгийн түвшинд ч тэр, ард түмэн ч тэр бүгдээрээ л ажилсаг, хөдөлмөрч, хариуцлагатай байж, эх орноо хөгжүүлж, хойч үедээ үлдээнэ шүү дээ.

-Таныг ном гаргах гэж байгаа гэж сонссон.

-Нэгэнт асуусан учраас чамд үзүүлье (Номынхоо эхийг үзүүылэв). Өнгөрсөн лхагва гаригт хэвлэлтэд өгсөн. Энэ сарын 30-нд нээлтээ хийнэ. Номоо “Зааг” гэж нэрлэсэн. Бичих гэж дөрвөн жил оролдлоо. Оны өмнө дуусгах гэсэн ч амжаагүй. Оны өмнө бэлэн болгосноо дахиж өөрчлөөд, өөр өнцгөөс бичсэн. Өмнө өгсөн нэрээ ч өөрчилсөн. Зааг, ялгаа хаа сайгүй байна. Социалист, капиталист ертөнцийг заагласан Берлиний хана нурж, хүйтэн дайн дуусаж, хаа сайгүй ардчилал, зах зээлд шилжсэн.

Гэтэл өнөөдөр зарим газар хана хэрэм барих ажил эхэлж, түүнийгээ улам өндөрлөөд, зузаалаад буйд харамсаж байна. Ялангуяа гуравхан сая монголчууд бид баян ядуу, нам, эвсэл, нутаг ус, хот хөдөөгөөрөө зааглагдах учиргүй. Миний ном зөвхөн Тэрбишдагвын тухай биш. Номондоо өнөөдрийг хүртэлх Монголын нийгмийн амьдралыг Германтай холбож бичсэн.

Нэг нь халагдсан, нөгөө нь шинээр байгуулагдсан нийгмийн хоёр системд ажиллаж, амьдарч үзсэн хүний хувьд амьдралд гарч буй зааг, ялгааг улс төрийн болон бусад баримтад тулгуурлан, гэрэл зургаар арвижуулан номоо бичсэн. Уншигчдын гар дээр очоогүй байгаа номны талаар дэлгэрэнгүй яриад яах вэ, тийм үү. Сонирхон уншаарай гэж хүсье.

-Та Архангай аймагт төрж, өссөн юм билээ. Нутгаараа хэр очдог вэ. Малчны хүү алс Германд суралцах боломж яаж тохиосон юм бол?

-Аав маань гэртээ намайг эх барьж авсан. Аав лам байгаад сүүлд нь хар болж, малчин, мужаан гээд янз бүрийн л ажил хийж явсан. Миний дээр хоёр хүүхэд эндчихсэн юм билээ. Тиймээс намайг “Тэр чинь биш шүү, Дагва” гэж нэр хайрласан гэдэг. Дагва гэдэг нь мөнх гэсэн утгатай юм билээ. Дөрөвдүгээр ангид орох жилээ Улаанбаатар хотод нүүж ирсэн. Амьдралын зовлон, жаргалын аль алийг нь туулж ирлээ.

Шилжилтийн насан дээрээ аав, ээжийгээ нэг жил харамсалтайгаар алдаж, ах, эгч нарынхаа буянаар дунд сургуулиа амжилттай төгссөн. Инженер болох зорилго тавьж, инженер-эдийн засгийн ангид орж, герман хэлний дугуйланд явдаг байлаа. Тэр жил цөөн хэдэн оюутан шалгаруулж Герман руу явуулсан юм. Засгийн газрын тогтоол гарч, ажилчин, малчдын хүүхдүүдийг гадаадад өргөн хүрээтэй сургах боломж нээгдсэн үе л дээ.

Берлиний Гумбольдтын их сургууль төгсөн, хүнсний инженер-технологчийн мэргэжил эзэмшиж ирээд, Улаанбаатарын Мах консервын комбинатад амжилттай ажилласан. Нутагтаа жилд дор хаяж хоёр удаа очно шүү. Төрсөн буурин дээрээ очиж хөрвөөдөг. Өсөж төрсөн, тоглож өссөн нутагтаа очиж өтөг бууцыг нь үнэртэх гэж боломж л гарвал тийш зүглэдэг.

Зуны цагт майхнаа бариад аав, ээжийнхээ гэрийн буурин дээр буудалладаг. Энэ үед олон сайхан дурсамж сэргэж, байгалиас энерги авч, сэтгэл өөрийн эрхгүй сэргэдэг дээ.

-Ярилцлагынхаа төгсгөлд танаас хамгийн эхэнд асууна гэж бодож байсан зүйлээ асууя.

Саяхан зохион байгуулсан ХБНГУ-д их, дээд сургууль, коллеж төгсөгчид, тэнд ажиллаж байсан хүмүүсийн чуулга уулзалт тань амжилттай болсон уу?

-Манай улс 1926 оноос хойш Германд боловсон хүчнээ бэлтгэсэн байдаг. Тэр үеийн төр, засгийн удирдлагууд ямар агуу сэтгэж байсан нь түүхийн баримт бичгийг сөхөхөд тодорхой харагддаг юм. Герман улс 1000 хүн тутамд ногдох бичиг үсэгтнийхээ тоогоор тухайн үед дэлхийд тэргүүлдэг байсан юм билээ. Тиймээс Герман руу анх 30-аад хүүхэд явуулсан байгаа юм. Тэр хүүхдүүд эхлээд морин тэргээр нутгаасаа гарч 39 хоног явж Германд хүрсэн байдаг.

Сонирхолтой нь нийгмийн янз бүрийн давхаргын хүүхдүүдийг явуулсан. Арван хэдхэн настай хүүхдүүд тэнд гурав дахь жилдээ суралцаж байтал 1929 онд ЗХУ-аас барууны, хөрөнгөтний ертөнцөд хүн сургаж болохгүй гэсэн шахалт үзүүлснээр тэднийг буцааж татсан байдаг. Гуравхан жил сурсан ч тэр хүүхдүүд тухайн үеийн соён гэгээрүүлэгч, үйлдвэрийн манлайлагчид, шинэчлэгчид болсон. Тэдний дунд алдарт Д.Нацагдорж, Д.Намдаг, Н.Наваан-Юндэн, Н.Намхайцэрэн, Д.Пагмадулам нараас авахуулаад анхны инженерүүд бий.

Түүнээс хойш 1956 онд манай улс Германд сургахаар оюутнуудаа дахин явуулж, өдий хүртэл тасралтгүй боловсон хүчин бэлтгэж байна. Мэргэжил эзэмшсэн, дээшлүүлсэн, дадлага хийлгэсэн гээд тооцвол нийт 35 мянга орчим хүн байдаг. 30 хүрэхгүй хүн хүрч ирээд Монгол Улсын хөгжилд их хувь нэмэр оруулж, амь амьдралаа зориулан, Германд сургууль төгссөнийхөө төлөө хэлмэгдсэн байхад бид яагаад өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй үед нэгдэж, нягтарч эх орныхоо хөгжилд түүчээлж болдоггүй юм бэ.

Ирсэн төлөөлөгчдийн хамгийн ахмад нь 1956 онд Германд суралцахаар явсан, өдгөө 83 настай сайхан хөгшин германаар мундаг ярих жишээтэй. 1960 оны төгсөгчдийн төлөөлөгч Ч.Галсан гуай сайхан үг хэлсэн. “Ажил хийвэл сайхан амьдардаг” гэсэн герман сэтгэлгээ Германд төгсөгчдөд байдаг учраас тэднийгээ нийгэмдээ манлайлахыг уриалан дуудсан. Тэнд очсон хүмүүсийг харахад муу амьдарч байгаа нь ховорхон. Герман соёл, ахуйгаас суралцаж чадсан учраас наад зах нь гэр орноо, компаниа аятайхан аваад явчихдаг хүмүүс. Мэргэжилдээ ч сайн.

Дэлхийн хамгийн хариуцлага өндөртэй улсад суралцсан, ажилласан хүмүүс бид төр, нийгмийнхээ асуудалд хамтаараа, үлгэр жишээ үзүүлье гэж “Ажилсаг Монгол-Хөгжлийн үндэс” уриан дор чуулган зохион байгуулсан. Уг чуулганаар Германд төгсөгчид бид улс орноо хөгжүүлэхэд хэрхэн хувь нэмрээ оруулах вэ, эдийн засгийн хүндрэлтэй үед яаж эх орондоо дэм болох вэ гээд нээлттэй сайхан ярилцаж, уриалга гаргасан. Жил жилийн төгсөгчдийн төлөөлөл болсон хүмүүс өөрсдийнхөө сэтгэл бодлыг ярьж, идэвхтэй оролцсон. Бидний санаачилга илүү өргөжиж, ард түмэн маань ч дэмжих байх.

Монгол-Германы хөгжлийн хамтын ажиллагааны 25 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор ирсэн Ханс-Йоахим Фухтел тэргүүтэй Германы төр засаг, бизнесийн 30 гаруй төлөөлөл манай чуулганд оролцож, цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлсэн нь уг арга хэмжээг чимсэн.

Эцэст нь хэлэхэд, Монгол Улсын өнөөгийн байдал амаргүй байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Үүнийг даван туулахын тулд дан гадаадын зээл, тусламж харалгүй, иргэн бүр, байгууллага, төрийн албан тушаалтан бүхэн хариуцлагатай, дэг журамтай байж “Ажилсаг Монгол” гэх уриан дор нэгдэж ажиллахыг хүсэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)