Д.Оюунхорол: "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр" 2025 он хүртэл хэрэгжинэ

“Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” батлагдсантай холбогдуулан өнөөдөр Байгаль орчин,аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан нар Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.

Сүүлийн жилүүдэд хотын төлөвлөлтгүй тэлэлт, үйлдвэржилт, техник, технологийн хоцрогдол зэрэг хүний үйл ажиллагааны нөлөөгөөр агаар, хөрс, ус бохирдож, хүний амьдрах орчин, эрүүл мэндэд маш хортойгоор нөлөөлжүндэсний хэмжээний тулгамдсан асуудал болоод байна.

Тухайлбал, өвлийн улиралд Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, нийт ажиглалтын 50 гаруй хувьд Монгол Улсын агаарын чанарын стандартаас давсан бохирдолтой байна. Улаанбаатар хотын гэр хорооллын 190 гаруй мянган өрхийн ариун цэврийн байгууламжийн 80% нь доторлогоогүй, стандартад нийцэхгүй байгаа нь ус, хөрсний бохирдлын гол эх үүсвэр, халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл. Улсын хэмжээнд байгаа 130 гаруй цэвэрлэх байгууламжийн талаас илүүгийнх нь үйл ажиллагаа доголдсон, эвдрэлтэй байгаагаас жилд 120 сая  шоометр бохир усыг байгальд хаягдаж, Туул, Хараа, Орхон, Хангал зэрэг голыг бохирдуулж байна. Иймээс “Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөр”-ийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар батлуулсан байна.

Хөтөлбөрийн хүрээнд хот төлөвлөлтийг боловсронгуй болгож, дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, орон нутгийг хөгжүүлж төвлөрлийг сааруулах замаарагаар, орчны бохирдлыг бууруулах  60 үйл ажиллагааг 5 зорилтын хүрээнд 2017-2019 болон 2019-2025 онуудад 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.

Мөн агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог дэмжихийн зэрэгцээ үүрэг, хариуцлагыг ухамсарлуулж, хуулийн хэрэгжилтийг  чангатгах  чиглэлээр тодорхой ажлыг тусгажээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр байгальд ээлтэй инженерийн дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг сайжруулж, бохирдуулагч эх үүсвэрийг 80 хувиар багасган, дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг нийслэлд бүрэн хориглож, агаар, орчны бохирдлыг 50-иас доошгүй хувь бууруулах боломжтой юм.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 9.9 их наяд төгрөгийг улсын болон орон нутгийн төсөв, агаарын бохирдлын төлбөрийн орлого, ус бохирдуулсны төлбөрийн орлого, олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргана.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)