Д.Трамп, Ким Жөн Уны уулзалтад БНСУ-ын ерөнхийлөгч оролцож магадгүй

Дэлхий нийтийн анхаарлын төвд буй АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт товлосон өдөр, тогтсон цагтаа болох шатандаа нэгэнт оржээ. Учир нь өмнөх түвшний яриа хэлэлцээрүүд өдгөө илүү гүнзгий түвшинд шилжээд байна. АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Хизер Науэрийн мэдэгдсэнээр хоёр орны төлөөлөгчид БНСУ, БНАСАУ-ын хил дээрх цэрэггүй бүс Пан Мун Жод уулзан, төрийн тэргүүнүүдийнхээ уулзалтын талаар хэлэлцэж байна. Америкийн ерөнхийлөгч Twitter хуудсаараа дамжуулан өчигдөр энэ мэдээллийг бататгалаа. Түүнчлэн тэрбээр “Хойд Солонгос улс төр, эдийн засгийн агуу улс болно гэдэгт итгэж байна. Ким Жөн Ун ч надтай санал нэг байгаа” хэмээн жиргэв. Эндээс харахад, хоёр орны тэргүүний байр суурь харилцан ойлголцлын түвшинд хүрсэн бөгөөд зургадугаар сарын 12-нд Сингапурт болох нь тодорхой болжээ гэсэн дүгнэлтийн олон улсын улс төрийн шинжээчид үзэж байна.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар өнгөрөгч бямба гаригт цэрэггүй бүсэд дахин уулзсан нь шинжээчдийг ингэж дүгнэх бас нэг үндэслэл болж байна. Мүн Жэ Ин энэхүү гэнэтийн уулзалтын дараагаар мэдээлэл хийхдээ “Хойд Солонгосын тал Америкийн ерөнхийлөгч Доналд Трамптай хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн” хэмээн мэдэгдэв. Түүнчлэн хоёр орон зургадугаар сарын 1-нд дээд хэмжээний уулзалт хийхээр болсныг Умард Солонгосын Төв телеграфын агентлаг мэдээллээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр БНСУ-ын ерөнхийлөгч АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтад оролцож магадгүй байна. Тодорхой эх сурвалжид тулгаарлан “Ренхан” агентлагийн уламжилсанаар “Хэрэв Вашингтон, Пхеньян тохиролцоонд хүрч чадвал Мүн Жэ Ин тэдэнтэй нэгдэж магадгүй юм” хэмээн тус эх сурвалж уламжилжээ.

Тус уулзалтаас хоёр хоногийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Ким Жөн Унтай хийх уулзалтыг цуцалсан талаар мэдэгдээд байсан билээ. Тэрбээр мэдэгдэлдээ “Бидний уулзалт болно гэдэгт би ихэд найдаж байлаа. Харамсалтай нь, таны хийсэн сүүлийн мэдэгдлээс үүдэн, төлөвлөж байсан уулзалтаасаа татгалзах нь зүйтэй гэж би үзлээ” хэмээн тэмдэглэсэн юм. Үүний хариуд БНАСАУ-ын тал “Өөртөө итгэх итгэл, сэтгэл дутсанаас АНУ-ын төрийн тэргүүн ийм шийдвэрийг гаргалаа. Ерөнхийлөгч Трамп уулзалтыг цуцлахад нөлөөлсөн гэх шалтгааныг дурдсан нь өөрийн үйлдлийг далдлах гэсэн арга” хэмээн мэдэгдсэн билээ. Гэтэл үүнээс нэг хоногийн дараа “Хоёр талын хэлэлцээрийг сэргээхээр шийдвэрлэлээ. Хэлэлцээр ямар үр дүнд хүрэхийг харцгаая” хэмээн Д.Трамп мэдээлсэнээр дэлхий нийтийн сонор хоёр тэргүүний уулзалтад дахин төвлөрлөө. Умард Солонгосын зүгээс ч хариу мэдэгдэл гарч, БНАСАУ-ын Гадаад явдлын яамны сайдын орлогч Ким Ге Гван “Солонгосын хойгт энх тайванг тогтоож, тогтвортой байдлыг бий болгохын тулд ямар ч үед хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн” байгаагаа уламжилсан. Хоёр улсын тэргүүний уулзалтаас Пхеньян татгалзаж магадгүй гэсэн мэдэгдлийг ноён Ким Ге Гван тавдугаар сарын 16-нд хийсэн хийж байв. Тэрбээр мэдэгдэлдээ “БНАСАУ-ыг буланд шахах зорилго агуулсан хэлэлцээрт оролцох сонирхол бидэнд байхгүй” хэмээн онцолж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)