Д.Сандагдорж: Зурж байхдаа солиорчихсон мэт болдог

Дүрслэх урлагийн нэлээд олон төрөлд өөрийгөө сорьж буй залуу уран бүтээлч Д.Сандагдоржийг танилцуулахыг хүслээ. 2004 онд СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг Г.Лхагвасүрэн багшийнхаа удирдлага дор төгссөн тэрбээр өдгөө уран зураг зурахын хажуугаар дэлгэцийн уран бүтээлд зураачаар ажиллаж, кино урлагт зүтгэж буй.

-2004 оноос хойш ямар онцлогтой, хэчнээн үзэсгэлэн дэлгэж амжив?

-Хамтарсан үзэсгэлэн, уралдаанд идэвхтэй оролцдог. Бие даасан анхны үзэсгэлэнгээ “Урлахуй” нэртэйгээр 2013 онд “Бльюмүүн” арт галерейд гаргаж, цөөн хэдэн бүтээлээ дэлгэж байлаа.

Дараа нь 2015 онд бие даасан хоёр дахь үзэсгэлэнгээ 2015 онд “Таалахуй” нэртэйгээр “Цагаан Дариум” арт галерейд гаргасан. Энэ онд гурав дахь үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөсөн.

-Шинэ үзэсгэлэндээ дэлгэх бүтээлүүдээ урлаж эхэлсэн үү. Өмнөхөөс ямар онцлогтой байх бол?

-Би эхний үзэсгэлэндээ зөвхөн цэцэгсийн зургаар дагнасан бүтээлүүдээ дэлгэж байлаа. Яагаад ч юм цэцгийг зөвхөн эмэгтэй зураач л зурж чаддаг юм шиг буруу ойлголт байдаг шүү дээ. Би үүнд үгүй гэж хэлэхийг хүссэн. Харин ч эрэгтэй хүн илүү мэдрэмжтэй, гоо сайхныг үнэлэх үнэлэмж нь арай өөр байдаг гэдгийг харуулахыг хичээсэн.

Дараагийн үзэсгэлэндээ уран зургийн бүх төрлөөр туурвисан бүтээлүүдээ үзүүлсэн. Би ганцхан хөрөг зурдаг хүн биш, надаас модерн, абсурд бүтээл төрнө, сэдэвт баригдахгүй гэдгээ харуулсан юм. Удахгүй гаргах үзэсгэлэндээ нэг сэдвээр дагнасан бүтээлүүдээ дэлгэнэ.

-Та бүтээлийн санаа, зохиомжоо хэрхэн олдог вэ?

-Байнга л сараачиж, гараа хөдөлгөж байдаг болохоор санаа, зохиомж тасрахгүй. Их жижигхэн, энгийн зүйлээс л бүтээлийн санаа төрдөг.

-Ямар орчинд зурах дуртай вэ?

-Ямар ч нөхцөлд зурж болно. Гэхдээ урландаа зурах нь илүү тухтай.

-Зураач бүрт чамгүй хугацаа зарцуулж бүтээсэн, эсвэл огт дуусгаж чаддаггүй бүтээл байдаг юм билээ. Таны ямар бүтээл хамгийн урт хугацаанд бүтсэн бэ?

-Гурван жил шахам нухаж байж дуусгасан бүтээл бий. “Эзэн Чингисийн өлгий хөх толбот Монгол мину” нэртэй.

-Бүтээлээ зурж дуусгачихаад харахад ямар мэдрэмж төрдөг вэ?

-Зургаа зурж байхдаа солиорчихсон мэт л болдог. Харин зурж дуусахад нэг л сонин мэдрэмж төрдөг. Зарим тохиолдолд нэг зургаа зурж дуусгах үед өөр бүтээлийн санаа, сэжүүр гарч ирдэг.

-Бүтээл бүртээ заавал ашигладаг, дуртай өнгө тань юу вэ?

-Миний бараг ихэнх бүтээлд ягаан өнгө орсон байдаг шүү. Албаар биш, нэг л мэдэхэд ашиглачихсан байдаг.

-Таны бүтээлүүдийг уран зураг цуглуулагч нар хэр сонирхдог вэ. Та бүтээлээ худалддаг уу?

-Үнэхээр сонирхсон хүмүүст л худалддаг. Уран зураг үнэхээр сонирхдог, миний бүтээлийг таашааж буй хүмүүс андашгүй харагддаг юм.

-Хэнд ч, хэзээ ч худалдахгүй, нандин бүтээл танд бий юү?

-Хэзээ ч зарахгүй гэж боддог хайртай зургууд бий. Одоо урланд минь байдаг.

-Хэзээнээс кино урлаг руу “халтирав”?

-2009 оноос кино урлагийг сонирхож, энэ чиглэлийн уран бүтээлд ажиллаж эхэлсэн. Найз нөхдөдөө л уруу татагдсан даа. Ингээд анх “Муушгийг заавал таван гар тоглох албагүй” инээдмийн кинонд зураачаар ажилласан.

Кино зургийг Төв аймагт авч байлаа. Таван айлын гэр, байшинг шинээр барьж байв. Тэгэхэд л кино урлаг гэдэг ийм амаргүй ажил шүү гэдгийг мэдэрсэн дээ. Түүнээс хойш “Гурван найз: Яасан байх нь уу”, “Барьцаа 007” гэхчлэн кинонд ажиллалаа.

-Голдуу инээдмийн киноны зураачаар ажилласан байх нь ээ.

-Заавал тэгж сонгоод байгаа юм биш ээ. Цаанаасаа л тэгж таараад байгаа юм. Кинонд ажиллах завтай үед санал ирвэл л ажилладаг. Тохироо нь тэгж бүрдэж байгаа байх.

Уг нь монгол ахуй, уламжлал харуулсан кино их сонирхолтой санагддаг. Ялангуяа түүхэн кинонд ажиллах нь судалгаа хийж, мэдлэгээ тэлэх боломж олгодог юм.

-Гэхдээ уран зөгнөлт, үлгэрийн кино нь зураачдын ур чадварыг илүү тод харуулах юм биш үү?

-Тийм шүү. Би өөрөө ч энэ төрлийн кино үзэх дуртай. Харамсалтай нь, манайд хийхгүй байна.

-Кинонд зураачаар ажиллахын хажуугаар туслах дүрд бас тоглочихдог юм билээ.

-2012 онд Монгол, Японы хамтарсан “Ганцхан хором” уран сайхнны кинонд тоглох завшаан олдсон юм. Бейсболын тухай кино л доо.

-Уран зургийн санаа олж, зохиомжилж зурах, бүхэл бүтэн киноны үйл явдлыг тодруулж ажиллах хоёрт асар их ялгаа бий байх. Хэрхэн хослуулж, цаг заваа тохируулдаг вэ?

-Зураач хүн урландаа хаан шиг л байдаг шүү дээ. Юу хийхийг хүсэж, юунд тэмүүлж байгаагаа хэнээс ч үл хамааран уран бүтээлээрээ илэрхийлдэг. Харин кино бол багийн, хамт олны бүтээл. Дан ганц өөрийнхөө хүссэнийг хийх эрхгүй. Бусдын үзэл бодол, цаг зав, боломжид хязгаарлагддаг.

Тиймээс нэг нь хавтгай дээр ганцаараа бүтээх, нөгөөх нь асар олон хүнтэй хамтарч дэлгэцэнд бүтээж буйгаараа ялгаатай.. Ажиллагааны хувьд өөр ч, ажлаа дууссаны дараа авах мэдрэмж нь адил. Асар их ялгаатай хэдий ч хослуулан ажиллахад их сонирхолтой.

-Ингэж хослуулж ажилладаг зураач цөөхөн юм билээ.

-Аль болох л аль нэгийг нь орхигдуулахгүй байхыг хичээдэг. Харамсалтай нь, кинонд ажиллах үед өөрийн эрхгүй уран бүтээлээ цалгардуулахаас аргагүй болдог. Киноны зургаа авах гэж өчнөөн хоног, сараар хөдөө явна.

Тэр үед тухтай суугаад зургаа зурах зав гарахгүй шүү дээ. Тэр үед урлангаа, будагны үнэрийг ямар их санадаг гэж санана.

-Киноны зураачид нэгдэн “Movie art” холбоо байгуулсан байна лээ. Та энэ холбоонд харьяалагддаг уу?

-Үгүй ээ. Би Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач. Өөр байгууллага, холбоонд харьяалагдах хүсэлгүй.

-Кино зохиолын дүрүүд дэлгэцэнд амилахад зураачийн үүрэг асар их. Дүрийн зан чанар, онцлогийг тодорхойлж зурах, чимэх хэцүү юү?

-Сонирхолтой шүү. Тухайн дүрийг ямар хүн байлгах вэ, юу өмсүүлэх вэ гэж онцлогийг тодорхойлох нь зураачийн ажил. Огт байхгүй зүйлийг бий болгох, павильон, декораци барих, эскиз гаргах гээд нүсэр ажиллагаатай хэдий ч их сонирхолтой.

-Кино бүтээх явцад зураачдад тулгардаг хамгийн том бэрхшээл юу вэ?

-Санхүүгийн асуудал. Зураач кинонд хэрэглэх жижиг хэрэглэл, тайз декораци гээд зохиолд дурдагдсан, зураг авахад хэрэглэх бүхий л зүйлийг зурж дүрслэн, төсвөө гаргадаг. Гэтэл төсвийг нь таначихдаг.

Маш бага зардлаар хүссэн зүйлээ хийхийг биднээс шаарддаг. Энэ тохиолдолд их хэцүү.

-Киноны зураач нар “хог” цуглуулах хообийтой болчихдог юм билээ. Гэрээ музей шиг тохижуулсан зураач олон. Та ч гэсэн кино, жүжгийн жижиг хэрэглэл, хуучны эдлэл цуглуулдаг уу?

-Киноны зураач бүрийн хообий. Хаа ч явсан илүү дутуу хог цуглуулна. Айлд ороод хуучны тавилга, эд хогшлыг нь гүйлгээд харчихдаг өлөн нүдтэй болчихдог. Тэнд нь ийм, энд нь тийм зүйл байсан гээд нүдэлчихдэг. Гэхдээ би одоохондоо цуглуулгатай болж амжаагүй л байна.

-Сүүлийн үед киноны төсөв хэмнэх нэрээр зураач ажиллуулахгүй байх тохиолдол ч гарч байна. Мөн киноны зураг авах өнцөг, үйлдэл бүрийг нэг бүрчлэн зурдаг storyboard буюу төлөвлөгөөт зураг гаргахаа ч больж.

-Тийм зүйл сонсогддог л юм. Залхуурч л байгаа хэрэг байх. Уг нь storyboard нь найруулагч, зураглаач нарт юу хүсэж, яаж ажиллах гэж буйгаа ойлгуулахад илүү дөхөм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)