Дотуур байрны оюунлаг оюутнууд

Жижигхэн хэрнээ тохитой, цөөхөн ч гэсэн чанартай номтой цомхон номын сан АШУҮИС-ийн Оюутны I дотуур байранд бий. Тус сургуулийн оюутан Н.Цогтсайхан, Б.Урантөгөлдөр, М.Баярмагнай нар хоёр жилийн өмнө дотуур байраа номын сантай болгох санаачилга гаргажээ. Тэдний санаачилгыг ажил хэрэг болгоход БСШУСЯ, Азийн хөгжлийн банк хамтран 2015 онд хэрэгжүүлсэн “Оюутнуудын санал санаачилгыг дэмжих төсөл” багагүй дэмжлэг үзүүлсэн байна. Дээрх хоёр байгууллага оюутнуудын бичсэн төслүүдээс нийт 117 төсөл шалгаруулж, санхүүгийн дэмжлэг олгожээ. Үүнээс дөрвийг өдгөө АШУҮИС-ийн оюутнууд хэрэгжүүлж буй юм билээ. Дотуур байранд номын сан байгуулах төслийг тухайн үед III дамжаанд суралцаж байсан Н.Цогтсайхан тэргүүтэй гурван оюутан хамтран бичиж, шалгаруулалтад оролцсон нь дээрх хоёр байгууллагын дэмжлэг авч, өдгөө бодит ажил болоод байна. 

“Дотуур байрны амьдралыг тэнд амьдарч байсан, амьдарч буй оюутнууд л мэднэ, ойлгоно” гэж төслийн багийн гишүүн, санаачлагч Б.Урантөгөлдөр хэлсэн бөгөөд тэрбээр оюутан болсон цагаасаа тус байранд амьдарч байгаа аж. Зөвхөн дотуур байрны оюутнуудад ч биш, их сургуульд суралцдаг олонх оюутанд ном олддоггүй гэнэ. Ялангуяа анагаах ухааны чиглэлийн номууд бүр ч дутагдалтай юм билээ. Хэдийгээр сургуулийнхаа номын санд хичээл хийх боломжтой ч ном хүрэлцдэггүй, ялангуяа I, II дамжааны оюутан ном олж авна гэдэг тэнгэрээс од шүүрэхтэй л адил гэнэ. “Энэ мэт хүндрэлтэй асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй ч өөрсдийнхөө адил оюутнуудад бага боловч туслахаар АШУҮИС-ийн Оюутны I дотуур байранд номын сан нээсэн” гэж төслийн багийнхан онцолсон. Уг байранд 300-400 оюутан амьдардгийн 50 хувь нь I, II дамжааныхан. Тэд “Дотуур байрны номын сан байгаагүй бол бид зарим сурах бичиг, шаардлагатай сургалтын материалаа худалдаж авахаас өөр аргагүй.

Нэг ном худалдаж авахад дунджаар 30-40 мянга, хамгийн өндөр нь 180 мянган төгрөгийн үнэтэй. Сургалтын өндөр төлбөрийнхөө хажуугаар энэ номуудыг худалдаж авах гэдэг оюутнуудад арай л ахадсан асуудал. Энэ мэтээр бидэнд тулгамддаг асуудлыг шийдвэрлэж, хэрэгтэй номнуудаа үнэ төлбөргүй ашиглах боломж олгосонд баярлалаа” гэж оюутнууд хэлсэн юм.

БСШУСЯ, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлсэн “Оюутнуудын санал санаачилгыг дэмжих төсөл”-өөс тэд гурван сая төгрөг авчээ. Энэ мөнгөөр дунжаар 40 ном авч болно. Харин номын тавиур, ширээ сандал зэрэг номын сангаа тохижуулахад төдийлөн хангалттай бус гэдэг нь мэдээж. Гэвч залуус шантралгүй зүтгэсээр номын сангаа бүрэн тохижуулж чаджээ. Төслийн дэмжлэгээс гадна багш нар нь ч тэдний хичээл зүтгэлийг үнэлж, цөөнгүй ном хандивласан байна. Мөн сургуулийнх нь захиргаанаас ширээ, сандал өгч, дотуур байрны нэг танхимыг номын сангийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгосон аж. Үүнээс гадна сургуулийнх нь төв номын сангаас олдоц муутай, үнэтэй, англи хэлээр хэвлэсэн ховор номноосоо хүртэл хандивласан гэнэ. Энэ бүхний дүнд тус номын сан өдгөө 5-8 сая төгрөгийн үнэ бүхий 397 номтой болжээ.

Тэдний байгуулсан номын сан нь номын болон уншлагын гэсэн хоёр танхимтай. Оюутнууд ихэвчлэн 04.00-08.00 цагт тэнд хичээлээ хийдэг аж. Сургуулийн оюутны зөвлөлийн, дотуур байранд амьдардаг гишүүд номын санг ажиллуулдаг бөгөөд байнга нээлттэй байлгаж чаддаггүй, ихэвчлэн орой хичээл тарсны дараа л ажиллуулдаг байсан нь нэлээд шүүмжлэлтэй тулгарсан гэнэ. Дотуур байранд амьдардаг оюутнууд “Номын санг өдрийн турш ажиллуулах шаардлагатай” гэсэн санал гаргах болсон аж. Гэвч тэд өөрсдөө ч адилхан оюутан тул хичээлдээ суух, давтах зэрэг олон шалтгаанаар өдөржин ажиллуулах боломжгүй. Гэсэн ч санал хүсэлтийг харгалзан үзэж, зөвхөн оройн цагаар нээлттэй байлгах бус, өглөөний 08.00-10.00 цагт ч ном олгохоор шийдвэрлэжээ. Өнгөрсөн хугацаанд 200 гаруй оюутан ном авч үйлчлүүлсэн нь бүртгэлийн дэвтрээс харагдсан.

Өндөр хөгжилтэй улсуудын томоохон сургуулийн оюутны дотуур байр номын сантай байдаг. Харин манайд ховор. “Номын сан битгий хэл, ая тухтай амьдрах ч боломжгүй” хэмээн дотуур байрны орчин нөхцөлийг шүүмжлэх хүн цөөнгүй. Тэгвэл Н.Цогтсайхан нар АШУҮИС- ийн Оюутны I дотуур байраа дэлхийн түвшинд хүргэхэд нэг алхам ойртуулаад буй нь энэ.

Номын сангаа цаашид хэрхэн өргөжүүлэх талаар төслийг санаачлагч Б.Урантөгөлдөрөөс тодруулахад “Дэлхийн олон орны их, дээд сургуулийн дотуур байранд манайх шиг номын сан байдгийг судалж мэдсэн. Тэдгээр номын сангууд сүүлийн жилүүдэд цахим номын булантай болох бодлоготой ажиллаж байна. Сандал ширээнийхээ тоогоор таблет байршуулсан, мөн цахим ном унших зориулалтын төхөөрөмж болох “Kindle”-тэй танхимтай. Бид эл жишгийг дагаж, 500 гаруй цахим номтой болоод буй. Хэдийгээр дотуур байранд минь интернэтийн сүлжээ байхгүй ч номын сандаа нэг компьютер байршуулж, түүндээ цахим номнуудаа суулгасан. Анагаахын мэргэжлийн номнууд цаг үеэ дагаж байнга шинэчлэгдэж байдаг. Тиймээс цаашид шинэ тутам гарч буй номыг цахим хэлбэрээр нь авч, оюутнуудад уншуулж байвал илүү өгөөжтэй гэж боддог” гэсэн юм. 

Багийн ахлагч Н.Цогтсайхан “Бидэнд шинэчлэл хийх санал, санаачилга цөөнгүй бий ч санхүүгийн хүндрэлтэй алхам тутамд тулгардаг. Тийм учраас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд номын сангаа дорвитой өргөжүүлж чадаагүй л байна. Манай сургууль удахгүй хотын төвөөс нүүж, шинэ кампустай болох гэж байгаа болохоор сургуулийн зүгээс одоохондоо номын санг өргөжүүлэхийг түр харзнаад буй. Тухайн үед бидэнтэй адил олон оюутан төсөл хэрэгжүүлэхээр мөнгө авсан зарим нь хөрөнгөө үр ашиггүй зарцуулсан гэдэг юм билээ. Тиймээс салбарын яамныхан төслүүдийг цаашид нэг их дэмжихгүй орхичих шиг боллоо. Зарим оюутан алдаа гаргасан боловч бидний хувьд бусдын итгэлийг алдалгүй, амжилттай ажиллаж яваа гэдгээ харуулах хүсэлтэй” хэмээлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)