Д.Сүрэнжав: Бохирын төвлөрсөн шугаман дээр барилга барьж байна

Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны иргэд тус хороонд хууль зөрчин барилга барьж буй компанийн үйл ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Барилга хоорондын зай 15-40 метр байх нормтой байхад уг барилга долоон метр зайд баригдаж байгаа гэнэ. Энэ нь 32 айлыг нар салхи үзэх эрхгүй болгоод байгаа юм. 

12-Б байрны оршин суугч Д.Сүрэнжав хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ “Цонхоо нээн, нар үзэх эрхээ эдэлж чадахгүйд хүрч байгаа олон оршин суугчдын төлөөлөл болон би ирсэн юм.  Денверийн 12-А байрны зүүн талд баригдаж буй барилга нь бохирын төвлөрсөн шугамын дээр байрлаж байгаа. Хэрэв бохирын шугам задарвал асуудал үүснэ. Мөн тэд барилга хоорондын зайны стандартыг зөрчиж байна. Бид анхааруулсан боловч хүлээж авсангүй. Эрх мэдэлтнүүд эдгээр асуудлыг тооцож үзэлгүй барилгын зөвшөөрөл олголоо.  Хотын захирагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөл захиргааны хэргийн шүүхээс гомдлоо үндэслэлгүй татан авч, барилгын компаний талд орсон. XI Нийслэлийн хурлын дарга С.Амарсайхан, хотын захирагч Су.Батболд хууль бус зөвшөөрөл олгосон ажилчиддаа хариуцлага тооцохыг анхааруулж байна. Нийслэлээс "Аз жаргалтай Улаанбаатар" гээд л зарлаад байх юм. Бид нар аз жаргалгүй байна” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)